“Харамчийнхан”

11794_801Сүүлийн өдрүүдэд арилжааны банк зээл олгохгүй байгаа гэх яриа гарах болов. Үүнтэй зэрэгцэн гадныхан манай улсын зээлжих зэрэглэлийг буурсан тухай мэдээлээд хэд хонож байна.

ЗЭЭЛ СУДАЛЖ БАЙГАА НЭРЭЭР ХУГАЦАА ХОЖИХ АРГА

Өнгөрсөн лхагва гариг буюу 23-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан 18519 зээлдэгчийн 536.1 тэрбум төгрөгийг найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ. Мөн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн 21383 иргэнд 1201.3 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн тухай Төвбанкны цахим хуудсанд тэмдэглэсэн байв.

Монголбанкныхан зээл олгож буй гэх. Харин арилжааны банкууд зээл хүсэгчдийн өргөдлийг хэрхэн шийдвэрлэж буйг сонирхов. Банкны зээлийн эдийн засагчид “Манайх зээл хэвийн олгож байгаа” гэх жижүүрийн нэг хариулт хэлж байна. Орон сууцны зээл хөөцөлдөөд бүтэхгүй байгаа талаараа Сүхбаатар дүүргийн иргэн С.Болор-Эрдэнэ “Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн найман хувийн зээл хөөцөлдсөн боловч бүтсэнгүй. Бүтэн сар явсны эцэст эх үүсвэргүй гэх юм. Ингээд банкны 19-21 хувийн хүүтэй зээл авахаар хөөцөлдөөд сар гаруй болж байна. Бүтэж байгаа юм алга” гэв. Өгөх нь гэдийж, авах нь бөхийдөг бичигдээгүй хуулийг арилжааны банкныхан үг үсэгчлэн биелүүлж буй бололтой. “Сэргэн мандалт” группийн үүсгэн байгуулагч Б.Төмөрчулуун “Их хөрөнгөн дээр суусан хүмүүс өгөх хүний сэтгэлээр бус харамч хүний сэтгэлээр хандаж байна. Аль эсвэл огт мөнгөгүй хүн л ийм байдал гаргадаг юм” хэмээн хэлж байсан билээ.

Эрсдэлээ дааж буй учраас хариуцлагатай, хянамгай байх ёстой хэмээн банкны эдийн засагчид хэлдэг. Энэ тодорхойлолт төдийлөн бодит үнэнд дүйцэхгүй байгааг хүмүүс шүүмжилж байна. Манай улсын эдийн засаг хямарч, иргэдийн халаасан дахь хэдэн бор төгрөг үнэгүйдсэн нь тэднийг эрсдэлтэйд тооцох нэг шалтгаан болж байх шиг. Түүнчлэн зээлжих зэрэглэл буурсан нь эдийн засагт хүнд цохилт болно хэмээн эдийн засагчид хэлж байв.

ЭЗЭНДЭЭ ХҮРДЭГГҮЙ ЭЛДЭВ ТӨЛӨВЛӨГӨӨ

Манай улс үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлнэ. Экспортын бүтээгдэхүүнийг өсгөнө хэмээн янз бүрийн арга хэмжээ авч байгаа. Гэвч бодитой ажил болохгүй байгааг бизнесийнхэн хэлдэг. Өнгөрсөн тавдугаар сард Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд ирсэн зарим төсөл дэмжигдсэн хэдий ч одоог хүртэл зээлээ авч чадаагүй тухай яриа үүнийг батлах мэт.

Жижиг, дунд үйлдвэ­рийг хөгжүүлэх сан арилжааны банкуудтай гэрээтэй боловч тус сангаас дэмжигдсэн болгоныг санхүүжүүлнэ гэсэн заалт байхгүй хэмээн банкныхан хэлэв. Харин зээлийг судлахгүй байгаа талаар банкнаас тодруулахад “Манайд ирсэн зээлийг судлаад боломжтой нэгэнд нь олгосон” гэв. Гэтэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өгсөн мэдээллээр сүүлд дэмжигдсэн төслүүдэд зээл олгоогүй байгаа гэлээ. Тус сангаас дэмжигдсэн төсөл ажлын 10 хоногт харилцах банкаа сонгон судлуулах ёстой аж. Гэхдээ биз­нес эрхлэгчдэдээ бо­ломж олгохын тулд 45-60 хоног хүлээдэг хэмээн тэд хэлж байлаа. Төсөл нь дэмжигдсэн ч харилцагч банкныхан нь судлахгүй байгаа талаар нэгэн бизнес эрхлэгч манайд хандсан юм. Тэрээр “Харилцагч банк маань манайд энэ төрлийн зээлийг судлах ёстой гэсэн заавар ирээгүй гэсэн” гэв. Банкныхан судлахгүй, заавар хүлээсээр суутал санхүүжилтээсээ хоцорсон хүн байдаг бо­лов уу гэх сэрдлэг тө­рөв. Зээлийг судлахгүй бас олгохгүй байхад зээл­жих зэрэглэл буур­сан нь нөлөөлөв үү, эдийн засгийн хямрал нөлөөлөв үү. Ямартай ч арилжааны банк зээл олгохгүй байгааг олон эх сурвалжууд хэлж байна.

ЗЭЭЛИЙН ЭСРЭГ “ХЯМРАЛ”

Валютын ханш чангарч байгаа нь гаднаас валютын урсгал орж ирэхгүй байгаатай холбоотой хэмээн эдийн засагчид хэлдэг. Үүнийг дурдсаны учир нь өдгөө ам.долларын хаалтын ханш 1853.09 төгрөг, харин арилжааны банкууд 1850 төгрөгөөр авч 1865-аар зарж байх. Түүнчлэн арилжааны банкны зээлийн эргэн төлөлтөд ч энэхүү байдал нөлөөлж буйг эдийн засагч Л.Оюун хэлж байв. Судлаачдын үзэж буйгаар эдийн засаг хямарсан, зээлжих зэрэглэл буурсан нь яалт ч үгүй банкны зээлд нөлөөлнө гэв. Хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг төсөл нь дэмжигдэхээр зээл нь бүтэхгүй болжээ.

Зарим банк ойрын хугацаанд том төсөл, их хэмжээгээр гарах зээлийг олгохгүй ажээ. Тэд “Зохистой харьцаандаа хүртэл зээл олгосон” гэсэн юм. Арилжааны банкныхны барьцаа хөрөнгө хүрэхгүй байгаа гэдэгт ч учир бий хэмээн зарим хүн хэлсэн юм. Чанаргүй зээл өссөн, зээлийн эргэн төлөлт саарсан нь банкны зээлд шууд нөлөөлнө хэмээн судлаачид хэлж байна. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг сэн. Түүнтэй адил зээл өгөхгүй байхаар арга саам хайхад ч шалтаг олдоод байх бололтой.

 

Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих