Ерөнхий сайдын талаархи АТГ-ын мэдэгдэл /бүрэн эхээрээ/
Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд Н.Алтанхуят өгсөн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа Лүймэдийн Гансүх нарт холбогдуулан 2014 оны 04 сарын 24-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт 2014250001748 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлсэн.
Мөрдөн байцаалтын шатанд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг өөрийн туслахаараа ажиллаж байсан Н.Даваахүү, Л.Эрдэнэбулган, Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийн охин Б.Мөнгөнтуяа, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллажбайсан М.Тулга, Ерөнхий сайдын охин А.Саранзаяа, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Төмөрбаатар нартай хамтран хувийн аж ахуйн нэгжүүд үүсгэн байгуулж ард иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх “Нүүрс” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоомжийг зөрчиж, өөрсдийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсын Төрийн өмчит компаниас 2012-2014 онд 279,000 тонн шигшиж, ангилсан чанартай нүүрсийг 1 тонныг нь 27,500 төгрөгөөр авч, ард иргэдэд 1 тонныг нь 80,000 төгрөгөөр худалдаж их хэмжээний ашиг олж, Төрийн өмчит компанид олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан.
Мөн дээрх албан тушаалтнуудын өөрсдийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүд нь “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ алдагдалтай ажилласан хэмээн Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор 854 сая төгрөг, Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төсвийн тусгай сангийн хөрөнгөнөөс Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хууль бусаар гаргуулан авч төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.
Дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлд заасны дагуу Л.Гансүх, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга, Хүнсний аюулгуй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Төмөрбаатар нарыг 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263,2, 150 дугаар зүйлийн 150.3, 1661 дүгээр зүйлийн 1661.2-т заасан хүнд, онц хүнд гэмт хэрэгт гэм буруутайд тооцон ял сонсгон, яллагдагчаар татаж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 671-1, 671-2, 671-3, 671-4 дүгээр захирамжууд гарч Л.Гансүхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд 2014 о.ны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягаас манай байгууллагын мөрдөн байцаагч, комиссар Д.Золжаргалд яллагдагч Л.Гансүхтэй уулзах талаар 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ-1/150 дугаар мэдэгдэл ирүүлснийг хүлээн авч, 2014 оны 07 сарын 31-ний өдрийн 175 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т заасан ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа тул Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан эрхийнхээ дагуу яллагдагч Л.Гансүхтэй уулзуулах боломжгүй” талаар мэдэгдсэн болно.
Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь тус газрын мөрдөн байцаагчийн гаргасан шийдвэрийг үл хүндэтгэн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй хамт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд очиж 2014 оны 07 сарын 31-ний өдөр яллагдагч Л.Гансүхтэй уулзлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дээрх үйлдэл болон 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гаргасан мэдэгдэл нь Сэжигтэн, яллагдагчийг баривчлах шийдвэрийг биелүүлэх тухай Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-дахь хэсэг, Хууль зүйн сайдын 2013 оны 04 дүгээр 03-ны өдрийн А/75 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Баривчлах, цагдан хорих байрны дотоод журам”-ын 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар “Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага юм.
Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн 2014250001748 дугаар хэрэгт Авлигын эсрэг хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
URL: