Б.Батзориг: Гэрч, хохирогчийг хамгаалах нь улсын нууцад ордог
Тахарын алба нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагчыг хуяглан хүргэх, шүүх дуудаад ирэхгүй байгаа яллагдагч, гэрч, хохирогч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжилж баривчлах үндсэн чиг үүрэгтэй юм байна. ШЕЗ- ийн байранд өчигдөр Тахарын алба хаагчдын тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа болов. Энэ үеэр Тахарын ерөнхий газрын бүтэц, алба хаагчдын орон тоо бүрдэж байгаа эсэх талаар Тахарын ерөнхий газрын дэд дарга Б.Батзоригоос тодрууллаа.
-Тахарын албаны тухай хуулийг нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Өнөөдөр алба хаагчид тангараг өргөж байна. Өнгөрсөн хугацаанд ямар ажлыг хийж гүйцэтгэсэн бэ?
- Тахарын үйл ажиллагааг үе шаттайгаар жигдрүүлэхийн төлөө хуулийг хэрэгжүүлж эхэлсэн үеэс эхэлж ажиллалаа. Шинээр баталсан хууль тогтоомжийн хүрээнд гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр дүрэм журмыг баталсан. Мөн тодорхой үе шаттайгаар хуулийн дагуу хувцас хэрэгслийг сонгон шалгаруулалтаар хийлгэсэн. Түүнчлэн Тахарын ерөнхий газрын туг бэлгэ тэмдэгтэй боллоо. Тэгэхээр өнөөдөр /өчигдөр/-өөс Тахарын алба бүрэн хүчин чадлаараа шүүхийн аюулгүй байдлыг хамгаалах өөрөөр хэлбэл, шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүх Монгол Улсын төрийн хамгаалалтад байна гэсэн чиг үүргийг бид тусгай албаны хувцастай, үнэмлэх тэмдэгтэй хэрэгжүүлж эхэллээ. Өмнө нь буюу хуулийг хэрэгжүүлж эхэлсэн хугацаанаас хойш тодорхой хэмжээгээр үүргээ гүйцэтгэж байсан. Өнөөдөр бол албан ёсоор тангараг өргөөд үнэмлэхээ гардаж авснаар хуульд заасан чиг үүргээ бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
-Тахарын албаны онцгой үүрэг нь гэрч хохирогчийг хамгаална гэж хуульд тусгасан. Тэгэхээр өнөөдрийг хүртэл хэчнээн хохирогчийг хамгаалж ажилласан бэ?
- Төрийн нууцын жагсаалыг батлах тухай хуульд энэ үйл ажиллагаа нууц гэж заасан учраас өнөөдөр болтол хэдэн хохирогч, гэрч хамгаалсан гэдгийг хэлэх боломжгүй.
-Сая цол олгох үйл ажиллагаа боллоо. Тахарын алба хаагчид хуулийн байгууллагад гурван жил ажилласан байх ёстой гэсэн шалгуур үзүүлэлт бий. Өөр ямар зүйл заалтаар цол олгож байна вэ?
-Тахарын албанд ажиллах алба хаагчдыг бусад хууль сахиулах байгууллагаас ялгаатай байхаар хуульчилсан. Батлан хамгаалах болон хууль сахиулах салбарт гурван жил ажиллаж байгаа 35 хүртэлх насны хүмүүсийг үндсэн чиг үүрэг гүйцэтгэгч албан хаагчаар авч байна. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу алба хаагчдыг сонгон шалгаруулсаар байна.
-Нийт хэдэн албан хаагчтай байхаар тусгасан бэ. Үүнээс өнөөдөр /өчигдөр/ хэдэн алба хаагч тангараг өргөв?
-Тангараг өргөх ёслол улс даяар нэгэн зэрэг өрнөж байгаа. Онлайнаар нийт найман тойрогт тангараг өргөж, үнэмлэх гардуулах үйл ажиллагаа боллоо. Төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэгч Тахарын алба ойролцоогоор 500 гаруй алба хаагчтай байхаар төлөвлөсөн . Нийт 800 гаруй алба хаагчдаас сонгон шалгаруулаад өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 160 алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байна. Наймдугаар сар дөнгөж гаргаад Дарханд алба хаагчийн сонгон шалгаруулалт хийнэ.
-Танайх Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтарч ажиллаж байгаа юу?
-Гэрээний дагуу Хүчир-хийллийн эсрэг үндэсний төвтэй хамтарч ажиллаж байна. Гэрч, хохирогчийг хамгаалж байна.
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: Монголын үнэн сонин
URL: