АТГ НАЙР НААДМЫН ЦАГААР НАМРЫН УЛС ТӨРИЙГ ЭХЛҮҮЛЭВ ҮҮ

Л.ГансүхШинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн олон ажлын нэг нь “Нүүрс” хөтөлбөр байв. Өвөл болохоор л ченжүүдийн аманд багтаж, тор хүрэхгүй нүүрсийг өндөр үнээр худалдаж авдаг байсан жирийн иргэд энэ хөтөлбөрийн хүрээнд тор биш шуудай нүүрсийг зах зээлийн үнээс харьцангүй хямд өртгөөр тэгээд бас хашаандаа буулгуулж авдаг болсон. Үүнд иргэд, тэр дундаа хөгшчүүл тун ам сайтай байж ‘Төрийн минь буян” хэмээн залбирч байв. Гэвч тун удалгүй энэ хөтөлбөртэй холбоотой таагүй мэдээлэл гарсан нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг хоёр жил дараалан хэрэгжсэн энэ хөтөлбөрөөс мөнгө халаасласан байж магадгүй гэх яриа. Тэгвэл АТГ-ынхан олон сарын турш хүмүүсийн анхаарлыг татсан энэ дуулианыг нэг тийш болгохоор шийдсэн үү, эсвэл улс төрийн зорилго өвөртөлсөн үү ямартай ч өнгөрсөн мягмар гаригийн шөнө Л.Гансүхийг өөр гурван хүний хамт саатуулжээ. АТГ-ынхны түүнийг баривчилсан үндэслэл нь мань эрхэм дээрх хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө идсэн байж болзошгүй гэх хардлага бөгөөд “Шалгаж саатуулах шаардлага гарсан нь үнэн” гэсэн тайлбарыг албаны эрхэм өгсөн байна билээ.

Ингэснээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх өдгөө хүчний байгууллагын хараа хяналт дор торны цаана сууж байна. Харин гэнэт шуугиан тарьсан энэ дуулианыг улстөрчид, улс төрийн хүрээнийхэн бохир улс төр бүү байгаасаа хэмээж байгаа юм. Учир нь сүүлийн үед “Засгийн газрыг огцруулах гэж байна”, “Н.Алтанхуягийг унагах гэж байна” гэсэн мессеж хаанаас ч юм эрчимтэй гарч эхэлсэн бөгөөд магадгүй үүний эхлэл болгож зөвлөхийг нь гэнэт хорьсон байж магадгүй хэмээн хардаж байгаа юм билээ. Яагаад гэвэл зарим улстөрч хийгээд тэдний далбаан дор байдаг АТГ-ынханд Н.Алтанхуягийг унагах нууцхан хүсэл бий. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “Авлигатай тэмцэх газар, Ардын нам хоер намайг ажил хийлгэхгүй байна” хэмээн хэлснийх нь төлөө түүнийг энэ суудлаас буулгах сонирхолтой хүн нэг бус бий гэдэг. Иймээс л улс төрийн хүрээнийхэн Ерөнхий сайдын ахлах зөвлөхийг энэ хөтөлбөртэй ямар ч хамааралгүй гэм зэмгүй гурван залуугийн хамт гэнэт барьж хорьсон нь яах аргагүй анхаарал татаж байна гэцгээж буй юм билээ.

АТГ-ын хувьд нэг үе баялаг бүтээгчдээ хайр найргүй барьж хорьж, элдэв ял тулгасан нь үнэн. Харин энэ удаад улстөрчдөөр тэр дундаа Ерөнхий сайдын багийнхныг оролдож, энэ намрын улс төрийг эхлүүлж байгаа юм биш биз хэмээн олон нийтхардаж байна. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн ойр дотны хүмүусийг хэрэгт холбогдуулж, баривчлах замаар энэ намрын улс төрийг эхлүүлэв үү гэцгээж. Түүнчлэн энэ явдлын эргэн тойронд бас нэг яриа хөвөрч буй нь “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан учраас АТГ бодлого шийдвэр гаргасан байгууллагыг нь шалгах ёстой хэмээн зарим улстөрч баир сууриа илэрхийлж байна билээ.

 

 

Т.ТАМИР /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих