Н.Энхбаярын тарьсан балаг дуусахгүй нь

энхбаярХамгийг араасаа дагуулж, толгойтныг бөхийлгөж тойгтныг сөхрүүлж явсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ажил, албан тушаал, алдар нэрээ ашиглан Монголын төрд ихээхэн хэмжээний хохирол учруулсан хэд хэдэн асуудлаар аавын хаалга татаж, улмаар төрөөс уучлал үзүүлсний хүчинд өдгөө Солонгос улсад биеэ эмчлүүлж байна.

Монголын улс төрийг бохир заваан замаар анхнаас нь хөтөлсөн томоохон бүлэглэлийг Н.Энхбаяр өөрөө толгойлж байлаа.Түүний албан тушаалаа ашиглан идэж уусан төрийн өмч хөрөнгө мундахгүй их. Н.Энхбаяртай хавьтсан, ойртсон бүхнийх нь намтар гэмт хэрэгтэн, сэжигтэн гэсэн гашуун түүхээр баяжиж ирсэн нь сонин. Гол нь түүний хар мөрөөр замнагсад нэг бус нэлээд олон байгаа нь харамсалтай.
Түүний хар мөрөөр замнаж, өөрсдийгөө гэмт хэрэгтэн болгосон нөхдөөс дурдвал казиногийн хэрэгт холбогдсон Б.Энхмандах, Гаалийн Х.Баатар, У.Барсболд, Г.Шийдэгдамба, Э.Эрдэнэжамъяан, До.Чулуунбаатар, Ц.Батбаяр, Т.Билэгт гээд нэлээд урт жагсаалт хөврөх нь.
Юун түрүүн дурсах нэгэн бол намынх нь Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, түүний зөвлөх Б.Энхмандах. Казиногийн хуулийг УИХ-аар батлуулахад МАХН-ын бүлэг дэмжинэ гэсэн амлалтын үнэ цэнэ болгож, хорин мянган долларыг Л.Байгалиас авахыг үүрэгджээ. Ингээд л гардаж авсан хүн нь Б.Энхмандах болж буруутав.
Дараагийн хүн бол Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатар. Төрд 107 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хар төмрийн наймааг гардан гүйцэтгэсэн хэрэгт унасан түүнийг Н.Энхбаяртай холбоотой гэдгийг тухайн үед хангалттай их шуугисан.
У.Барсболдыг Хөшөөтийн уурхайн хэрэг дээр нь нэмээд Богд уулын дархан цаазат газарт замбараагүй лиценз олгосон асуудал байнга дагаж явдаг. Энэ хэргүүдийнхээ дагуу олон ч жил хууль шүүхийн байгууллагад шалгагдаж яваа.
 Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамба.Н.Энхбаярын нөлөөгөөр сайд болсон тэрээр  алдар хүндийг эдэлж байх хугацаандаа бүхэл бүтэн 252 ширхэг газар эзэмших эрхийг бусдад хууль бусаар өгсөн гэдэг.
“Улаанбаатар таймс” сонины ,эрхлэгч асан До.Чулуунбаатарыг Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн барилгын хувьчлалд буруутай гэж шүүхээс үзэж ял оноосон байдаг. Энэ хэрэг мөн л Н.Энхбаяр, түүний гэргий Цолмон нартай холбогдоно.
Хууль зүйн дэд сайд байсан Э.Эрдэнэжамъяан нь Олон улсын цагдаагийн байгууллага Интерполд Монгол Улсын хууль зүйн дэд сайдын нэрээр “МАХН-ын дарга Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлах үйл ажиллагааг зогсоох”-ыг хүссэн захидал бичсэн билээ.
Түүний энэ үйлдэл нь АТГ-ын явуулж буй мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад учруулсан тул эрүү үүсгэн шалгах болсон юм.
Шадар туслахаар нь ажиллаж байсан Б.Тулгын хувьд мөн л адилхан. Олон жил Ерөнхийлөгч асныг дагаж, ахынхаа хамтаар хүчин зүтгэснийхээ төлөө 14 хоног хоригдоод гарсан. Гэм буруу нь түүнийх бус харин Н.Энхбаярынх. Б.Тулгын ах Б.Хуяг нь Н.Энхбаярын хүүгийн тэргүүлдэг “Ремиф” компанийн охин компани “Хар дун” компанийн захирал. Тэрхүү компани нь “Өргөө” зочид буудлын 75 хувийг хууль бусаар эзэмшсэн. Үүнд нь Б.Тулгыг холбогдуулж шалгаж байв. Одоо Б.Хуяг мөрдөн байцаалт явуулж эхэлсэн үеэс хойш гадаад улс руу оргон зайлсан гэдэг, одоо болтол хаана байгаа нь  тодорхойгүй байдаг.
УИХ-ын гишүүн, хотын дарга асан Ц.Батбаяр, хотын ИТХ-ын дарга асан Т.Билэгт нарын хүмүүс  мөн л түүний балгийг үүрэхээр гэмтэн болчихоод байна. Энэ сарын 23-нд Нийслэлийн шүүхээс Өргөө зочид буудлыг хууль бусаар хувьчилж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр Ц.Батбаярт 2,1 жилийн ялыг биеэр эдлүүлэх, Улаанбаатар таймс сонины хувьчлалтай холбоотой асуудлаар Т.Билэгтэд ял төлөвлөсөн боловч “Өршөөлийн тухай тухай хууль”-ийн дагуу ялгүй болгох шийдвэр гаргажээ.
Ц.Батбаяр Хотын Засаг даргаар ажиллаж байхдаа НИТХ-аас өгсөн чиглэлийг зөрчиж, нэг сая төгрөгийн дүрмийн сантай, нэг гишүүнтэй, байгуулагдаад 10-хан хонож байсан “Хар дун” хэмээх компанид тухайн үеийн 605 сая төгрөгийн үнэлгээтэй байсан “Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшүүлэхээр шийдсэн байдаг. Энэ шийдвэрийн улмаас тухайн обьектийг 137 сая төгрөгөөр үнэгүйдүүлсэн гэж шүүх үзэж түүнд ял оноох үндэс болгожээ.
Ийнхүү Н.Энхбаярын ойртсон, нөхөрлөсөн бүхнээ гэмт буруу үйлийнхээ золиос болгож, бусдын гараар могой бариулж, өөрийнхөө тарьсан балгаа бусдад үүрүүлж, уснаас хуурай гарч чаддаг байдал нь бусдыг гэмтэн болгосоор. Түүний хар мөр, тарьсан балаг цаашид ч үргэлжлэх учраас өдгөө ойртон нөхөрлөж буй  улс төрийн хүрээнийхэн болгоомжтой байхад илүүдэхгүй биз.

Б.Онон

URL:

Сэтгэгдэл бичих