Л.Гансүх эхнийх нь, дараагийнх нь хэн бэ

d092772c150e5669bigЗасгийн газар өнөөдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хуралдаж буй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч Булган аймгийг зорихоосоо өмнө өчигдөрхөн Төв аймагт хоригдож буй ахлах зөвлөх Л.Гансүхийгээ эргээд явсан тухай мэдээллийг өнөөдрийн хэвлэлүүд онцолжээ.

АТГ бол хууль хэрэгжүүлдэг, хуулийн дагуу ажилладаг төрийн байгууллага. Мэдээж хэрэг тус газар Л.Гансүхийг хуулийн хүрээнд баривчилсан гэдэг нь хэнд ч тодорхой. Ийм байтал Ерөнхий сайд хууль бус үйлдлийг өмгөөлж, авлигын хэргээр баривчлагдсан туслахаа хамгаалсан мэдэгдэл гарган, хэнтэй ч юм хатуу тэмцэхээ илэрхийлж байгаа нь нэг л ойлгомжгүй санагдана.

Л.Гансүхийн баривчилгаа бол АТГ-аас Ерөнхий сайдад өгч буй зөвхөн сануулга төдий. Учир нь АТГ-д өдгөө ид шалгагдаж байгаа томоохон хэргүүдийн дийлэнх нь Н.Алтанхуягийн тойрон хүрээлэгчид, шадар туслах, ах дүү хамаатнуудтай нь холбоотой гэдгийг тус газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат нэгэнтээ цухуйлгаж байсан удаатай.

Тухайлбал, Цэвэр агаар сангийн авлигын хэрэгт бүх талаараа гүнзгий холбогдсон байх магадлалтай А.Саранзаяа гэгч эмэгтэй байна. Түүнийг Ерөнхий сайдын охин гэдгээр нь өдгөө хэн хүнгүй мэддэг болжээ. Цэвэр агаар сангийнхны хэрэг шалгагдаж байх үед А.Саранзаяагийн нэр огт дуулдаагүй шалтгааныг эх сурвалжууд “Ерөнхий сайд төрсөн охиноо тухайн үед албан тушаалынхаа нөлөөгөөр хамгаалж байсан. Хэрвээ энэ хэрэгт буруутгагдаж байгаа хүмүүс шүүх хурал дээр А.Саранзаяагийн талаар мэдүүлээгүй бол Ерөнхий сайдын охин “Цэвэр агаар” сангийн хэргээс цэвэрхэн мултрах байсан” гэж тайлбарласан байдаг.

Ерөнхий сайдтай хамааралтай өөр нэгэн хүн бол Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат. Түүнийг АТГ-аас олон улсын банк, санхүүгийн зах зээлээс босгосон “Чингис”, “Самурай” зэрэг бондын өндөр хүүтэй мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж, ард түмнийг өрийн дарамтад унагасан хэрэгт сэжигтнээр татан шалгаж буй. Улмаар мөрдөн байцаалтын явцад Н.Мөнхбат бондын мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан нь илэрч, хэрэг явдал даамжирвал АТГ-ын мөрдлөг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон Ерөнхий сайд Н.Алтанхуягаар ахлуулсан Бодлогын зөвлөл рүү чиглэх нь тодорхой.

Энэ мэтээр асуудлууд ар араас боссон тохиолдолд Н.Алтанхуягийн байр суурь гэрлийн хурдаар ганхаж Шинэчлэлийн Засгийн газар огцрох эрсдэлтэй юм. Магадгүй энэ нь АТГ болон АН доторх  зарим бүлэг, фракцуудын нууцхан хүсэл ч байж болох талтай. Тухайлбал, Засгийн газар огцорсон тохиодолд, З.Энхболдын толгойлсон “Шонхор”, МоАХ-тай эвлэлдэн нэгдэж “Алтангадас”-ынхныг Засгаас зайлуулах арга хэмжээ авах тухай бор шувуу хэдэн сарын өмнөөс нисэх болсон. Энэ тохиолдолд УИХ-ын дарга З.Энхболд шинээр байгуулагдсан засгийг тэргүүлж, дараагийн сонгуульд  намаа толгойлж орох яриа ч оргүй хоосон зүйл биш болох юм.

Б.Боргил

Мэдээний линк: http://politics.time.mn/content/47937.shtml


URL:

Сэтгэгдэл бичих