Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгүүдэд хог боловсруулах үйлдвэр барина
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Хотын хог хаягдлын менежентийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2-оос доошгүй хог боловсруулах үйлдвэр байгуулна гэж тусгасан байдаг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барих төсөлд хамтран ажиллах саналыг 2013 онд нээлттэй зарлаж нийт 22 аж ахуйн нэгж байгууллага саналаа ирүүлжээ.
Эдгээрээс, хаягдал цаас үйлдвэрлэх 1, хуванцар хаягдал дахин боловсруулах 2, барилгын хог боловсруулах 1, шатаах, эрчим хүч гаргах үйлдвэрийн 1 саналыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд дэмжсэн байна.
Улаанбаатар хотод жилдээ дунджаар 800-850 мянган тонн ахуйн хог хаягдал гарч байгаа бөгөөд орон сууцанд амьдарч байгаа нэг иргэн өдөрт 300 гр, гэр хороололд амьдарч байгаа иргэн 800гр хог хаягдал үүсгэж, Нарангийн энгэр, Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт өдөрт 1500-2000 тн ахуйн хог хаягдлыг хүлээн авч, дарж устгах үйл ажиллагааг өдөр бүр технологийн дагуу хийж байгаа юм.
Улаанбаатар хотоос гарч байгаа хог хаягдлын бүтцэд хамгийн их үүсч, орчныг бохирдуулж байгаа хог нь хаягдал цаас, гялгар уут, хуванцар, үнс болон хүнсний хог хаягдал байдаг байна. Тиймээс Хог боловсруулах үйлдвэр барихдаа Улаанбаатар хотоос гарч байгаа хог хаягдлын бүтцэд хамгийн их үүсч, орчныг бохирдуулж байгаа хаягдлыг боловсруулах чиглэл баримтлана гэж холбогдох албаныхан хэллээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хог боловсруулах үйлдвэрийг Нарангийн энгэр, Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн барихаар газрын кадастрын зургийг хийлгэжээ. Нарангийн энгэрийн хогийн цэг нь гэр хороололтой тулж ирсэн, хог боловсруулах үйлдвэр байгуулахаар ирж байгаа төслүүд нь голчлон төвлөрсөн хогийн цэг түшиглэн үйлдвэрээ барихаар шийдэлтэй, төлвөрсөн хогийн цэгт хог боловсруулах үйлдвэрүүдийг төлвөрүүлснээр байгаль орчинд үзүүлэх хор нөлөө нь бага учраас эдгээр байршлуудад хог боловсруулах үйлдвэр байгуулахын тулд дээрх хогийн цэгүүдийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай болжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: