Монгол улсын №1 гамшиг утаа

Улаанбаатар хотод төрж, амьдарч байгаа хүмүүсийг Монголын үйлийн үрийг үүрч яваа заяа муут ард түмэн гэж хэлэхэд хатуу боловч үнэнд ойрхон бөгөөд худлаа гэвэл Та хот гэх “балгас”-аа хар. Бидний амьсгалдаг агаар нүдэнд харагдахгүй, үнэртэхгүй хийн холимог буюу хүчилтөрөгч байдаг атал химийн элемент гэдгийн “х” үсгийг ч мэдэхгүй хүүхэд, хөгшид, хүмүүс хорт утаатай хотод амьдарч байгаагаа яриад, хэлээд байхад төр засаг, нийслэлийн удирдлагууд юу хийгээд байгаа юм бол доо.

Монголчууд хорт хийнээс хамгаалах баг өмсөх ард түмэн байх учиргүй. Бид яахаараа хар нүүрсний дутуу шатсан угаар, хог хаягдал, хуванцар сав шатаасан хорт утаа, бохир шороо тоос, ялгадасны үнэрээр амьсгалах ёстой юм бэ?

Дэлхийн талыг эзэлж явсан хүчирхэг Чингисийн үр сад болох хэвлийдээ хэлбэр дүрсээ олоогүй хүн болох гэж тэмцэж буй хүүхдээс аваад эхээсээ дөнгөж төрсөн эцэг, эхээ ч танихгүй энхрий бяцхан үрс, хөгшид хүртэлх бүх насныхан өнөөдөр гайт хорт утаагаар амьсгалж, гадаадын биш дотоодын “дайсан”-д эзлэгдэн “гав, дөнгө” зүүх ч эрхтэнгүй эрэмдэг, зэрэмдэг төрж, төрсний дараа ч тасдуулж, гашуун ус, рашааныг ялгахгүй мансуурлын байдалтай амьдарч, гавьяаныхаа амралт гэдгийг эдэлсэн ч юмгүй, бурхны орон уруу бушуухан яваад өгцгөөж байна.

Хандив, тусламж, зээлийн хөрөнгөөр хотын утааг арилгана гэж арав гаруй жил амлаж байгаа ч амжилт бүтээл харагдахгүй, агаар лугаа адил замхарч, тэрбумтан түрийвчтэнгүүд л төрнө. Манай Үндсэн хуулийн нэг л заалт ар, өврийн хаалга, албан тушаал үл хамаарч 100 хувь хэрэгждэг. Яс үндэс, эр эм, хөгшин залуу, ажилтай ажилгүй, баян ядуу ялгаагүй бүгд хэрэгцээнийхээ хэрээр хортой, хоргүй агаарыг хаана амьдарч байна тэндээсээ адилхан тэгш хүртэж буй. Өдөр бүр телевиз, сонин хэвлэлээр эмчлэх аргагүй болсон, хэзээ ч дуулдаж байгаагүй хүнд өвчинд нэрвэгдсэн, хортой хоргүй хавдартай хоног тоолон хүлээж буй хүний тухай мэдээлж хандив мөнгө гуйна. Аргаа барахдаа л энэ биз.

“Өвчингүй бол жаргал, өргүй бол баян” гэдэг зүйр үгийг “Өвчингүй л байвал өртэй байсан ч жаргал” гэдэг үгээр солиод Монгол Улсын №1 гамшиг бол хотын хорт утаа гэдгийг дэлхий дахинаа зарлацгаая. Ингээд ямар ч үнээр хамаагүй хорт утааг эхлээд арилгацгаа. Мөнгө төгрөггүй гэвэл өр тавиад, гаднаас зээлцгээ. Засгийн газар, төрийн 76 түшээгийн хийх ажил оройтоод байна. Улстөржихөө больцгоо, олуулаа цалгардаад байвал орон тоогоо цөөлцгөө. Хэмнэсэн, авлигад аваагүй мөнгөө ард түмний дунд байгаа хүнд өвчтэй хүмүүст өгцгөө. Сүүлийн арван жилд хорт утаанаас болж нас нь богиноссон, хүнд өвчнөөр нас барсан, дутуу, эрэмдэг төрсөн, төрөл бүрийн суурь өвчтэй төрсөн хүүхдүүд, зулбасан ээжүүд, иргэдэд Засгийн газар нөхөн төлбөр өгье.

Зарим нь тэр их мөнгө хаана байна, байсныгаа ард түмэнд аргагүй эрхэнд тараагаад өгсөн, загас барьж өгөх биш барих аргыг нь зааж өг гэхчилэн толгойныхоо хэмжээгээр ярих нь тодорхой. Үнэндээ ядуусын хорооллоор явж үзээгүй, хөрөнгө мөнгөө зүй бусаар олсон, хүнийг хайрлах сэтгэлгүй, албан тушаалд дулдуйдсан, бор амьдрал мэдэхгүй хүмүүс л ингэж хэлнэ.

“Эх орон минь диваажин юм байна” гэтэл амьдруулж чадах улс орон болоход 300, 30 биш гуравхан жил хангалттай. Энэ л олдох богинохон насандаа бид жинхэнэ хүн шиг амьдрах ёстой болохоос нохойноос дор амьдрах ёсгүй. Эрүүл, саруул ард түмэн л их бүтээн байгуулалтыг хийж, эх орноо хөгжүүлж чадна.

В.Энхбат

Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих