Б.Бадамсүрэн: Г.Өсөхбаяр аваргыг хаясан барилдааныг мартдаггүй
Ардын хувьсгалын 93 жил, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Б.Ганбатаар тав давж улсын начин цол хүртсэн Завхан аймгийн Алдархаан сумын харьяат “Завхан” дэвжээний бөх улсын начин Бадамсүрэнтэй ярилцлаа.
-Та энэ жил улсын начин цол авсан таван бөхөөс хамгийн отгон нь боллоо. Энэ таны хэд дэх наадам бэ?
-Би 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор өсвөрийн барилдаанд анх зодоглож шөвгийн наймд үлдэж байлаа.
-Сумын начин цолоо хэзээ ахиулсан билээ?
-Намайг тэр жил улсын наадмын хүүхдийн барилдаанд шөвгөрөөд гэртээ ирэхэд манайхан “Дараа жил сумынхаа наадамд барилдана шүү” гэж урам хайрласан. Тэгээд 2007 оны зун сумынхаа наадамд үзүүрлэж анхны цолоо авсан. Энэ цолтойгоо удаан барилдаагүй нь үнэн.
Тэгэхэд нас залуу, бие задраагүй байсан болохоор багш нар заалны барилдаанд ноцолдуулах гэж төдийлөн яараагүй. Хамаагүй эрт барилдаад бэртэж гэмтээд, зүрх нь халирчихвий гэдгээс болгоомжилсон байх. Дараа зун нь Тосонцэнгэлийн наадамд түрүүлж сумын заан болсон.
Сумын заан цолондоо хоёр жил орчим тогтож байгаад 2010 онд аймгийнхаа баяр наадамд үзүүрлэж аймгийн заан цол авсан. Аймгийн заан цолтой удсан. Мөн энэ цолтойгоо хэдэн ч удаа шөвгөрөв дөө. Харин сарын өмнө Бүх цэргийн баяр наадамд гайгүй барилдаж цолоо ахиулсан.
-Учраа бөхөө тумбарайдаж байгаад гэдрэг шиддэг дархан мэхээр чинь бөхийн хорхойтнууд таныг андахгүй. Энэ мэхийг хэнээс сурсан бэ?
-Бөхчүүд жин нэмдэг болоод байгаа одоо үед энэ мэхийг хийхэд хэцүү. Гэхдээ учраа бөхөө дөрвөн хөллүүлээд авсан байхад хийж болмоор санагддаг юм. Энэ мэхийг Б.Адьяахүү багш маань тун гарамгай хийдэг. Багшаасаа өвлөж авсан мэх юм даа.
-Та “Аварга” дээд сургуулийг төгссөн байх аа?
-Тийм ээ. 2008 онд “Аварга” лицей сургуульд хоёр жил сураад үргэлжлүүлэн дээд сургуульд дөрвөн жил суралцаж өнгөрсөн хавар төгссөн.
-Та бага байхдаа бөхийн самбо барилдаанаар цөөнгүй жил хичээллээд тив, дэлхийн тэмцээнд зодоглож чамлахааргүй амжилт гаргасан. Яагаад үргэлжлүүлж суралцаагүй юм бэ?
-Би ганц самбо бөх гэлтгүй чөлөөт, жүдо барилдаанаар бэлтгэл сургуулилтаа давхар хангадаг байсан юм. Чөлөөт бөхийн оюутны аваргаас мөнгөн медальтай. Харин самбогоор өсвөрийн улсын аваргын алт, Азийн аваргын тавдугаар байрын шагналтай.
-Завханы бөхчүүд энэ жилийн наадмаар одтой сайхан барилдлаа. Бэлтгэл сургуулилтаа хаана базаасан бэ?
-Энэ жил бэлтгэл сургуулилтаа зургадугаар сарын 15 хүртэл нутгийнхаа бөхчүүдтэй Завхан аймгийн Отгон сумын нутаг “Даян” гэдэг газарт хийсэн. Харин 15-аас хойш наадам болтол “Сүүж” ууланд үргэлжлүүлэн бэлтгэлээ базаасан.
-Энэ жилийн наадмаар нэг сумын хоёр бөх зэрэг цолонд хүрсэн нь ховор тохиолдол боллоо?
-Л.Лха-Очир бид хоёр Завхан аймгийн Алдархаан сумын “Өгөөмөр” багийн, ёстой л нэг довны хүүхдүүд байгаа юм. Бага наснаасаа нэг голын хөвөөнд хурдны морь унаж, хурга ишиг хариулж өссөн найзтайгаа нэг өдөр улсын начин цол авсандаа бэлгэшээж байна.
Манай сумаас өмнө нь 1958 онд Ж.Жигмэддорж гэдэг хүн улсын наадамд тав давж улсын начин болж, улмаар хоёр жилийн дараа цолоо баталсан гэдэг. Түүнээс хойш Алдархаан сумаас 56 жилийн дараа Л.Лха-Очир бид хоёр улсын цолтны эгнээнд багтаж байна.
-Хоёр, дөрвийн давааны нугалаа танд тун хатуу таарах шиг болсон?
-Нэгийн даваанд гэхэд л сумын заантай таарсан шүү дээ. Улмаар хоёрын даваанд Баянхонгор аймгийн арслан Б.Бат-Амгаланг хаяж, гурвын даваанд улсын харцага Ж.Амартүвшинг, дөрвийн оноолтод улсын заан Б.Соронзонболдыг зүүн хавирахад нь зөрүүлж хавсраад, тавын даваанд улсын арслан Б.Ганбатыг тус тус давж улсын начин болсон.
-Зургаагийн даваанд Ч.Санжаадамба зааныг хаясан бол харцага цол авах байлаа. Зааныг аргалчихаж болсонгүй юу?
-Ч.Санжаадамба заан нэг мэдэхнээ шуудагнаас атгаад авсан. Тэгээд л бүх зүйл тодорхой болсон доо.
-Ингэхэд таны үндэсний бөхийн багшаар хэн гэж хүн ажиллаж байна вэ?
-Улсын харцага Т.Нармандах, улсын харцага Г.Элбэг, улсын начин Б.Адьяахүү нар надад үндэсний бөхийн “А” үсгийг заасан.
-Заалны барилдаанд хамгийн анх ямар бөхийг хаяж байв?
-Аваргуудын нэрэмжит барилдаанд нэгийн даваанд А.Алтанхуяг арсланг давж, хоёрын даваанд Ч.Батзориг зааныг хаяж билээ. Гурвын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр намайг амласан. Тэгээд зүүн золгооноос нааж хавираад давж байлаа. Тэр барилдаан санаанаас ер гадаггүй юм.
Д.Жавхлан
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: