“Арева” компанийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа
Францийн “Арева” группийн харьяа “Арева Монгол” компанийн эзэмшдэг ураны лицензийн асуудал ар араасаа хэл ам дагуулсаар байна.
Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Ш.Дамдинсүрэн, Гамшгаас хамгаалах үндэсний төвийн тэргүүн Ж.Ганбаатар нар тус компанид Сүхбаатар аймагт ураны хууль бус, тусгай зөвшөөрөл олгосон асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийв.
“Арева Монгол” компани нь Сүхбаатар аймгийн долоон сумын нутагт цацраг идэвхт ашигт малтмалын 26 тусгай зөвшөөрөл эзэмшдэг ажээ.
Эдгээр тусгай зөвшөөрлийг ураны тухай хууль байгаагүй байхад Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгосон байна.
Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн олон заалтыг зөрчсөн гэж тэд үзэж байгаа гэдгээ илэрхийлэв.
Тухайлбал, 2008 оны долдугаар сарын 9-22-ны хооронд лиценз бөөндөж авахдаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хийлгэж санал авах ёстой байтал тус хурлыг хийгээгүй, түүнчлэн байгаль хамгаалах төлөвлөгөөгөө холбогдох албаны хүмүүс, байгууллагад танилцуулалгүй авчээ.
Харин өнөөдөр компани Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Асгат, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сумд дахь хайгуулын лицензүүдээ сүүлчийн удаа буюу есөн жилийн хугацаагаар сунгуулах гэж байгаа аж.
Тиймээс гурав дахь удаагийн сунгалтыг хийхгүй байхыг тэд эрх баригчдаас уриалсан юм.
Монголын байгаль орчны иргэний зөвлөл, түүний 700 гаруй гишүүн байгууллагын зүгээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлж байгаагаа дуулгалаа.
Шаардлагад нэгдүгээрт, Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног нэрээр хаацайлан далимдуулж уул уурхайг аврах нэрийн дор байгаль орчноо сүйтгэж байна. Уул уурхай бол тодорхой хугацаанд эдийн засгийн өсөлтийг бий болгодог ч байгаль орчин, хүний эрүүл, аюулгүй амьдрах орчинд арилшгүй сөрөг нөлөө үлдээдэг, эргээд хэдэн тэрбумаар нь зарцуулаад ч аврах боломжгүй байгаль орчны аймшигт сүйрэл үлдээдэг. Ганц уул уурхайгаар эдийн засгийг аварна гэдэг бол өрөөсгөл ойлголт, үүнд бухимдаж байна.
Хоёрдугаарт, Сүхбаатар аймгийн Дарьгангын Байгалийн цогцолборт газар, Хүйтэн уул, Хатгин овог хошууны тахилга шүтэээн болсон Зотолхаан уул зэрэг хамгаалалтын бүсэд хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх шийдвэрүүдийг анхааралдаа авахыг Ерөнхийлөгчөөс шаардаж байна.
Гуравдугаарт, Байгаль орчин, газар нутгаа гэсэн иргэний хөдөлгөөний гишүүдийг барьж хорих болсон. Үүний тод жишээ нь Ц.Мөнхбаяр. Үүнээс гадна Байгаль орчны төлөө тэмцэж байгаа иргэний 700-аад хөдөлгөөнийхөнд дарамт шахалт үзүүлж, үйл ажиллагааг нь мохоож байна гэжээ.
С.ДУУЛИМ
gereg.mn
URL: