Бямбын Ринчен : Шүхэрч Буниа
Манж дайчин Улсын Тэнгэрийн тэтгэсэн хааны аравдугаар он билээ. Улиастайд суугаа зарлигийн манж сайд Автай сайн хааны байгуулсан Эрдэнэ Зуугийн хийдийг сонирхон үзэх гэж зуны дэлгэр сайхан цагаар Зуугийн цамын үест очсон байжээ.
Ойр хавийн монгол ноёд тайж, ард олон цам үзэх гэж Зуугийн орчин тойронд их л хөлтэй. Энд тэндгүй эрээн майхан, гоёлын хувцас өмссөн хүрэн улаан царайтай өргөн их хэнхдэгтэй , идэр талын хүдэр эрчүүд , чилгэр сайхан биетэй, сайхан царайтай хүүхэн, тэгшхэн зассан дэлтэй, гоё эмээл хударгатай морио унацгаан, хэд хэдээрээ дөрөө зэрэгцэн өргөн талд давхиж явахыг манж сайд үзээд, моринд чадамгай, бие чийрэг, зориг хатан энэ монголчууд, манай манжаас давуу эртний соёлт, эрх чөлөөнд дуртай улс ажээ. Уран арга эс хэрэглэвэл, захирахад амаргүй улс, шарын шашнаар номхотгох гэж тэнгэр тэтгэгч эзний явуулж байгаа бодлого маш зөв ажээ хэмээн бодсоор Эрдэнэ зуугийн цамын баг хэрэглэл маш нарийн гоёмсгийг гайхан, монгол урчуудын чадлыг бахдан үзжээ.
Баруун зүг шинэ хязгаар, хошоо аймгийг байлдан дарах аянд явалцсан манж сайд бие хатингар, моринд сүрхий эр.Нойр багатай эрт босдог хүн байжээ. Зуугийн их лам танаас зарлигийн сайдад тусгайлан барьсан гэрээс нар битүүгээр гарч, хээр талын сайхан өвс цэцгийн үнэр анхилсан агаарыг амьсгалаад гадаа орчин тойрныг үзэж, Эрдэнэ Зуугийн олон сүм дуганы оройг хартал, Зуугийн их сүмийн орой дээр нэг юм хөдлөх шиг болжээ.Шувуу гэхэд дэндүү том, хүн гэхэд, тийм эрт хар үүрээр сүм дээр хэн гардаг билээ гэж тэр зүг гайхан хартал, үнэхээр хүн бололтой.
Энэ ямар хүн, юу хийж байгаа билээ? гэж ажиглан ширттэл, нэг хүн, сүмийн орой дээрээс доошоо үсрэх шиг боллоо.Араас нь шүхэр шиг нэг юм дэлгэж, тэр хүн шүхэрт өлгөгдөн үүрийн зөөлөн салхи даган намрын цэнхэр өдөр шүлсээ дэлгэн нисэх аалз мэт гар арваганан, шүхрийнхээ татлагыг татан залж нэлээд нисээд далд оржээ.
Баахан ухасхийгээд бас дахин Зуугийн өндөр сүмийн орой дээр өглөөний тэнгэрт маш тодхон зурайж үзэгдээд, бас харайжээ. Манж сайд түүнийг их л жиг болгож дахин сүм дээрээс үсрэн буухыг хичнээн хүлээтэл үзэгдсэнгүй.Сайдын бараа болж явсан цэргийн дарга нь гарч орон, амбаныг ёсолсонд хариу ёслон дохисхийгээд гэртээ орж, хойш өглөө юу болдог бол, бас л энэ үед гадаа гарч үзье гэж боджээ.
Өглөө хойш мөн өнөөх сүмэн дээрээс тэр шүхэрчин харайжээ. Хүн амьтан цөм унтаастай гэж бодсон бололтой.Yймүүлэн цочоох хүнгүй тул дөрөв дахин харайгаад үзэгдэхгүй болсонд түүнийг алсаас харж байсан манж сайд дотроо сайхан, цамчин цөмөөрөө хэдийн буцсан тул, манж сайд, тэр өдөр Улиастайд буухаар болж, их ёслолоор Зуугийн лам тушаалтан мяндагтан үдэх үед амбан сайдаас зуугийн их ламд хоёр өглөө үзсэнээ гайхан хэлжээ.
Зуугийн лам, махлаг том биетэй олныг захирч сурсан эзэрхэг царайтай өвгөн тэр манж сайдын үгийг сонсоод,
- Танхай банди нар дүрсгүйтэж байгаа бол уу? Учрыг нягталж мэдээд, номын сахилга бат алдсан тэр хуваргыг хэрхэн шийтгэснийг сайдад дараа айлтгая гэжээ.
Эжий нь эвлэг зөөлөн гараараа ар нуруугий нь илж байх шиг болж, Буниа гэнэт нүдээ нээж үзвэл , хамаг бие хөшиж , нуруу зоо тэсгэлгүй хорсон өвдөж, нэг мэдэхнээ баруун гараа дэрлээд, зүүн гараа бие дагуу сунгаж, «Хэвтэж байгаа арслангийн маягаар» хуучин муу журам дээрээ эзгүй хээр ууланд хэвтэж байснаа гайхан мэджээ.
Тэр нуруугий нь зөөлөн гараараа илж байсан нь эжий нь биш сагсгар үстэй нохой долоож байснаа, жаал бандийн хөдлөсхийхэд, нүүрийн тушаа ирж, нэг долоочихоод оцойн сууж сүүлээрээ газар пад пад цохилж, Буниагийн царайг цэцэн нүдээрээ ширтэж, босож өндийж үз гэсэн юм шиг харжээ.
Буниа тэр нохойг, өдөр бүр яс мах хаяж өгдөг золбин халтар гэж таниад, хөдөлж босох гэтэл, бүх бие хөшин, уруул хатаж, ам тэсгэлгүй цанган, толгой заадсаараа задрах гэж байгаа мэт машид өвджээ. Хамаг бие хэмх зад буусан юм шиг нүд эрээлжлэн зовхио аньсхийж нэгэн хэсэг хэвтээд дахин нээж урьд нь харагдаж байгаа газрыг гайхан хартал Зуугийн лам нарын яс тавьдаг газар мөн бололтой.Тэнгэр баахан үүлтэй, хээрийн сэрүүн салхи сэнгэнэн жаал хүүгийн халууран өвдөж байгаа биеийг дэвүүрээр дэвэх мэт сэрүүцүүлэх ажээ.
Буниагийн ухаан санаа ороолдон зангирч жуушаан утас мэт хөврөн эх захгүй болж юунд энд яс тавьдаг газар хүрч ирээд хэвтэж байгаа билээ? Хэдийн таньдаг энэ газар дэлхий хөх тэнгэр яагаад жигтэй шарлаж , сонин өнгөтэй танигдашгүй хачин үзэгдэх болов? Би энд хичнээн хэвтэв гэж бодтол гэнэт ухаан орсон юм шиг сэтгэлд нь хамаг юм тов тодхон санагдлаа.
Улиастайн амбан сайд явсны хойш өглөө, нар битүүгээр Зуугийн гол сүмийн орой дээрээс дахин нисэх гэж шүхрээ үүрч гараад татлага холбоогий нь хоёр суган дороо бэхлээд доошоо үсрэн татлагы нь ээлж ээлжээр татаж залсаар урьд урьд өглөөнийхөөсөө нэлээд хол буусандаа бахдаж шүхрээ яран эвхэж дахин сүм өөд сэмхэн хөл нүцгэн гүйхдээ, анх лойлинд орхимжоо дэлгэн нисэж явсан лам нарын бяцхан баримлыг үзсэнээсээ санаа авч хулгайгаар замын хэрэгсэл, номын баримтгийн хуучин даавуу сэм зүүж багшийнхаа хуучин шүхрийн үлгэрээр хийгээд хашаан дээрээсээ үүрийн шөнөөр үсэрч шүхрийнхээ голд нь салхи дээшээ гарах нүхтэй болгож тэр хэмжээгий нь их болгосоор давхар илүү байшингийн дээрээс зүрхлэн үсэрч сургууль нь хийж шүхрээ хүн унтсан хойно хулгайгаар засаж сэлбэсээр Зуугийн бага шиг дуган дээрээс үүрийн шөнөөр үсрэн хальж эцэс сүүлдээ өндөр сүмэн дээрээс үсэрч шүхрээ залж улам улам ахиулан нисэж байснаа санаж нүдээ аниад амбан явсны хойт өглөө болсон явдлаа бодоход сайн ниссэнд улам урамшиж дахиж сүмэн дээрээс авиран нистэл доошоо нэг харсанд хэдэн чийрэн дуганч нар сүмийн довжооны хайсны цаана бүгж байснаа өндийн харах нь үзэгдэж одоо л хэрэг биш боллоо гэж , агаарт шүлсэндээ асан нисэж яваа аалз шиг гараа арвагануулан салхины аясыг дагаж хэрэв даваад буудаг бол ухаантай юмсан гэж бодтол нь , сүмийн довжоон дээрээс гутал нижигнэх чимээ гарч билээ.
Одоо л намайг барих нь , тэнгэр минь , салхи минь тусалж энэ хэрэм дээгүүр саадгүй давуулаасай гэтэл хөлөөс нь нэг юм шүүрээд авах шиг болж ,барь барь !гэж хашхиралдан , өөрийн эрхгүй доошоо татагдан ойчсон билээ.
- Чи муу яаж байгаа чинь энэ вэ? гэж , гүйж амьсгаадсан бүдүүн цоохор дуганч , Буниаг тас тэвэрч хэдэн дуганч нар шүхрий нь мулт татаж аваад их гэсгүйд хүргэсэн нь санаанд оров.
- Горьгүй юм боллоо!гэж Буниагийн зүрх түгшин хоёр талаасаа чийрэг дуганч нарт шахуулан , эх гэсгүйд хүртэл эрт унтаж , орой босдог гэсгүй лам хэдийн босож өргөөндөө хүрдээ эргүүлэнхэн хоймортоо сууж байснаа,
- Задарсан хар тархи, чи яаж байгаа нь энэ вэ? Орон хийдээд түмэн түвэг татаж , зарлигийн амбан сайдад ёсон бус явдлаа мэдэгдсэн чамайг зад торлогдож, олон шавь нарт цээрлэл үзүүлнэ гэж нүүр нүдгүй загнаж Зуугийн ламд муу нохой ёсон бус хэрэгслийн хамт барьсныг айлтга гэж шавь нараа зарж удалгүй Зуугийн ламын шавь нь ирж багш, Буниаг яаж ниссэнийг үзэх гэж байна. Сүмийн тэнд аваачина уу гэж иржээ.
Шүхрээ татлагаар нь хоёр сугандаа торгоод нисдэг тэр сүмийн тэнд хийдийн мяндагтан цөм нэгэн зэрэг зарласан мэт хэдийн цуглаж , зүрх түгшин айж эмээсэн Буниа тэр их багш лам нарын өмнө сөгдөн асуулгаад , Зуугийн их лам ,
- За, чи бидний өмнө нэг нисээд үз. Ямар буг шулам чамд ийм арга зааж өгсөн юм бол!гэхэд гэсгүйд зандруулсан Буниа , бүх бие чичрэн , айн эмээж дахин тэр сүмэн дээр гараад шүхрээ татлагаар нь хоёр сугандаа торгохдоо айсандаа болж ухаан нэг орж нэг гарч байх шиг болж өндөр сүмийн орой дээрээс улаан шар хувцастай ихэс лам нарыг харахад бор шувуу шиг жижигхэн харагдаад их гэсгүйг гараараа зангаж үсэр гэж дохиход миний энэ шүхэр минь хан гардийн далавч шиг болж эндээс намайг долоон уулын цаана буулгадаг ч болоосой гэж аман дотроо ээжий минь !гэж шивнээд үсэрсэн нь санаанд оржээ.
Шүхэр нь пад хийтэл дэлгэж Буниаг хоёр суганаас нь өргөж олон удаа үсрэн нисэж бие нэг сонихон болоод ирдэг байдал нь мэдэгдэж үүрийн зөөлөн салхины аясаар шүхрээ таталгаар нь залж дор ногоон зүлгэн дээр сууж байсан ихэс лам нарын дээгүүр нисэн өнгөрөхдөө зуугийн лам нарын гуулин шанага шиг хүрэн халзан толгой нь тов тодхон ив илхэн үзэгдсэн нь Буниагийн санаанд орж , гайхан цочицгоосон лам нар , гар хуруугаараа зааж дүнгэр дүнгэр дуугаралцаж байсан нь дуулдаж олон суврагат хэрмийн ёроолд буучихаад өөдөөс нь лам нарын зүг эмээн харж байсан нь санаанд орж ирлээ.
Тэгээд тэр өдөр олон лам хуврагийн өмнө их гэсгүй бэрээгээр багана цохин цогдомлож Винайн ёсонд хувраг хүний зарчимд үл нийлэлцэх явдал үзүүлсэн банди Буниаг шүхрий нь шатааж зуу торлогд гэж ял оноосон , чийрэг дуганч нар зоон дээр нь торлогдож эхэлсэн нь санаанд оржээ.
Зиндааны нөхөд нь айн сандарсан нүдээр харж, торлог нуруун дээр нь буух нь тэсхийн аргагүй өвчтэй ижий ижий гэж бархирч байсан арав арван нэг, арван тав, арван зургаа гэж торлог тоолж байсан дуганчийн дуу дуулдаж байснаа юу ч мэдэхээ больсон, одоо зуугийн лам нарын яс тавьдаг газар хэвтэж байгаагаа бодвол, намайг үхсэн гэж, энэ рүү авчран хаяжээ гэж бодоод толгой өндийх гэтэл ар нуруугаар нь хутгалах шиг өвдөөд шилэн хүзүүгээр хатгуулах шиг болж ёолсонд золбин халтар сүүлээ хавчин босож,Буниагийн омголдсон уруулыг долоожээ.
Өндийж босох гэтэл зад нүдүүлсэн биеэ тэсгэлгүй өвдсөнд Буниа түр ухаан алдаж, дахин мэдээ ороход өнөөх золбин халтар ч байхгүй улам ганцаардсан шиг болж нүднээсээ нулимс цувруулан цурхиртал уйлах гэтэл зодуулж бархирсаар сөөсөн хоолойноос шуухинах чимээ гарахаас биш дуу гарч өгсөнгүй, ижий ижий гэж шивнэн, омголтсон уруулаа долоож, цангаж хатсан амаа дэмий л ангалзлаа.
Торлогдсон нуруу зоо нь улайсгасан төмрөөр хайрч байгаа юм шиг өвдөж, жаал хүүгийн бүх бие халуурч толгойг төмөр боолтоор шахаж боосон юм шиг, хоёр чамархайд нь луг луг , лүг лүг гэж лантуугаар цохиж байх адил, багадаа цоорхой хар гэртээ ижийнхээ дэргэд хэвтэж байх шиг хүүгээ дэмий ч лам болгов уу даа гэж тэр жил хэлж байсантайгаа адил, ижий нь гасалж, нуруугий нь илж байх шиг зөөлөн хуруугаараа хөлөөс нь өөд нь илэх бүр өвдөх нь барагдан бие тун сонин хөнгөхөн болж байх шиг шүхэртээ өлгөгдөн агаарт хөвж нисэж байх шиг, санагдсаар, ижий ижий !гэж шивнэсээр Буниа мэдээ алдаж үхэтгэхийн өмнө,
-Хүү минээ , хаашаа ир чи хаана байна? гэж аль хэдийн нас барсан эжий нь холоос дуудах шиг чихэнд нь дуулдаж, ээ би энд байнаа! гэх гээд, хоолой нь хэрчигнэж нэг юм дуугарах шиг болоод хөлөө жийн бүх бие нь тавигджээ.
Монгол улсын арван наймдугаар онд, Герман улсын монголч эрдэмтэн Эрих Хеништэй баруун аймгаар явахдаа Улиастай хотод орос Цэрэн гэдэг өвгөнг Улиастайн гэсэр сүмэнд орон нутгийн тун сонихон музей үүсгэн байгуулсанд нь тэр үеийн судар бичгийн хүрээлэнгээс музейн модон тэмдэг хүргэж өгөөд, өвгөн Цэрэнгийн байгуулсан музейн нэг байшинд Улиастайн амбаны хуучин данс бичиг байсныг сонирхон сөхөж үзэхэд Тэнгэр тэтгэсний аравдугаар оныг бичиг хэргийн дансанд Эрдэнэ зууд шүхэр хэрэглэж ниссэн банди Буниаг торлогдон шийтгэсэн учрыг мэдүүлсэн бичиг үзэж, Европт Отто Лилиенталь гэдэг герман хүн, анх шүхэр хэрэглэж нисэхийг оролдсоноос аль эрт Эрдэнэ зууд нэг ядуу жаал банди Буниа, цовоо ухаан санаагаараа шүхэр хэрэглэж нисэх гэж оролдоод торлог даасангүй үхсэний нь Улиастайн амбанд айлтган мэдэгдсэн бичгийг гашуудан үзсэн билээ.
Парашют гэж манайхны гадаад үгээр хэлдэг нь монголоор шүхэр гэсэн үг тул , ах дүү Өвөр монголд парашют ч гэдгийг шүхэрч гэж дэлхий нийтийн ёсоор тэр үгийн утгыг өөрийнхөө эх хэлээр орчуулан нэрлэдэг нь бахтай хэрэг.Гагцхүү улирал бусын цагт төрөөд, урьдын үест ардын хичнээн авьяастай хүн ингэж хөөрхий Буниа шиг авьяас чадлаа гаргаж чадалгүй амь бие хохирч байсныг санахад гашуудалтайг хэлэх үү !
Миний тэмдэглэлийн дэвтэрт хорин есөн жилийн өмнө Улиастайн амбаны хуучин данснаас гэсэр сүмд байгуулсан музейд Буниа бандийн шүхрийн хэрэглэн , тэнгэр тэтгэгчийн аравдугаар онд нисэж торлогдуулан үхсэнийг үзэв гэж товч тэмдэглэл хийснээ энэ 1957 оны зуны сүүл сард туурь болгож бичсэн учир гэвэл Улиастайд өвгөн Цэрэнгийн байгуулсан музейг намайг тавин таван онд Чехословакийн Эрдэмтэн Поухатай Улиастайгаар явахад байхгүй болж, гэсэр сүм нь ч байхгүй болж Улиастайн амбаны хуучин данс хар нь ч үрэгдэж үгүй болоод, ойрын хэдэн жилд шинэчлэн байгуулсан орон нутгийг судлах кабинетэд ч амбасын хуучин данс хар үгүй тул , монгол шүхэрчийн тухай түүхэнд орох гашуудалт тэр баримт нь үгүй боловч уран зохиолын нэг өгүүллэгт нэр нь орж хойчийн уншсан хүнд дурсагдаг гэж үүнийг бичлээ.Уг бичиг нь байвал, сүрхий лам түшмэл зохиож, хөөрхий Буниагийн өгсөн өчиг нь арван тав зургаатай хүүхдийн амнаас гарсан үгийг тэр хэвээр нь тун аятайхан тэмдэглэн авч хэрхэн торлогдон шийтгэсэн мөн тэр шийтгэлийг даалгүй үхсэн зэргийг сүрхий бичсэн бичиг байсан билээ.Орос Цэрэн өвгөн тэр жаалыг гол нь тасраагүй байхад хаячихсан гэж хууччуулын амнаас багадаа дуулсан гэж хэлсэн үг нь миний цээжинд одоо хүртэл тодорхой бий. Гагцхүү тэр бичгийн доторхи нарийн үг өчгийг он удаж мартжээ.
БЯМБЫН РИНЧЕН ( 1905-1977)
Зохиолч Б.Ринчен, 1905 онд Хиагтын Бул Сарай гэдэг газар төржээ. Бага наснаас монгол орос хэл бичиг сурч дунд сургууль, ЗХУ-ын Ленинград хотын дорно дахины институтын тусгай курс төгсөж, 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д хэлний шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.Уран бүтээлээ 1923 оноос эхлэн “Yүрийн туяа” гурамсан роман, “Заан залуудай” балар эртний сэдэвт роман, “Гүнж”, “ Бэр цэцэг” зэрэг шүлэг өгүүллэгийн ном “Цогт тайж“ түүхэн сэдэвт кино зохиол бүтээжээ. Б.Ринченгийн “Yүрийн туяа” роман орос, чех хэлнээ орчуулагджээ. Б.Ринчен олон жилийн турш эх хэлнээ гадаадын утга зохиол орчуулах ажилд хүч чадлаа дайчилж Горький , Маяковский , Эренбүрг, Тихонов, Шолохов, Мопассан, Химкет, Барбюс, Фучик нарын шилдэг зохиолтой уншигч олноо танилцуулжээ. Б.Ринчен 1944 онд БНМАУ –ын төрийн шагнал хүртжээ.
URL: