Хог хаана байна, тэнд Монгол хүн л байгаа

уланбаатар“Монголчууд гэхээр л бөөн хог новш, хөглөрсөн эмх замбараагүй байдал, элдэв үнэр танар гадныхны ой тойнд төсөөлөгддөг” гэсэн өгүүлбэр уншиж байсан удаатай. Мэдээж анх уншсан даруйдаа жаахан дургүй хүрч, монголчууд шиг цэвэрч хүмүүс энэ дэлхийн хаана байна вэ” гэх тэрслүү бодол төрж, элэг нэгтнүүдээ өмөөрч байв. Харин сүүлийн үед “Дээрх үг хэчнээн гашуун ч үнэний ортой юм даа” гэж бодох боллоо. Гандангийн дэнжийн нэг гудамжийг засч, тохижуулж их л гоё болгож. Гэхдээ тэнд хүн амьдардаг, хүн амьдарч буй болохоор хэрэглээ байдаг, хэрэглээ байгаа болохоор хог гарна гэдгийг ер тооцоолж бодоогүй нь хачин.

Түүнээс гадна байгалийн сайхан жигдэрсэн, хүн амарч зугаалж болмоор газар хаана байна вэ, эргэн тойронд нь дүүрэн хог л байна. Хогон дунд амарч зугаалаад та алжаалаа тайлж чадах уу. Зуслан гарна, зунжин хуралдсан бөөн хур хог ус бороонд дагтаршсаар үнэр танар ч гэж хүн ойртохын арга байхгүй. Ер нь хогон дундаа жаргалтай инээсэн шигээ амарцгааж байдаг хүмүүс монголчуудаас өөр бий гэж үү. Улаанбаатар хотын гудамж, талбай гэж бас л дүүрэн хог. Сүүлдээ цэцэг тарьж байгаа нь энэ гээд ургасан, ургаагүй элдэв өвсний хог л их болж байх шиг. Намар болонгуут энд тэнд гандсан цэцэгсийн иш, навч сэрийж нөгөөхийг нь хэн авч, цэвэрлэх нь мэдэгдэхгүй бас л хог болдог. Тарих гэж баахан хөрөнгө зарахаа мэдсэн ч цэвэрлэнэ гэдгээ аягүй бол мартчихсан яваа.

Удахгүй намар болоход гандсан цэцгээ хэн цэвэрлэх, хэдэн төгрөг төсөвлөх вэ гээд бас л багагүй хэл ам болох биз. Хог тарих талаараа гаргууд ч түүнийг хэрхэн цэвэрлэх, цэвэр орчинд амьдарч болох тухай боддоггүй нь бидний сул тал. Уг нь эхлээд хаана ч очсон, амьдарсан, ямар нэгэн ажил төлөвлөсөн, эхлээд ямар хог бий болох, түүнийг хэрхэн зайлуулах, яаж цэвэрлэх тухайгаа төлөвлөөд дараа нь бүтээн байгуулалтаа хийж байвал цэвэрхэн орчинд амьдрах боломж бидэнд их бий. Хаана монголчууд байна, тэнд хог байна гэхийн оронд хаана монголчууд байна тэнд цэвэр цэмцгэр байдал оршиж байдаг гэдгээр дэлхий нийтэд гайхуулж суувал ядаж л бидэнд гадныхан суух сандлаа дуртайяа найр тавин өгөх бус уу.

Д.Лхагва-Очир

URL:

Сэтгэгдэл бичих