Төрийн өмчийн 4 давхар зориулалтын орон сууцыг хотын захын подвалын үнээр түрээсэлжээ

Snapshot_2014-07-25_121938“Их тэнгэр” цогцолборын 24 дүгээр байр нь 1978 онд баригдаж ашиглалтад орсон цэвэр талбай 3455 метр квадрат бүхий төвлөрсөн цахилгаан, дулаан, цэвэр бохир усны шугамтай холбогдсон, 1.930.462.200 /нэг тэрбум есөн зуун гучин сая дөрвөн зуун жаран хоёр мянга хоёр зуу/ төгрөгийн балансын өртөгтэй 3-н давхар орон сууцны барилга болно.

Хуулиар төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон төрийн албан тушаалтан, иргэн, гадаад орны өндөр, дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг нь хангах зорилгоор “Их тэнгэр” цогцолборыг тусгай үйлчилгээний алба болгон Засгийн газрын 2002 оны 106 дугаар тогтоолоор Төрийн тусгай хамгаалалтын газарт шилжүүлснээр өдгөө Төрийн тусгай хамгаалалтын газрын эзэмшилд байна.

Засгийн газрын 1995 оны 127 дугаар, 2012 оны 65 дугаар тогтоолоор төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх ёстой зүйлсийн жагсаалтад орсон “Их тэнгэр”-ийн амны “Их тэнгэр” цогцолборын 24 дүгээр байрыг “Номин холдинг” ХХК-д түрээслүүлэх шийдвэрийг тухайн үеийн Төрийн тусгай хамгаалалтын газар, “Номин холдинг” ХХК, Төрийн өмчийн хорооны эрх бүхий албан тушаалтнууд гаргаж 2004, 2007 онуудад түрээсийн гэрээ байгуулсан байна.

Түрээсийн  гэрээг 2007 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шинэчлэн хийхдээ цэвэр талбайг 2952 метр квадрат болгон талбайн хэмжээг бууруулсан, 1 метр квадрат талбайн үнийг хотын захад байрлалтай байрны подвалтай адилтган бууруулан 3300 төгрөгөөр тооцон жилд 116,899,200 төгрөгийн түрээс төлж 8 жилийн хугацаатай ашиглахаар хийгдсэн байдаг. Мөнтүүнчлэн тус компани нь байр ашиглалтын тогтмол зардал болох дулаан, цэвэр бохир усны зардлыг төлдөггүй байсан.

“Номин холдинг” ХХК нь төрийн өмч 24 дүгээр байрыг гадаадын иргэн, хувь хүмүүст 17 айлын сууц бүхий 3455 метр квадрат талбайн 1 метр квадрат талбайг 32,000 төгрөгөөр тооцон жилд 1,064,832,000 төгрөгийн орлого олж байгаа гэж үзэж байна.

Төрийн өмчийн хорооны 2007 оны 3 дугаар сарын 15-ны хурлын тэмдэглэлийг үндэслэн хөрөнгө оруулалтыг дамжуулан түрээслэх орлогоос олох давуу боломж олгон хөрөнгө оруулалтын зардлыг нөхөх хугацааг харгалзан түрээсийн гэрээг 8 жилийн хугацаатай байгуулсан.  Өөрөөр хэлбэл 1,217,112,600 төгрөгийн хөрөнгө оруулалтыг жилд 152,139,075 төгрөгний орлого олсоноор хөрөнгө оруулалтыг нөхнө гэж тооцсон. Энэ нь одоогийн нөхцөл байдлаар  “Номин холдинг” ХХК нь 24-р байрыг гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгжид дамжуулан түрээслүүлснээр олж буй орлоготой харьцуулан үзэхэд ердөө 2 айлын жилийн түрээсийн төлбөр юм. Энэ оны 05-р сарын 01-ний өдрийн байдлаар “Номин Холдинг” ХХК нь 24-р байрыг 17 айлд түрээслүүлж байсан.

Эндээс үзэхэд “Номин холдинг” ХХК нь 2007 оноос хойш хөрөнгө оруулалтын зардал 1,2 тэрбум төгрөгийг нөхөн олсон гэдэг нь ойлгомжтой юм. Дээрх тооцоонд Ш.Баярсайханы амьдарч буй байрны түрээсийн орлогыг тооцоогүй болно.

Энэ нь төрийн өмчийг илт үнэгүйдүүлэн хууль зөрчсөн түрээсийн гэрээ байгуулж, давуу эрх эдлэн, өөрийн эрх ашигт нийцүүлэн түрээсийн гэрээнд хамаарахгүй нөхцлийг тусгасан, цааш дамжуулан түрээсэлж ашиг олж байгаа төдийгүй, цаашилбал давуу эрхээр хувьчлан авахыг санаархсан гэж үзэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих