Цахилгаан тээврийн инженер хүчдэлд цохиулж нас барсанд удирдлагуудыг нь буруутгаж байна
Цахилгаан тээвэр компаний цахилгааны контактын инженер залуу 600 вольтын хүчдэлд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар талийгаачийн ах Г.Түмэнгэрэл хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн байна. Тэрээр “Манай дүүг дуудлага аваад засвар хийх газар дээрээ очиход цаад талаасаа цахилгаанаа салгаагүй байсан. Үүний улмаас дүү маань хүчдэлд цохиулж 4.5 метрийн өндөртэй машин дээрээсээ савж унаж хоёр уушиг, тархи толгойдоо хүнд гэмтэл авсан. Эмчийн магадлагаагаар цаашид амьдрах ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Уг хүний бие нь эрүүл саруул болохоор хэсэг хугацаанд амьдарлаа. Тэрнээс ямар ч найдвар байхгүй гэсэн дүгнэлт гарсан. Цахилгаан тээвэр компани хөдөлмөр хамгааллын 138.2-г зөрчиж сүүлийн дөрвөн өдөрт хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгч гарын үсэг зуруулаагүй ажилд гаргасан байсан. Мөн хөдөлмөр хамгааллын каск, хамгаалалтын бээлийн тавьж өгдөггүй юм байна. Үүнийг хамт олон нь бүгд хэлж байна. Дөрвөн хүний дунд нэг малгай бүс явдаг гэж байна. Жижиг сажиг гэмтлүүдийг цахилгаан салгахгүй хийлгэдэг. Салгахгүй хийвэл цалингын 40%-ийг олгодог гэсэн тушаал 2010 оноос хойш хэрэгжээд явж байгаа” гэв. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж тус компаний хөдөлмөр хамгааллын инженерт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
URL: