Мэргэн гүн Гомбожав

527-1406689777gombojavXX зууны Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх хүний нэг нь Мэргэн гүн Гомбожав юм. Түүний намтар түүхийн талаар эрдэмтэн түүхч Г.Цэрэвдорж, С.Идшинноров нар судалгааны өгүүлэл товхимол бичиж хэвлүүлж байжээ.

М.Гомбожав эхээс төрөөд хорвоо ертөнцөд мэндэлж 36 жил наслахдаа засаг ноёноос оюутан, эрдэм шинжилгээний ажилтан, аспирант, судлаач эрдэмтэн эцэст нь “урвагч, хувьсгалын эсэргүү” ялтан болж амжжээ. Тэрээр тухайн үеийн залуусын дотор гадаадын сургуульд хамгийн олон удаа суралцсан нэгэн байсан.

Бас судалгааны өгүүлэл шүүмж бичиж, орчуулга хийж, Монголын түүхийн сурвалжийн судалгаа хийж амжжээ. Түүгээр зогсохгүй дэлхийн монголч эрдэмтэдтэй багш шавийн харилцаа тогтоож, өрнө дахинд монгол судлалын эхийг тавилцаж, судалгааны ажил хийж байсан Монголын анхны эрдэмтэн судлаач байжээ.

Тэрээр тухайн үедээ монголчууд дотроос өрнө дахины эрдэмтэн судлаачдад өндрөөр үнэлэгдэж танигдсан нэгэн байсныг гэрчлэх баримт олон буй ажээ.

Тухайн үеийн Монголдоо боловсролтойд тооцогдож байсан хүмүүсийн дотор хамгийн олон буюу манж, хятад, төвд бичигтэй, орос, герман, англи, франц хэл мэддэг, тэр хэрээрээ Европын түүх соёлтой танилцаж судлан гүнзгийрүүлэх үйлст шимтэн зүтгэх хүсэл эрмэлзлэлтэй болсон, өөрөөр хэлбэл, шинэ, хуучин цагийн боловсролын тогтолцоогоор дамжин өрнө, дорнын боловсролыг хослуулан эзэмшсэн XX зууны Монголын анхдагч төлөөлөгчийн нэгэн байсан юм.

М.Гомбожав бол Монгол Улс, монгол үндэстний түүхэнд тод мөрөө үлдээсэн Сайн ноён ханы удам угсааны хүн төдийгүй Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошууны угсаа залгамжилсан сүүлчийн ноён байв.

Номч мэргэн Бандидад шавь оров

Гомбожав /итгэл аврал хэмээх төвд үг/ 1906 онд Сайн ноён хан аймгийн Хөндлөн Мэргэн засгийн хошуу \одоогийн Хөвсгөл аймгийн Рашаант сум\-ны Агьт хэмээх газар засаг ноён Мэргэн гүн Мөнх-Очирын хүү болон төрсөн. Эцэг нь Гомбожавыг угсаа залгамжлах агь учир багаас нь сайн багшид шавь оруулж эрдэм номд шамдуулан сургахыг хичээж Номч мэргэн бандид лам Тарва гэгээн Агваанчойнжуурдондов \1870-1927\-т шавь оруулжээ.

Нэрт номч багшийнхаа ачаар монгол бичиг, манж, төвд хэл, мөн хятад бичигт суралцаж, түүх шастир уншиж судалж байсан гэдэг. Гомбожавьш багш Тарва гэгээн Агваанчойнжуурдондов Монгол даяар нэр алдар нь түгсэн эрдэмтэй, бичгийн их хүн байсан. 1921 онд Ардын хувьсгалын үр дүнд тогтсон шинэ төрийн удирдагчид шинжлэх ухааны анхны байгууллага болох Судар бичгийн хүрээлэнг байгуулж Заваа Дамдин, Тарва бандид, Дандаа чинсан \Чимидийн Дэмчигдорж\ зэрэг бичгийн мэргэдийг ирж ажиллахыг урьж байжээ.

1923 онд Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн нэрт эрдэмтэн Цэвээн Жамсран Тарва бандидын өргөөнд тусгайлан айлчилж дээрх урилгыг гардуулах ялдамд ард олны аж төрөх ёс, төрийг хэрхэн засах тухай сургаалаа айлдахыг гуйн ятгаж “Ард түмний ариун ёсон оршивай” хэмээх номыг бичүүлсэн гэсэн мэдээ буй.

Гомбожавын багш Тарва бандид “Монгол орон хуучин суртлаа ягштал баримтлан явж болохгүй, дэлхий дахины бусад улс орны үлгэрээр явж, тэдний жишигт хүрэх ёстой. Ингэхийн тулд хөвгүүд, охидыг эрдэм номд боловсруулах хэрэгтэй” хэмээн үздэг дэвшилт үзэл бодолтой хүн байсан.

Тэрээр өөрийн гарын итгэлт шавь Гомбожавыг Нийслэл хүрээнд очиж, шинэ цагийн сургуульд суралцах замыг зааж, нүдийг нээж өгчээ. Гомбожав өөрийн багшийн нэр хүнд, нөмөр нөөлгийн ачаар эрдэмтэн Цэвээн Жамсрантай танилцсан нь түүний эрдэм номын мөр хөөх хүсэл эрмэлзлийг бадраах боломж олгосон хэрэг болжээ.

М.Гомбожав 1923 онд эцгээ өөд болоход 17 настайдаа засаг ноёны хэргэм зэргийг залгамжилсан байв. 1920-иод онд түүнд тухайн үеийн ёс заншлаар нутгийн угсаа гаралтай тайжийн охин Туваансүрэнг богтолж, гэр бүл болгожээ. Тэдний анхны охин Г.Дарьбазар 1921 онд, түүний дараа Дарьсүрэн, Лхамсүрэн, Март нар төрсөн бөгөөд хүүхдүүдээ айлд өргүүлсэн мэдээ буй гэдэг.

Харин Туваансүрэн 1926 он гэхэд Элдэв-Очирын эхнэр болсон байсныг МХЗЭ-ийн наймдугаар их хурлын төлөөлөгчдийн шүүмжлэлээс харж болно. Тус их хуралд төлөөлөгчөөр оролцож байсан Батнягт “…Элдэв-Очирын эхнэр Туваансүрэн бол гарцаагүй феодал мөн. Манай үүр Туваансүрэнг эвлэлээс хөөж, нөхөр Элдэв-Очирыг түүнээс салахыг шаардсан. Гэтэл Элдэв-Очир эхнэрээ өмөөрч хэгжүүрхсэн” хэмээн өгүүлж байжээ.

Гомбожав Улаан-Үд хотод 1930-1932 онд ажиллаж байхдаа Боржонова Агрипинна Николаевнатай гэр бүл болж хүү\Зоригт\ охин \ Билэгт\-той болжээ.

1924 онд анхны Үндсэн хууль батлан Бүгд Найрамдах засаг тогтоосны дараа М.Гомбожав Бүгд Найрамдах засгийг талархан дэмжиж гүн хэргэмээсээ сайн дураараа татгалзаж, Дотоод яаманд өөрийн хүсэлтийг ёсоор болгон батлахыг хүссэн өргөдөл бичсэн байдаг.

Сургууль соёлын мөр хөөсөн нь

Нутаг хошуундаа нэртэй бас ч шаггүй боловсролтой М.Гомбожав 1923 онд Нийслэл хүрээнд МХЗЭ-ийн их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцжээ. Багшийн заавар, өөрийн дур хүсэлдээ хөтлөгдөн Нийслэл хүрээнд оюутны сургуульд \1923 оны арванхоёрдугаар сарын 25-нд багш нарыг бэлтгэх түр курсыг оюутны түр сургууль болгожээ\ элсэн орсноор гэрийн сургуулиас шинэ цагийн шинжлэх ухааны боловсрол эзэмших зам нь нээгдсэн ажээ.

Нийслэл хүрээнд ирснээсээ хойш урьд танилцсан Цэвээн Жамсрангаар дамжуулан тэр үеийн бичгийн мэргэд О.Жамьян гүн, Ч.Бат-Очир хурц нартай танилцаж оюутны сургуульд суралцахын хамт Судар бичгийн хүрээлэнгээс ховор ном судар авч унших, заримыг нь хуулж өгөх, орчуулах зэрэг ажил хийж байснаас гадна Монгол Улсад музей байгуулахад хувь нэмрээ оруулж, Цэцэрлэгмандал аймгийн Рашаант уулын хошууны оюутан Гомбожав элдэв чулуу өгч байжээ.

Тэрээр оюутны сургуулиа дүүргээд Судар бичгийн хүрээлэнд ажиллаж шаггүй эрдэмтэй, ном сурах авьяастайгаа харуулсан аж. Ийм ч учраас хүрээлэнгийн удирдлага 1925 онд ЗХУ-ын Ленинград \Одоогийн Санкт-Петербург\ хотод Дорно дахины хэл бичгийн сургуульд илгээн суралцуулсан байна.

Монгол Улс 1924 оноос эхлэн Ленинград хотын Дорно дахины гадаад хэлний сургуульд 20 хүнийг явуулж эхэлжээ. М.Гомбожавын хамт хожим Монголын нэрт эрдэмтэн болсон Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, О.Намнандорж нар тус сургуульд бас суралцаж байжээ.

Тэд Зөвлөлтийн нэрт эрдэмтэн Б.Я.Владимирцов, С.А.Козин, П.К.Козлов нартай танилцаж эрдмийн зах зухаас нь хүртэх болжээ. Тэд тэнд суралцаж байхдаа С.Пушкиний зохиолоос орчуулж байсныг 1926 онд Цэвээн Жамсрангаас Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргад илгээсэн захидалдаа дурджээ.

Үүнд “Дамдинсүрэн, Мэргэн хоёр Пушкинээс орчуулж төгсгөөд хянаж буй мөхөс Цэвээн ёслов 1926.10.1. Ленинград” гэжээ.

Мөн түүний бас нэгэн захидалд:
“БНМАУ-ын ШУХ-ийн даргад. Мэргэний хэлэх нь Д.Оссоны зохиолыг орчуулахад гэрээ хэлэлцээр хийхээр завдаж байсан ч чухам шийд тогтсонгүй. Эдүгээ сургуульд ядарч чөлөө зав огт байхгүй болсон тул Д.Оссоныг орчуулаагүй, Пушкиний зохиолоос  “Өртөөний захирал” хэмээх нэг өгүүллийг орчуулж дуусаад буй. Үүнийг явуулах уу. Энэ орчуулгыг улсын хэвлэл авах болов уу” хэмээжээ.

Зөвлөлтийн нэрт эрдэмтэдтэй хамтран ажиллаж санаа оноогоо солилцож байсныг Н.Поппегийн захидлаас харж болно. Үүнд Кучин буюу “Сарын сүүлийн 10 хоног” хэмээх үгийн утгын талаар таны захиаг хүлээн авалгүй эндээс явсан болохоор тусгайлан судлаагүй, тэгсэн хэдий ч сарын хоёр дахь хагас хэмээх утгатай “Сарын хууч” (сарын 15-наас хойш гэсэн санаа) гэсэн үгийг олонтаа сонсч явлаа.

Энэ ажиглалтаа би зориуд шалгах гэхдээ сая надтай хамт ирсэн Мэргэн гүн, Бадмажап Жамцаранов хоёроос лавлан тодруулж байлаа…1926 оны аравдугаар сарын 8″ гэсэн байна.

1926 онд сургуулиа төгсч ирээд мөн л хүрээлэндээ ажиллаж Ч.Бат-Очир, Бадамжав нарын хамт Хятад улсын Жанчхүү, Бээжин, Шанхай зэрэг хотод Монголын эх түүхийн холбогдолтой ном судар цуглуулах тусгай томилолтоор явж байжээ. М.Гомбожав сурах мэдэхийн хойноос уйгагүй зүтгэдэг, цаг наргүй ажилладаг байсан нь хаана ч сурч байсан давхар судалгааны ажилд байнга оролцож байснаас харагдана.

1927-1929 онд БНМАУ-ын Гэгээрлийн яам Франц, Герман зэрэг улс оронд залуучуудыг сургуульд явуулахад М.Гомбожав Франц улсад Сорбоний сургуульд суралцахаар явжээ. Тэд 1927 онд Берлин хотыг дайран, тэндээсээ Парис орсон бөгөөд замдаа Берлин хотноо нэрт эрдэмтэн С.М.Вольфтой уулзаж байснаа ярьсныг Роберт Рупен “XX зууны монголчууд” номдоо эш татсан байдаг.

Серж Вольф 1927 оны хоёрдугаар сард Берлинд Гомбожав, Бадамжав хоёртой уулзаж “Орос хэлийг сайн мэддэг гайхалтай сонирхолтой хүмүүс байна. Монголын амьдрал, шинжлэх ухааны амьдралын тухай тод мэдээлэл надад өглөө. Гомбожав орос, францаар чөлөөтэй ярьдаг, хятад, төвд, манж хэлийг мэддэг лут хэл шинжлэлчин байлаа” гэж тэмдэглэж байжээ.

Монгол Улсын Гэгээрлийн сайд О.Жамьян “Лy Алтан товч судар”-ыг дэлхийн монгол судлалын гүйлгээнд оруулахын тулд Францын нэрт монголч эрдэмтэн П.Пеллиод Гомбожаваар нэгэн хувийг хүргүүлж байжээ. Сорбоний сургуульд очоод Гомбожав дэлхий дахинд нэр цуутай Францын монголч эрдэмтэн П.Пеллиогийн удирдлагад сурч дадлага хийн ажиллажээ.

1929 онд М.Гомбожав өөрийн гараар бичсэн нэгэн анкет бүртгэлд “Франц улсад явсан оюутан Гомбожав 24 настай, тайж, эвлэлийн гишүүн явсан. Цэцэрлэгмандалын аймаг Рашаант уулын хошууны харьяат. Гэрийн сургуулиас Оюутны сургууль төгсч, Ленинград яваад эдүгээ Франц улсад эрдэмтдийг шүтэж, олон хэлний сургуульд яваа. Хүрээлэнд оюутан тушаалтай” хэмээн бичсэн нь архивт хадгалагдан үлджээ.

Олон улсын байдал хурцдаж, улс орны дотоодод ч улс төр нийгмийн амьдралын ороо бусгаа цагийн эрхээр Гэгээрлийн яам Франц, Герман зэрэг барууны улс оронд сургахаар явуулсан сурагчдаа сургуулийг нь төгсгөлгүй гэнэт татан буцаажээ. М.Гомбожав сургуулиа төгсөлгүй дутуу буцаж ирсэндээ маш их харамсч байсан бөгөөд түүний багш П.Пеллио ч түүнээс дутахгүй харамсч байсныг нотлох захидал бичиг бий.

М.Гомбожав нь 1924 онд анх байгуулагдсан нэр томъёоны комиссын гишүүнээр ажиллаж, тухайн комиссоос хэвлэн гаргаж байсан нэр томъёоны цувралыг бэлтгэхэд оролцож байснаас гадна Судар бичгийн хүрээлэнгийн томилолтоор 1930-1933 онд Буриад Монголын шинжлэх ухааны хүрээлэнд судалгааны ажил хийж, нэр томьёоны толь бичиг зохиоход оролцож, 1930 онд Улаан-Үд хотноо Буриадын шинжлэх ухааны хүрээлэнд Н.Поппегийн удирдсан экспедицид ажиллаж буриадын бөөгийн шашны талаар судалгаа хийж байжээ.

1933 онд эх орондоо буцаж ирээд Шинжлэх ухааны хүрээлэнд тайлбар толь зохиох комиссын гишүүнээр ажиллажээ. Их зохиолч Д.Нацагдоржтой хамтран Д.Оссоны „”Монголын түүх” хоёр боть зохиолыг “франц хэлнээс орчуулж байсан мэдээ байна. Мөн Вл.Котвичийн “Монголын түүхийн хураангуй тэмдэглэл ба түүний эдүгээгийн улс төрийн байдал” бүтээлийг М.Гомбожав орос хэлнээс орчуулж “Вл.Котвичийн энэхүү зохиол болбоос 1910 онд Петербург хотноо орос хэл дээр хэвлэгдэн гарсан бөгөөд зохиосон нь нэн хэдуй тийм боловч эдүгээ үед Монголын тухай зохиосон орчуулсан бичгийн тоо асар цөөний дээр сайн нь маш ховор болох тул үүнийг монгол хэл дээр монголыг судлаачдад эрхбиш нэмэр болох буй заа хэмээн бодож орос хэлнээс монгол хэлэнд орчуулав. Улаанбаатар хот. 1933 оны арваннэгдүгээр сарын 7. М.Гомбожав” хэмээн өмнөх үг бичиж байжээ.

ШУХ-гийн дуун ухааны тасгаас эрхлэн 1934 оноос “Монгол хэл бичгийг сайжруулах бодлогын өгүүлэл” хэмээх цувралыг хэвлэн гаргах болжээ. Цувралд М.Гомбожав “Сургуулийн бичгийн чанарыг сайжруулъя” эрдэм шинжилгээний өгүүүлэл нийтлүүлжээ.

Судалгааны ажлын хажуугаар залуу хойч үеэ сурган боловсруулах хэрэгт ихээхэн хүч чармайлт тавьж, орос дунд сургууль, улсын төв сургууль зэрэгт хичээл зааж багшилж байсан аж.

М.Гомбожав эх орныхоо шинжлэх ухааныг хөгжүүлэх, ард түмнийхээ хэл, түүх соёлыг шинжлэх ухааны шинэ арга барилаар судлахад эрдэм мэдлэг асар их ач холбогдолтойг хатуу ойлгосон хүн байв.

М.Гомбожав Шинжлэх ухааны хүрээлэнгийн товчоонд хандан бичсэн нэгэн өргөдөлдөө “Үүний урьд миний бие гадаадын сургуульд суралцсан удаа буй боловч тухайд тушааж уул сургуулийг хараахан төгсгөж чадсангүй билээ. Иймийн тулд эдүгээ шинжлэх ухааны ажлыг оролдсугай хэмээхүйд сурлага нимгэдэх, мөхөсдөх явдал цаг үргэлж гарах бөгөөд энэ нь уул бүтээх ажлын чанар ба хугацаа лугаа холбогдолтой баймой.

Эл учраас гуйх нь миний биеийг энэ жил Ленинград хотноо ЗХУ-ын ШУА-д хоёр жилийн хугацаагаар явуулж, хэлний нийт ухаан нэгэнт оролдож эхэлсэн хятад бичиг, хуучин судлал, бас орос зэрэг европын хэл бичигт сайжиртал сургаж ажаам уу.

Жич: Манай хүрээлэнгийн шинжлэх ухааны ажилч Цэвээн абугай мөн Ленинград хотноо бүхий тул эдүгээ миний оролдож бүхий монгол хэлний тайлбар толь зохиох ажлыг түүгээр Цэвээн авгай лугаа хүчин хавсран ямар нэгэн зүйлийн ухааны нэр томъёог тайлбарлан гүйцэтгэх аваас уул ажил бүр ч чанартай бөгөөд түүний хугацаа богино болохыг хамтаар тэмдэглэсүгэй”гэжээ.

Шинжлэх ухааны хүрээлэнгийн товчооны 1934 оны арваннэгдүгээр сарын 23-ны XV хурлаар М.Гомбожавын хүсэлтийг хэлэлцээд Орос Европын нэр томьёо, орчуулгад дадлагажиж буй, толь зохиох ажилд тустай, шинжлэх ухааны ажилд авьяастай бөгөөд улмаар сурах төлөвтэй тул ЗХУ-ын ШУА-ийн дэргэдэх хэл бичгийн сургуульд гурван жилийн хугацаагаар явуулахаар тогтжээ.

ОХУ-ын Санкт-Петербургийн ДЦСХ-гийн гар бичмэлийн фондод хадгалагдаж байгаа М.Гомбожавын тухай баримт материалыг докторД.Эрдэнэбаатар Мэргэн гүн Гомбожавын 100 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд танилцуулсан балээ.

Эдгээр баримтаас үзэхүл М.Гомбожавыг 1934 оны арваннэгдүгээр сарын 1-нээс аспирантурт элсүүлж cap бүр ДЦСХ-ээс 300 рублийн тэтгэлэг олгож байх 25 тоот тушаал ЗСБНХУ-ын ШУА-ийн боловсон хүчнийг бэлтгэх хорооны орлогч даргын гарын үсэгтэй гарч байжээ.

Мөн Монголоос ирсэн аспирант М.Гомбожавыг  Ленинградын ДЦСХ-нд шилжүүлэн эрдэм шинжилгээний удирдагчаар Н.Н.Поппег томилсон шийдвэрийг ЗСБНХУ-ын Монголын комиссын орлогч дарга, ЗСБНХУ-ын ШУА-ийн боловсон хүчнийг бэлтгэх хорооны орлогч дарга нар хамтран гаргаж байжээ.

Гомбожав Ленинградад сурч байхдаа өөрийн гараар 1937 оны зургадугаар сарын 9-нд бичсэн анкетад “Франц, англи, хятад хэл бага зэрэг мэднэ, халимаг хэл бага зэрэг мэднэ, монгол буриад хэлийг сайн мэднэ” хэмээгээд эхнэртэй, Ленинград, Васильостровск \Васильевский остров\ 12 дугаар гудамж, 33 дугаар байр, 17 тоотод суудгаа” тодорхойлж байжээ.

Ийнхүү М.Гомбожав тухайн үедээ дэлхийн монгол судлалын томоохон төв Ленинград хотод очиж, Орос-Зөвлөлтийн нэрт монголч эрдэмтэдтэй ойр дотно танилцаж, тэднээс ихийг сурч байжээ.

Зөвлөлтийн нэрт эрдэмтэд Гомбожавын бүтээлийн талаар бичиж байсан тухай захидлууд бас сүүлийн үед олдсоор байгаа билээ. Ойрмогхон хэвлэгдсэн “ВЛ.Котвич. Из эпистолярного наследия” номонд Зөвлөлтийн нэрт эрдэмтэн В.Казакевичийн захианд “Хоёр дахь нь Гомбожавын толь бичиг, юуны өмнө энэ толь халх аялгаар, “ө”, “ү”, “т”, “д” зэргийн ялгааг сайтар тодруулан авч үзсэнээрээ анхаарал татаж байгаа юм.

Энэ номын зохиогч нь хэргэм зэргээсээ 1923 онд өөрийн саналаараа татгалзсан, Сайн ноён аймгийн засаг асан Мэргэн гүн хэмээгч бөгөөд Ленинград, Парист суралцаж, Дээд-Үд (Дээд-Үдийг 1934.08.15-наас Улан-Үд, Троицкосавскийг Кяхта гэх болсон)-д хэдэн жил ажиллаж байсан хүн” гэж дурджээ.

М.Гомбожав Ленинградад аспирантурт суралцаж эрдмийн зэрэг хамгаалах сэдвээ үндсэнд нь бичиж дуусгаад байжээ. Үүнийг түүний удирдагч багш Н.Поппегийн дараах санал нотолж байна.

“Аспирант М.Гомбожавын судалгаа шинжилгээний ажилд өгсөн санал. Мэргэн Гомбожавын сонгож авсан “Цагаан түүх” зохиол монгол хэлээр бичсэн Монголын түүх, утга зохиолын томоохон бүтээлийн нэг юм. Цагаан түүх нь Монголын түүхийн нэгэн чухал хэсэг болох Юань улсын түүхийг өгүүлдэг бөгөөд XIII-XIV зууны Монголын эзэнт гүрний үеийн улс төрийн удирдлага, нийгмийн байдлыг тод томруун тусгасан бүтээл болно.

Мэргэн Гомбожав энэхүү бүтээлийн орос орчуулгыг хийхийн зэрэгцээ түүх, хэл шинжлэл, орчуулгын шинжлэх ухааны тайлбарыг хийсэн арга зүйн чухал ажил болжээ. Одоо энэхүү бүтээлийг нэн даруй хэвлэх нь зүйтэй.

М.Гомбожав нь үлдэж буй хугацаанд “Цагаан түүх” зохиолын орчуулга тайлбарын ихээхэн хэсгийг өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараа ашиглан заасан хугацаанд хийж дуусгасан бөгөөд энэхүү ажлыг шинжлэх ухааны үр өгөөж, ач холбогднын талаар тодорхойлбол эргэлзэшгүй чухал түүхэн сурвалж болохыг олон талаар харуулж чадсан бүтээл болгож чадсан гэж би үзэж байна. Н.Поппе” гэжээ.

М.Гомбожавын “Цагаан түүх”-ийн талаар хийсэн судалгааны ажил өнөө хэр монголчуудад, монгол судаалын салбарт олдоогүй л байна. Хийж байсан судалгааныхаа ажлыг үндсэнд нь дуусгаад байсан түүнийг 1937 оны наймдугаар сарын 11-нд улс төрийн хилс хэргээр дайчлан баривчилсан байна.

Санждоржийн Туяа (Түүхч)


URL:

Сэтгэгдэл бичих