Ниргэсэн хойно нь хашгирч суух гэж
Харин шүлхий өвчний талаарх хэл ам намдаагүй шахуу байхад Завхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дөрөвдүгээр багийн Нарангийн гол, нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд боом өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон хэвээр байна. Тэр байтугай Булган аймгийн Хишиг-Өндөр суманд боомоор өвчилсөн малаас хүн халдварлаж, эмчилж буй тохиолдол бий. Өөрөөр хэлбэл, малын гаралтай өвчнийг бууруулах талаар дорвитой ажил хийж чадахгүйгээс шүлхий, боом байнга гарч байгааг үгүйсгэхгүй. Гэтэл Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва өвчин гараад хүнд халдварласан хойно нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын Ерөнхий байцаагч Д.Батмөнхийг дуудан уулзаж, үүрэгдэж суух гэж. Нэг ёсондоо ниргэсэн хойно нь хашгирна гэгчийг харуулж суух юм.
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва хоёрхон хоногийн өмнө боом өвчний голомтыг устгах, урьдчилан сэргийлэх үүднээс улсын Ерөнхий байцаагчийн албан даалгавар гарган аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга, тухайн орон нутаг дахь Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагуудад үүрэг өгөхийг чиглэл болгосон юм. Нөгөөтэйгүүр цаашид вакцины зайлшгүй нөөц бүрдүүлэх, ариутгалын бодисын чанарт анхаарах, хил дамнасан гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс боомтуудад эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг эрчимжүүлэхийг үүргэдэв. Мөн зорчих хөдөлгөөн ихтэй боомтууд, тухайлбал Замын-Үүд, Дорнод аймгийн Өвдөг Баянхошуу боомтод халдваргүйжүүлэлтийн пунктыг яаралтай ашиглалтад оруулж түүнд хэрэглэх химийн бодис, нөөц, чанарт анхааруулж байгаа нь хэр оновчтой вэ. Уг нь энэ бүхнийг малын гаралтай өвчин гарахаас урьдчилан сэргийлж байнгын хяналт байлгаж сурмаарсан.
С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
URL: