“Мобиком” харилцаа холбооны дэвшилт болж буй дугаар шилжүүлэх үйлчилгээгээр хэрэглэгчдээ боож эхэллээ
“Молиго” “Мобиком”-ын арга заль улам нарийссаар байна. Монголдоо хамгийн их хэрэглэгч, хамгийн том сүлжээтэй, хамгийн ууган байгууллага бол яахын аргагүй “Мобиком”. Гэтэл Монгол Улсын харилцаа холбооны салбарт гарч байгаа дэвшилт болгоныг чангааж, ганцаараа монополчлох гэж зүтгэсээр өдийг хүрлээ. Энэ мэт уг компанитай холбоотой олон асуудал гардаг ч шийдвэрлэдэггүй. Шийдвэрлэх чадварын эрх мэдэлтэн, аж ахуй нэгж ч байдаггүй мэт.
Саяхан Монгол Улсад үүрэн телефоны зах зээл үүсч хөгжсөний 15 жилийн ойг тохиолдуулан Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансар, БНСУ-ын Цахилгаан Холбооны Операторуудын Холбоо /KTOA/-ны орлогч дарга ноён Seol Jeong Seon нар vүрэн холбооны дугаар шилжүүлэх үйлчилгээ болон бусад үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт саяхан гарын үсэг зурсан.
Үүрэн холбооны дугаар шилжүүлэх үйлчилгээ /Mobile Number Portability/-г нэвтрүүлснээр хэрэглэгч аль нэг оператор компанийн бүртгэлээс гарч, өөр оператор компанид бүртгүүлэн, шинээр хэрэглэгч болох үедээ хуучин хэрэглэж байсан дугаараа шилжүүлэн хэрэглэх үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар судалгаа хийн харилцан туршлага солилцох зорилгоор БНСУ-ын холбооны байгууллагатай хамтран ажиллах талаар тохиролцоонд хүрсэн. Тэгвэл энэ ажил “Мобиком”-ын удирдлагуудад таалагдаагүй бололтой.
Учир нь хамгийн олон хэрэглэгчтэй, анхдагчид тооцогдох уг компаниас татгалзах хүсэлтэй ч он удаан жил барьсан дугаараасаа болоод уяагдаад байдаг иргэд цөөнгүй. Тэгвэл дээрх үйлчилгээ нэвтэрсэнээр иргэд “Мобиком”-ын дугаараа бусад операторуудад шилжүүлэх боломжтой болж байгаа юм. Тиймээс олон тооны хэрэглэгчдээ алдаж болзошгүй байдалд хүрсэн “Мобиком” энэ асуудлыг эсрэг өөрсдийн бусармаг ажиллагаагаа явуулж эхлэв.
Тодруулбал, “Мобиком”-ын зүгээс хөнгөлөлттэй үйлчилгээний тариф гаргаж түүнийг нь сонгосон хэрэглэгчдийг дугаараа шилжүүлэх боломжийг нь хааж эхэллээ. Өөрөөр хэлбэл, тэдний зүгээс гаргасан хөнгөлөлттэй үйлчилгээг сонгосон хэрэглэгчид дугаараа шилжүүлэх эрхээ хасуулах нөхцөл байдалтай юм.
Энэ нь иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд байна. Яагаад дэвшилтэт шийдлийг хүлээн зөвшөөрөхгүй, бусад операторуудтайгаа шударгаар өрсөлдөж чаддаггүй юм гэх иргэд ч цөөнгүй байгаа юм.
Ганцхан жишээ дурдахад, анх “Жимобайл”-ын хэрэглэгчдэд маш ашигтай шийдлээр гарч ирж байхад “Мобиком” эсэргүүцэж байсан түүхийг та бүхэн санаж байгаа байх. Ийн үнэгүй ярьдаг, хот хөдөөг холбосон “Жимобайл”-ыг эсэргүүцэж гарч ирсэн “Мобиком” анхнаасаа Монголын ард иргэдийг шулж 1 минут нь 250 төгрөгөөр ярихаар тариф тогтоож байсан цаг ч саяхан шүү дээ. Ийн өнөөг хүртэл хэрэглэгчдээ бус өөрсдийгөө бодсоор ирсэн “Мобиком”-ын хэрээс хэтэрсэн үйлдлийг дэвэргэж, дагалдсаар явах уу?
Тухайн үед 1 минут 250 төгрөгөөр яриулж байсан нь тэр үеийн такси, талхны үнэтэй дүйцэж очихоор. Гагцхүү Скайтел, Юнител гарч ирсэнээр нь “Мобиком”ы-н тарифыг буулгаж чадсан шүү дээ. Гэтэл энэ бүхэнд Монголын ард түмэн дуугүй суусаар ирсэн нь гадны хөрөнгө оруулалттай, гадныхны заавраар хөдөлдөг “Мобиком”-ыг ганцаараар монополчлогдох зам руу нь бүр хөтөллөө шүү дээ.
“Мобиком”-ын хааж боогоод байгаа дугаар шилжүүлэх үйлчилгээ нь цаашлаад оператор компаниудын үйлчилгээ, хэрэглэгчдэд давуу эрх өгөхөөр өрсөлдөх боломжийг олгож байгаа. Адаглаад оператор компаниуд анхдагч, монопол гэдгээрээ бус үйлчилгээгээрээ өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Гэтэл энэ байдлаас зайлсхийж байгаа нь Мобиком ерөөсөө л бусадтай үйлчилгээгээрээ өрсөлдөж чаддаггүйг харуулж байна. Өөрөөр хэлбэл, давуу байдлаа хадгалж үлдэх, анхдагч гэдэг зүйлдээ найдаж тэд бизнесийн хамгийн болхи чадваргүй бохир аргыг хэрэглэж байгаа нь эндээс тод харагдах юм.
Цаашид энэ компанийг зах зээлд иргэдийг шулж ашиг олдог байдлыг нь нухчин дарж, шударга бусаар өрсөлддөг зарчмыг нь болиулахыг төлөө ХХЗХ, ШӨХТГ гээд тэмцэх ёстой газрууд нь дорвитой ажил явуулах нь зүйтэй биз ээ.
Д.Дуулим
http://www.24tsag.mn/content/60810.shtml
URL: