Кинонд тоглосон миссүүд

Кино ч их гарах юм, миссүүд ч олноороо тоглох юм. Заримдаа клип хийхдээ ч маруухан студи продакшнууд, үдэш бүр шоу тоглолт хийгээд их л ч завгүй харагддаг хошин урлагийнхан, тэр байтугай кино театрууд хүртэл өрсдөө ямар ч хамаагүй сэдвээр яаж ийж байгаад л киног хийгээд амжуулчих юм аа. Бүр улирлын шинж чанартай үйлдвэрлэж байна. За тэр яахав. Гэхдээ л кино бүхэн ямар ч жүжиглэх авьяасгүй хэн нэгэн мисс хүүхний оролцоотой бүтдэг болсон нь нэг л тийм итгэл үнэмшилгүй харагдаад байх юм. Холливуд ч юм уу, дэлхийн жишигт зөндөө л сайхан хүүхэн, мисс, моделиуд кино урлагийг байлдан дагуулж байгаа жишээ олон л доо. Гэхдээ манайхан бол арай л биш ээ.

“Татар ажиллагаа” кинонд топ модель Э.Одгэрэл захирлын нарийн бичгийн дүрийг бүтээх нь тийм чухал байсан юм уу, бүү мэд. Э.Одгэрэл хатагтай киноны дундуур  ердөө л “Тийм ээ захирал аа.., Мангар юм уу, болиоч ээ” гэсэн хэдхээн үг л хэлдэг. За тэгээд, загвар өмсөгч Б.Туяацэцэг, Э.Сэлэнгэ нар “Помогите нам-2” инээдмийн кинонд, топ модель Д.Пүрэвсүрэн “Гоёлын даашинз”, “Цасан охин”, “Боолын гэрээ”, “Амьдралын амт” гээд өчнөөн кинонд тус тус дүрээ мөнхөлжээ. Бас зөндөө олон загвар өмсөгч хүүхнүүд “Кинонд тоглохыг мөрөөддөг” гэж хэвлэлд ярьдаг юм байна лээ. Тэр мөрөөдөл нь ч захаасаа биелж, мисс С.Ариунбилэг  “Ховч” уран кинонд бас л дүр төрхөө үлдээжээ.

Кино урлагийг уг нь бүх урлагийн дотроос хамгийн агуу нь гэдэг. Гэхдээ тэр агуу урлагт жүжигчний наад захын мэдрэмж байхгүй, захын нэг мисс, моделиуд голчлон тоглоод байхаар арай л биш юм аа, найруулагчид аа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих