Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн 80 настай ээж тэрбумын орлого олдог байсан хэмээн мэдүүлжээ

20140731021314Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний хүү Г.Ганзул, Улсын төсөв, орлого, хяналтын газрын судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, татварын байцаагч О.Бямбасүрэн нарын хүмүүсийг хахууль авсан, улсын хөрөнгийг шамшигдуулсан, хууль бусаар хөрөнгөжсөн хэрэгт буруутган жил гаруй шалгасан. Мөрдөн байцаалтын явцад Ч.Гансүх болон түүний хамсаатнууд хөрөнгөө дандаа өөр хүний нэр дээр нуудаг аж. Тухайлбал, аав, ээж, ах, дүү хамаатан садан, нууц амрагийнхаа дансанд хуваан хуримтлуулж байсан хэмээн мэдэгдэж байлаа. Түүнийг “Голомт” банкны дансаараа 16 тэрбум төгрөгийг дамжуулсан. Нууц амраг болох байцаагч О.Бямбасүрэнгийн данс руу 6-7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн, хүү Г.Ганзулынхаа дансанд их хэмжээний мөнгө байршуулсан, Японд сурдаг эхнэрийнхээ данс руу их хэмжээний мөнгө шилжүүлдэг. Энэ хэрэгтээ аав, эгчийгээ татан оролцуулсан гэсэн мэдээлэл гарч байсан юм.

Энэ хэргийг шалгаж, Татварын Ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж басан Ч.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс 8 жилийн ял оноогоод байгаа. Хамгийн сонирхолтой нь шүүх хурлын үед Ч.Гансүхтэй холбогдох олон арван тэрбумын хэрэг замхарч, шүүгдэгч Ч.Гансүхийг хээл хахууль авахыг завдсан, хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсаны улмаас хүнд хор уршиг учирсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж яллаж, 100 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 8 жил чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял оногдуулаад байгаа.

Мөн түүнээс 2 тэрбум 845.309.193 төгрөгийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэр гарсан. Гэвч шүүхийн энэ шийдвэрийг түүний ээж Ц.Нямноржин эсэргүүцэж байгаа юм. Ч.Гансүхийн ээж өдгөө 80 гарсан энэ хөгшин өөрийгөө баян хятад хүний ганц охин. Бүх өв хөрөнгийг нь өвлөж авсан. Нөхөртэйгөө хамт бизнес хийдэг. Жилдээ тэрбум гаруй төгрөгийн орлоготой байсан хэмээн мэдэгдэж, бас л олон хүнийг гайхшруулаад байна. Ч.Гансүхийг шалгагдаж байх үед цагдаа нар очиж гэр орныг нь байнга нэгжиж, үр хүүхдүүдийг нь хоморголон хорьж, шалгаж байцааж байсанд ч тэрээр гомдолтой байгаа гэнэ.

 

Б.Мөсөн

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих