Асар өндөр ач холбогдолтой Си Зиньпиний айлчлалын “бяслаг”хэр үнэтэй вэ

uls_53d712cd0eebd_1-БНХАУ-ын даргын  айлчлалын бэлтгэл монгол түншүүдийг нь тэвдүүлж байна-

БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ наймдугаар сард Монголд айлчилна. Хятадын экс дарга Ху Жиньтаогийн  Монгол хийсэн айлчлалаас хойш 11 жилийн дараа болох гэж байгаагаараа түүхэн ач холбогдолтой хэмээн тус улсын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн зургадугаар сард манайд ирэхдээ онцлон хэлж байсан. Энэ үеэр Ван И сайд “Хоёр улс харилцан итгэлцлээ бэхжүүлж, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг эрхэмлэж, аюулгүй байдлаа хүндэтгэхийн зэрэгцээ өөр, өөрийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж дэмжлэг үзүүлэх бодлогыг Хятадын тал баримталж байна” гэсэн юм.

Сонирхолтой нь, Хятадын даргыг Монголд айлчлах үеэр Хятадын төрийн өмчит “Sinopec” компани Монголын талтай нүүрс хийжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна. Тун яаралтай буюу ирэх наймдугаар сард багтаан ТЭЗҮ-ийг нь боловсруулахаар төлөвлөсөн уг төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь ойролцоогоор 30 тэрбум ам.доллар хэмжигдэнэ гэдгийг Уул уурхайн яамнаас  мэдээлсэн. ТЭЗҮ нарийвчлан боловсруулж дууссаны дараа энэ тоо хэрхэн өөрчлөгдөхийг таашгүй. Ямартай ч “томоохон үнийн дүнтэй хөрөнгө оруулалт”-ыг дагуулж  буй Хятадын даргын айлчлалтай ямар нэг сэжмээр холбоотой биз ээ.

Монголын Засгийн газар ард түмнийхээ өмнө 100 хоногийн дотор эдийн засгийн хүндрэлээ даван туулах “тэнсэн” авчихаад байгааг мэдсэн хөрш орны дарга “Хүссэн зүйл чинь надад байна” хэмээн харуулаад ямар болзол тулгах бол гэдэг л сонин байна. Өөрөөр хэлбэл “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг” гэсэн В.Якунины үг аль ч хөрштэйгээ харилцахад хамаатай.

Дараагийн “том мөнгө”-ний сураг гэвэл Хятадын төрийн өмчит Bank of China-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ “Монголын 40 орчим компани зээл авах хүсэлт ирүүлсэн, зээлийн нийт үнийн дүн нь гурван тэрбум ам.доллар юм байна. Манай банкны зээл олгох дээд хэмжээ 460 сая ам.доллар байхаар төлөвлөсөн.  Бид Монголын арилжааны банкуудтай өрсөлдөхгүй, жижиг зээл өгөхгүй, зөвхөн уул уурхай, бусад салбарын томоохон төсөл хөтөлбөрт зээл олгоно” хэмээсэн. Түүнчлэн Хятадын Засгийн газар 67 хувийг нь эзэмшдэг тус банк нэг жил гаруйн өмнө анхны зээлээ Туушин группт өгснөөсөө хойш сая л 50 сая төгрөгийг Дундговь аймгийн Говь-Угтаал сумын дэд бүтцийн хөгжилд зориулан хандивлаж үзэв. Уг нь манай нэг бяртай бизнесмэний хурдан удмын адуу авчихаар л мөнгө байгаа биз.

Мөн Монгол-Хятадын соёл, боловсролын сан, Монгол-Хятадын нийгмийн хөгжлийн санд хандив өргөлөө” гэж мэдээлсэн ч үнийн дүнг тодорхой мэдээлээгүй байна. Юутай ч долоо дахь удаагаа хандивлаж байгаа нь энэ бөгөөд нийт 40 мянган ам.долларын тусламж тэтгэлгийг Монгол иргэдэд хандивлалаа гэж тус төлөөлөгчийн газрын Тэргүүн дэд төлөөлөгч Дай Шингжүн нь хэлсэн байх юм. Хамгийн гол нь дээрх мөнгө хаачив, ийм нэр хаяг, зорилго бүхий сангууд тун “но”-той байдгийг анхаарууштай. Энэ талаар маш сайн шалгах, аудит, мониторингийн шалгалт хийх нь хожмын аюулгүй байдалд хэрэгтэй байхыг ч үгүйсгэхгүй. Юутай ч энэхүү өгөөмөр сэтгэлийн үүднээс хийж буй үйл ажиллагаа Хятадын даргын айлчлалыг угтсан учраас хурдацтай байгааг ч анзаарахгүй байхын аргагүй юм.

Си Зиньпиний айлчлалыг угтсан “Ажиллагаа” үүгээр өндөрлөөгүй. Монгол, Хятадын хамтарсан бизнес форумыг энэ сарын 31-нд МҮХАҮТ-д зохион байгуулахаар төлөвлөжээ. Эдийн засгийн хамтын ажиллагааны энэхүү хуралдааны үеэр хоёр орны худалдаа,эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай ярих аж. Энэхүү форумд БНХАУ-ын Ляонин мужийн Гадаад улс орнуудын  найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга Юүэ фү хун, Бүх Хятадын Төрийн зөвлөлийн эдийн засгийн хорооны дарга Ван Вэй жун тэргүүтэй төлөөлөгчид оролцох юм байна.

Ийнхүү Хятадын Монгол дахь ажиллагаа идэвхжиж, албан бусыг нь албажуулж, “но”-тойг нь “цэвэршүүлж” байгаад “том даргаа” угтан авахаар төлөвлөж, үүнд нь монгол түншүүд нь хүчин зүтгэж хамтран ажилласаар айлчлалтай золгох бололтой. Монголын Засгийн газар 20-иод хоногийн дараа “Эдийн засгаа эрчимжүүлсэн эсэх”-дээ дүн тавиулахын өмнө ямар нэгэн ид шид, илбэ жилбээр л хөрөнгө орж ирдэггүй юм бол аврагдахад бэрх дүр зураг харагдаж байна. Гэвч тэр ид шид нь айсуй айлчлалын үр дүнд нуугдаж горьдлого тээж суугаа ч юм билүү. Ямартай ч урд хөрштэй холбоотой бүх контактыг идэвхжүүлж, ил, далд “холбоотон”-ууд нь тун завгүй байна.

Ж.Мөнхбаяр /Zaluu.com/


URL:

Сэтгэгдэл бичих