224 сая долларын зээл авсан Улаанбаатар хотын удирдлага дахин ”Нийслэл” нэртэй 400 тэрбум төгрөгийн зээл авахаар хөөцөлдөж эхэллээ
Эдийн засаг хямраад иргэдийн амьдрал хүндрээд байдаг. Эрх баригчид амрангаа өр зээлээ нэмэхээр шуударч байгаа нь гайхал төрүүлэх болов. Өнгөрсөн хаваржин Монгол Улсын өрийн хэмжээ хязгаараа давсан гэж шуугисан. Олон улсын байгууллагууд ч анхааруулсан. Түүнийг тоож байгаа ч юм алга. Өр зээл авч л байвал болоо. Эргүүлж төлөх нь бидний асуудал биш гэж ханддаг улс төрчид нэмэгдэв.
Хамгийн сүүлд өнгөрсөн хавар нийслэл Улаанбаатар хот Азийн хөгжлийн банкнаас 224 сая долларыг “УБ хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр” нэрээр зээлж авсан. Бас нийслэлд “Чингис” бондоор асар их ажил хийж байгаа. Нийслэлийн удирдлагын шунал үүгээр дуусахгүй бололтой дахин зээл авахаар хөөцөлдөж эхэллээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Улаанбаатар хот “Нийслэл” нэртэй 400 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон байна. Одоогийн байдлаар бонд гаргах бүх бичиг баримтаа бэлэн болгочихжээ. Удахгүй нийслэлийн ИТХ-аараа хэлэлцүүлэхээр болсон байна. Уг зээлийн мөнгөөр Эмээлт, Аргалантын суурьшлын бүсийг байгуулах, Налайхад барилгын материалын үйлдвэр байгуулах, Багануурт парк барих зэрэгт зарцуулахаар урьдчилан төлөвлөсөн гэнэ. Гэхдээ мөнгийг эдгээр төслүүдэд зарцуулах уу үгүй юу гэдэгийг ИТХ шийдвэрлэнэ. Мэдээж АН-ынхан олонх учир хүчээр асуудлыг шийдвэрлэх магадлал өндөр.
Дээр нь МАН-ын НИТХ-ын төлөөлөгчид гэж “мануухай”-нууд байдаг. Өнгөрсөн хугацаанд нэг ч олигтой ажил хийгээгүй. Олонд танигдсан нэг ч хүн байхгүй. Хуучин мээр Г.Мөнхбаяр дуугаа хураагаад алга болчихсон. Тиймээс МАН-ын нэр хүндийг нийслэл дэх төлөөлөгчид нь баллахын зэрэгцээ Э.Бат-Үүлийн харцаар хөдөлдөг гэж ярих болоод удлаа. Хэрэв энэ их мөнгийг зээлж авч чадвал МАН ирэх 2016 онд нийслэлд бүх түвшиндээ ялна гэж зүүдлээд ч хэрэггүй болно. АН-ынхан “мөнгөн бороо” оруулна. Асуудал бараг л шийдэгдэж байна. Дээр нь МАН-ын үед нийслэлд томоохон ажил хийж байсан хүмүүс бүгд АН-д дагаар орцгоосон. Тэр ч бүү хэл МАН-ын нэрээр дүүрэг, нийслэлийн ИТХ-д сонгогдож байсан хүмүүс одоо АН-ын талд орчихсон, нийслэлийн газар хэлтэсийн дарга болчихсон салхи татуулан исгэрцгээж байна. Нөхцөл байдал МАН-д улам л ашиггүй болж эхлэв.
Улаанбаатар хотын “Нийслэл” нэртэй бонд буюу өрийг гаргахад нэг том асуудал тулгараад байгааг эх сурвалж тайлбарлав. Учир нь сүүлийн үед Монгол Улсын зээлжих зэрэглэл уначихсан. Ийм үед Улаанбаатар хотын “Нийслэл” бондыг худалдан авах хүн олдохгүй гэнэ. Хэрэв олдлоо ч гэсэн өндөр хүүгээр гаргах бололтой. Тухайлбал “Чингис” бондыг 5-6 хувийн хүүтэйгээр гаргаж байсан. Тэгвэл Монгол улсын нэр хүнд унасан, хямрал зэргээс шалтгаалан “Нийслэл” бондыг 12-13 хүүтэйгээр гаргахаас өөр аргагүй. Ийм өндөр хүүтэй зээл авна гэдэг улсад асар их эрсдэлтэй гэж учирлав. Энэ нөхцөл байдлыг нийслэлийн удирдлага хэрхэн тооцож байгаа нь тодорхойгүй юм. Ямар ч байсан өндөр хүүтэй ч хамаагүй зээл авах ёстой гэж яригдсан сураг гарлаа. Ийнхүү Улаанбаатарчууд амарч байх хойгуур хотынхон “Нийслэл” нэртэй бонд гаргахад бэлэн болгожээ.
Хэрэв Улаанбаатар хотын удирдлага 400 тэрбумын “Нийслэл” бондыг амжилттай гаргаж чадвал нийт өрийнх нь хэмжээ 800 орчим тэрбум төгрөг болно. Ингэснээр “Чингис” бондын гуравны нэгтэй тэнцэх хэмжээний өрийг Улаанбаатар хот дангаараа үүсгэлээ гэсэн үг!
24tsag.mn
URL: