Түр зуурын бухимдал юу ч биш, сайхан замтай л болно шүү дээ

Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт Монелийн гэгдэх шинэ зам тавигдаад удаагүй. Өмнө нь борооны усанд идэгдсэн энхэлдонхол сул шороон замаар хүн, машин зэрэгцэн хөлхдөг байв. Харин одоо тээврийн хэрэгслүүд хатуу хучилттай за-маар давхиж, явган зорчигч гэрэлтүүлэг бүхий замаар сэтгэл амар алхдаг боллоо. Нийслэлийн бүтээн байгуулалт гэрийн минь гадаа ирсэн нь энэ.

Хотынхоо хөгжлийн төлөө хүрз барьж зам тавилцсан мэргэжлийн байгууллагуудад талархлаа илэрхийлье. Мөн зам засварын ажлыг удирдан зохион байгуулж буй нийслэлийн удирдлагуудад талархаж байна. Иргэн би өөрийнхөө ирээдүйд итгэдэг шигээ Монголынхоо хөгжлийн ирээдүйд итгэдэг. Харин энэ итгэлийг нийслэлд өдрөөс өдөрт тэлж буй шинэхэн замууд бататгах аж.

Монгол Улсын хүн амын тал илүү хувь нь Улаанбаатар хотод амьдарч, нийт авто тээврийн хэрэгслийн 70 гаруй хувь нь хотын замаар зорчдог. Хүн, машины их урсгалыг нийслэлийн авто зам дийлэхгүйд хүрч, иргэд замын түгжрэлд цаг заваа үрэх байдал энгийн үзэгдэл болжээ. Тиймээс сүүлийн жилүүдэд нийслэл хот маань авто замдаа ихээхэн анхаарч эхэлсэн нь нүднээ илэрхий харагдах боллоо.

Зөвхөн нийслэл хотод энэ онд улс, нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалт, эргэн төлөгдөх нөхцөлтэй, гадаадын хөнгөлөлттэй зээл тусламж болон орон нутгийн өмчийн концессын жагсаалтад тусгагдсан 67 орчим тэрбум төгрөгөөр 73 км зам тавих ажил эхэлж, энэ онд багтаан 60 км авто замыг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Эндээс л хөгжлийн гараа эхэлнэ.

Нийслэлийн авто замын газраас энэ оныг “Хариуцлага, хяналтыг өндөржүүлж, авто замын барилга, засварын ажлын чанарыг дээшлүүлэх жил” болгон зарласан юм. Энэ ажлын хүрээнд нүднээ тусах олон ажил хийж байна. Залуучуудын өргөн чөлөө, Төрийн ордны баруун хойд уулзвараас зүүн хойд уулзвар хүртэлх 200 метр замын зорчих хэсгийг өргөтгөн хоёрхон хоногийн өмнө нээв.

Мөн Бага тойруугийн Анкарагийн гудамжны хэсэгт буюу Зоос гоёлын уулзвараас СУИС-ийн зүүн урд уулзвар хүртэлх замыг хүлээлгэн өглөө. Түүнчлэн Таван шарын төмөр замын фрезертэй уулзвараас Сонсголон хүртэлх зам, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн постоос “Говь” ХК-ийн урд уулзвар хүртэлх 1.1 км замын хучилтын ажил дуусчээ. Одоогоор Ажилчны гудамжны 3.5 км, X хорооллын уулзвараас Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх 1.2 км авто замын шинэчлэлийн ажлыг хийж байна.

Зам засвар, шинэчлэлийн ажлын үндэсний баяр наадмаас өмнө хийж дуусгахаар төлөвлөсөн ажлаас танилцуулбал, Таван шараас Тавдугаар авто баазын төмөр замын гарам хүртэлх 700 метр авто замын засвар ирэх сарын 7-нд, “ТЭЦ-4″-ийн урд талын 6.4 км авто замын өргөтгөл ирэх сарын 1-нд ашиглалтад орно. Маргаашаас Зоос гоёлын уулзвараас Байгалийн түүхийн музей хүртэлх 300 метр замыг засах агаад ирэх сарын 9-нд дуусгана.

Мөн Зоос гоёлын уулзвараас Цэцэг төв хүртэлх замыг өнөөдрийн 23.00 цагаас 14 хоногийн хугацаатай засч, өргөтгөхөөр болжээ. Ус цаг уурын хүрээлэнгийн уулзвараас Зоос гоёлын баруун урд уулзвар хүртэлх хэсгийн замын хөдөлгөөнийг ирэх даваа гаригийн өглөө нээнэ. Ийн шинэ замын бүтээн байгуулалт нийслэлд өрнөсөөр байна.

Хотод өрнөж буй зам засвар, шинэчлэлийн томоохон нь Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж буй “Нарны гүүр” билээ. Их тойруу болон Энгельсийн гудамжийг холбох эл гүүрэн зам баригдсанаар өдөртөө 70 гаруй мянган тээврийн хэрэгсэл зорчиж Энхтайваны хийгээд Гурвалжингийн гүүрний ачаалал 30 хувиар буурна гэсэн тооцоо гарчээ. Гуравхан жилийн өмнө нийслэлээс Их тойрууг битүү болгож, гүүрэн зам барина гэхэд нь би хувьдаа итгээгүй юм даг. Надтай адил үл итгэгчид өнөөдөр нийслэл хэрхэн хөгжиж байгааг бахархан харж байгаа гэдэгт харин эргэлзэхгүй байна.

“Нарны гүүр” төслийн нийт өртөг 3.8 тэрбум иен. Энэхүү төмөр зам дээгүүрх гүүрэн гарц манайдаа анхны томоохон бүтээн байгуулалт бөгөөд ирэх оны сүүлчээр ашиглалтад орох учиртай. Тус гүүрэн замын инженерийн зураг төсөл, газар доорх шугам сүлжээний ажлыг япончууд удирдан хийж байгаа. Өнөөдрийн байдлаар гүүрний 28 гадсан суурийг цутгаж дуусчээ. Гүүрэн зам 15 метрийн өргөнтэй, 262 метрийн урттай агаад дөрвөн эгнээ машин зорчихоор баригдах юм байна. “Нарны гүүр” төслийн дараа Гурвалжин, XIII хорооллын уулзвар болон “Нарантуул” захын урд гүүрэн гарц барихаар төлөвлөжээ.

Магадгүй гурван жилийн дараа нийслэл хот маань дэлхийн том хотуудын адил олон давхар гүүртэй, хот тойрсон хурдны замтай болохоор өнөөгийнх шиг их ажил өрнөх цаг ойрхон байна.
Нийслэлд хотод олон төсөл хэрэгжиж буй. 17.98 сая ам.долларын өртөгтэй “Хотын авто замыг сайжруулах” дэд төсөл ирэх оныг дуустал үргэлжилнэ.

Төслийн хүрээнд Баруун салааны 4.1 км авто зам, Авто замын трасст орсон холбоо, цахилгааны агаарын шугамыг 100 хувь шинэчилжээ. Замын дагуух далан, гүүр, ус зайлуулах хоолойнуудын ажил ч эхлээд байна. Мөн Орбит-Тахилтын 7.1 км авто зам, Сонсголонгийн гүүрэн гарцын ажил эхлэхэд бэлэн болжээ. Эдгээрээс гадна Улаанбаатарт “Бээжингийн гудамжны шинэчлэлт, тохижилт”-ын төслийг Ерөнхий сайдын айлчлалын үеэр олгосон БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 60 сая юаниар санхүүжүүлэхээр болсон. Ийнхүү энэ онд хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлуудын нэгдсэн төлөвлөгөө хэдийнэ гараад эхнээсээ хэрэгжиж байна.

Чингисийн өргөн чөлөөг Нарны замтай холбох 1.65 км, Цайз захаас Шархадны эцэс хүртэлх 3.7 км, 22-ын товчоо чиглэлийн 10.6 км, Таван шараас Толгойт, Орбит хүртэлх 2.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлт болон Дамбын замаас Сэлбэ голын зүүн эргээр Шадивлан хүртэлх зургаан км, Сансарын ШТС-аас Дамбадаржаа хүртэлх 6.7 км авто зам гээд нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтыг тоочиход олон хуудас болохоор байгаа нь сайхан.

Нийслэлд бүтээн байгуулалтын ажил өрнөж, үндэсний баяр наадмаараа энхэл донхолгүй өргөн тэгш замаар зорчих боллоо. Би ирээдүйн хөгжлийн итгэлийг авто зам авчирч байна гэж зүгээр ч нэг хэлээгүй ээ. Энэ жил Улаанбаатарт замын ажил эрт эхэлж, харьцангуй олон зам ашиглалтад ороод байгаа. Борооны ус зайлуулах шугам, инженерийн шугам сүлжээг сувагчлалд оруулах, гэрэлтүүлгийг чанарын өндөр төвшинд гүйцэтгэх гээд замын ажилд ахиц гарсан зүйл их.

Амьдралд мэдэгдэхүйц бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаад
нийслэлчүүд ч ам сайтай байна. Нийт авто замын шинэчлэлийн гүйцэтгэлийн талаар иргэдийн 85 хувь нь бүрэн хангалттай гэж үнэлжээ. Гэхдээ иргэд зам засвар эхэлснээр гэр, ажилдаа тойруу замаар хүрч байгаа нь үнэн. Зам барьж дуустал тэвчээртэй хүлээлье л дээ. Манай орны газар зүйн онцлогоос хамаарч зөвхөн зуны улиралд зам барилгын ажил гүйцэтгэх боломжтой.

Тэгэхээр бид зун бүр япончууд шиг ажиллах хэрэгтэй гэсэн үг. Учир нь япончууд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдардаг хэрнээ зам барилгыг уйгагүй барьж, улс хотоо гайхалтай тохижуулж байна. Тиймээс бидний ирээдүйн хөгжлийн баталгаа болсон зам барилгын ажилд өнөө, маргаашийн түр зуурын бухимдал, тойруу зам саад биш ээ.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр хотын зам засварын ажлын явц сайн байгааг онцлоод зарим жижиг асуудлуудаар бүтээн байгуулалтад садаа болохгүй байхыг анхааруулсан. Тэрбээр Гадаад харилцааны яамны баруун уулзварын өргөтгөх ажил хийгдэж, одоо троллейбусны дөрвөн шугамыг зайлуулах ажил үлдсэн ч хөрөнгө мөнгийг нь шийдчихээд байхад ажил хийгдэхгүй байгааг түргэтгэхийг үүрэг болгосон.

Энэ жил нийслэлд хийгдэж буй бүхий л замын ажилд шугам сүлжээний ажил давхар хийгдэж байгаа тул замынханд саад бэрхшээл тохиолдож л байгаа. Иймд газар чөлөөлөх, цахилгаан, холбооны шугам сүлжээний кабель шилжүүлэх зэрэг асуудлыг иргэд, аж ахуйн нэгжүүд түргэн шийдвэрлэж туслалцаа үзүүлбэл наанадаж бидний, цаанадаж улсын хөгжилд тустайг санууштай.

Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих