Монголын Сэтгүүлчдийн эвлэлээс мэдэгдэл гаргажээ
С.Баттулга эрхээ хамгаалуулахаар МСЭ-д хандан гаргасан хүсэлтдээ “С.Билэгтийн өмгөөлөгч Л.Дашравдан намайг хориулах үндэслэл болгож хэлсэн зүйл нь “Ноёд” группээс сэрэмжлүүлэг гаргалаа” гэх материал байлаа. Тэрхүү сэрэмжлүүлгийг бид сайтдаа байршуулсан нь үнэн. Гэвч Б.Зориг тэргүүтэй шүүх бүрэлдэхүүн намайг тэрхүү сэрэмжлүүлгийг бичсэн эсэхийг нотлож тогтоогоогүй байж надад таслан сэргийлэх арга хэмжээ авч Ганцхудагт 32 цаг хорьсон нь шүүн таслах үйл ажиллагааг хуулийн дагуу явуулаагүйг гэрчлэх ноцтой үндэслэл юм” гэжээ.
Энэхүү мэдэгдэлд, Тодорхой эзэнтэй мэдэгдлийг сайтдаа байршуулсных нь төлөө гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэтгүүлч, хэвлэн нийтлэгчийг буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэх, улмаар таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн мэргэжлийн эрхэд халдсан ноцтой үйлдэл юм. Мөн гэмт хэрэг үйлдсэн эсэх нь шүүхээр эцэслэн нотлогдоогүй байхад хэн нэгнийг гэмт хэрэгтэн гэж үзэх нь өөрөө гэмт үйлдэл гэдгийг дээрх шийдвэрийг гаргасан этгээдүүдэд МСЭ сануулж байна. Сэтгүүлчийн мэргэжил нь онцгой мэргэжил бөгөөд хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дээдлэгч газар бүхэнд сэтгүүлчийг цагдан хорих нь буруу гэж үздэг, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг өөрийн зохицуулалтаар шийддэг, Монгол Улс ч бас энэ жишиг рүү тэмүүлж байгаа үед шударга үнэнийг дээдлэх ёстой хуулийн байгууллагын зүгээс ийм алхам хийж байгааг МСЭ эрс буруушааж байна.
МСЭ нь сэтгүүлчдийн мэргэжлийн эрх зөрчигдсөн тохиолдолд дангаараа болон хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэгч анд нөхөд, олон улсын нөлөө бүхий байгууллагуудтай хамтран тэмцсээр ирсэн бөгөөд энэ удаад сэтгүүлч С.Баттулгаас гадна нэр бүхий хэд хэдэн сэтгүүлчийн эрх зөрчигдөж болзошгүй байгааг анхааралдаа аваад байна” гэжээ.
URL: