О.Сүнжидмаа: “Галзуу хулгана”-ын цахилгаан дамжуулагч гэмтэлтэй байсан
Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн “галзуу хулгана” тоглоом 16 хүний аминд хүрэх дөхсөн тухай мэдээлэл гарсан. Энэ дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус тоглоомын аюулгүй байдалд шалгалт хийсэн байна. Энэ талаар НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн улсын байцаагч О.Сүнжидмаагаас тодрууллаа.
- Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн галзуу хулгана тоглоомд шалгалт хийсэн гэсэн. Шалгалтаар ямар зөрчил илрүүлсэн бэ?
- Мэдээллийн дагуу “галзуу хулгана” тоглоомд шуурхай шалгалт хийсэн. Шалгалтаар техникийн хэд хэдэн зөрчил илрүүллээ. Тодруулбал, Үндэсний Соёл Амралтын хүрээлэн өдөр болон cap тутам тоглоомуудад үзлэг хийх ёстой. Гэтэл өдөр бүр үзлэг хийж хэвшээгүй байсан. Мөн үл буцаагч холбогч пүрш нь тасарсан. Хамгаалалтын 24 кв-аар ажилладаг цахилгаан дамжуулагчийн тусгаарлагч нь гэмтэлтэй байсан.
- Тоглоомын аюулгүй байдлыг хангах үзлэг хийдэггүй гэсэн үг үү?
- Үзлэг хийх нь хийдэг. Гэхдээ нэг бүрчлэн биш ерөнхийд нь тоймлож үздэг. Нэг үгээр хэлэхэд, тоног төхөөрөмжийг нь үзээд эд анги, схем таталын төвшин ямар байгааг үздэггүй гэсэн үг. Өдөр тутмын шалгалтын хүснэгтийн дагуу ажилладаггүй гэдгийг тогтоосон.
- Тоглоомын операторууд мэргэжлийн сургалтад хамрагдсан байдаг уу?
- Тус хүрээлэнгийнхэн ажилчдаа өөрсдөө аваад тоглоомыг хэрхэн ажиллуулах талаар зааж сургадаг. Түүнээс биш яг мэргэжлийн сургалтад хамруулдаггүй. Энэ чиглэлээр их, дээд сургууль төгссөн операторууд байхгүй. Гэлзуу хулгана тоглоомын операторын хувьд мэргэжлийн хүн биш байсан. Анхаарал болгоомжгүйгээс зогсоол дээрээ зогсохгүй хэтэрч зогссон. Тоормозоо цаг тухайд нь дараагүй. Тэгэхээр тус тоглоомын оператор хариуцлагагүй ажилласан.
- НМХГ-аас Үндэсний Соёл Амралтын хүрээлэн ХХК-д ямар хариуцлага тооцох вэ. Одоо галзуу хулгана тоглоом ажиллаж байгаа юу?
- Шалгалт албан ёсоор дуусаагүй. Одоогоор тус тоглоомыг зогсоосон. Жижиг гэмтлээ арилгах үүрэг өгсөн байгаа. Уг нь энэ тоглоомыг өнгөрсөн дөрөвдүгээр сард ашиглах боломжтой гээд Улсын комиссын актаар хүлээгээд авчихсан байсан. НМХГ-аас тус газрын бүх тоглоомонд удахгүй хяналт шалгалт хийхээр төлөвлөж байгаа.
С.Ичинхорлоо
Эх сурвалж:
URL: