Орон нутагт эрүүл мэндийн ажилтан, эмч мэргэжилтний хомсдол үүсээд байна
Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд аймгуудын Нэгдсэн эмнэлэгт оношилгооны төв байгуулж, аймаг, сумын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр хөдөө, орон нутгийн иргэд орон нутагтаа өндөр техник технологийн аппарат, тоног төхөөрөмжөөр оношилгоо хийлгэх, эмчлүүлэх нөхцөл боломж сайжирсан нь хот зорин зардал гаргаж, чирэгдэл болох, иргэдийн эдийн засгийн болон сэтгэл зүйн дарамтыг бууруулсан ач холбогдолтой. Нөгөө талаасаа хотын эмнэлэг, төвүүдийн ачаалал тодорхой хэмжээгээр буурч байна гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцууллаа. Манай улсын нийт хүн амын 53 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын хөрөнгө оруулалтын багцын төсвөөс Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Увс, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь зэрэг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд Оношилгооны төв байгуулж, 20 гаруй нэр төрлийн аппарат, багаж тоног төхөөрөмжийг нийлүүлснээр энэ 3 сарын хугацаанд 85 мянга гаруй хүнд үйлчилжээ. Зөвхөн эдгээр 11 аймгаас Улаанбаатар хотыг зорьж оношилгоо, эмчилгээ хийлгэх иргэдийн урсгалыг 25 хувиар бууруулсан байна.
Гэсэн ч хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тулгамдаж буй гол асуудал нь хүний нөөц юм гэж сайд хэлж байна. Тухайлбал, хөдөө орон нутагт 10 мянган хүн ам тутамд ногдох их эмч 21,9, сувилагч 32,7 байхад Улаанбаатар хотод эмч 40,8, сувилагч 37,5 байгаа нь орон нутагт эрүүл мэндийн ажилтан, эмч мэргэжилтний хомсдол үүссэн байгааг харуулж байна гэж сайд танилцуулж байлаа.
Танилцуулгатай холбогдуулан яамд, орон нутгийн удирдлага хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, Хүн амын эрүүл мэндийн төлөөх түншлэлийн баримт бичигт тусгагдсан өөрийн салбарын ажлыг хэрэгжүүлэн хамтран ажиллахыг сайд, бүх шатны Засаг дарга нарт даалгажээ.
URL: