Г.Мандахнаран, О.Үйтүмэн нар алтан медаль хүртлээ

buhh_7.jpg.300x0_q85_crop_upscaleДолдугаар сарын 26-27-ны өдөр Казахстан улсын Жамбул мужийн Тараз хотын “Тараз-Арена” спортын цогцолборт тус улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Социалист хөдөлмөрийн гурван удаагийн баатар, академич Динмухамед Кунаевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн III дахь олон улсын тэмцээн боллоо.

Тус тэмцээнд Гүрж, Иран, Итали, Канад, Казахстан, Канад, Киргиз, Монгол, Тажик, Узбек, Украин зэрэг 11 орны 120 орчим бөхчүүд өрсөлдсөн байна.

Манай бөхчүүд энэ тэмцээнд гурав дах удаагаа оролцож 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран шувтаргын барилдаанд нутгийн бөх Д.Жумагазиевийг 4:3 онооны харьцаагаар, 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн шувтаргын барилдаанд мөн нутгийн бөх И.Азизовыг 11:7 онооны харьцаагаар ялж алтан медаль хүртлээ. Мөн 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр, 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж нар хүрэл медаль хүртлээ.


URL:

Сэтгэгдэл бичих