Ж.ЖАМУЛ: АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2000-ААС ДЭЭШ ГАРВАЛ МАНАЙ УЛС ГАДААД ӨРӨӨ ТӨЛЖ ЧАДДХГҮЙД ДӨХНӨ
салбарын цаашдын хөгжлийн талаар ярилцлаа. Тэрбээр өмнө нъ АНУ-ын хөрөнгө оруулалтын “Родтэн энд Рэншоу” банкинд захирлаар ажиллаж байсан санхүүгийн мэргэжилтэн юм.
-Эх орондоо ирээд хэр удаж байна. Энэ удаад ямар ажлаар ирэв?
-Ирээд гурав хонож байна. Монголд ашигт малтмалын төсөл дээр ажиллаж байгаа. Миний хувьд хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулсан “Mogul Ventures Corp”-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Өмнө нь хөрөнгө оруулалтын банкир байсан. Хэд хэдэн банкинд ажиллаж байлаа. Монголд хөрөнгө оруулалтын чиглэлээр тодорхой хугацаанд ажилласан болохоор энэ удаа тэр ажлаараа л ирлээ.
-Ашигт малтмалын төсөл дээр ажиллаж байгаа гэлээ. Яг ямар төсөл дээр ажиллаж байгаа вэ?
-Нүүрс болон металлын төсөл. Түүнийгээ цааш нь орд болгоод ажиллуулахыг зорьж байна. Энэ төсөл маань Дундговь аймгийн нутагт хэрэгжиж байгаа юм.
-Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлээд багагүй хугацаа өнгөрлөө. Эрх баригчдын зүгээс дэлхийд эдийн засгийн хямрал үүссэн нь манай улсад нөлөөлж байна гэсэн тайлбарыг өгдөг. Үнэхээр эрх баригчдын хэлж байгаа шиг дэлхийн эдийн засаг хүнд байгаа юм уу?
-Энэ хариултыг бүрэн үнэн гэж хэлэх аргагүй. Дэлхийн эдийн засгийн хүндрэл манай улсад нөлөөлөх нь аргагүй. Ялангуяа БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурч байгаа нь манай улсад нөлөөлнө. Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн суурь нь маш бага учир олон улсын эдийн засгийн байдал хэцүү байсан ч үүнийг даваад өндөр өсөлттэй явах бүрэн боломж байсан. Хэдийгээр нүүрс болон зэсийн ханш дэлхийн зах зээл дээр унасан ч манай улс үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулсан. Барааны үнэ унаж болно. Харин бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг бууруулах ёсгүй. Мөн өөр эдийн засгийн боломж үүсэхийг буруу бодлого явуулаад унтраачихсан. Тийм учраас эрх баригчдын тайлбар бодит үнэний 40 хувьд л хүрэх байх.
-Ямар буруу бодлого явуулсан гэж?
-Ер нь бол улс төр болон хууль эрхзүйн тогтворгүй байдал. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг анх сонгуулийн пи-ар болгосон. Үүнээс болж Монгол Улс хохирсон. Учир утгагүй хууль гаргасан. Энэ хуулиа өнгөрсөн онд няцаасан. Үүнээс гадна эдийн засгийн гол түшиг тулгуур болсон уул уурхайн томоохон төслүүд дээр улс төр хийж, маргаан үүсгэсэн. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаа зогсонги байдалд шилжсэн. Худалдан авагчид манайхыг найдваргүй улс байна гээд эрэлтээ өөр тийш нь чиглүүлсэн. Манай улс бодлогоо буруу цаг үед явуулсан. Нуүрсний үйлдвэрлэлт нь эрэлтээ давсан энэ цаг үед манай улс бодлогоо суллах ёстой байсан. Гэтэл улам чангалсан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Ингээд нүүрсний салбараа унагаасан. Дэлхийн эдийн засаг төдийгүй Хятадын эдийн засгийн өсөлт-буурч байсан шүү дээ. Дэлхийд олборлоход хамгийн амархан ба чанартай коксжсон нүүрсний ордоо ашигтай ажиллуулаж чадахгүй бол яах вэ дээ.
-Өнгөрсөн онд Хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчлэн баталсан шүү дээ. Энэхүү хууль гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудна хэмээн хууль санаачлагчид үзэж байгаа. Үнэхээр тэдний хэлж байгаа шиг сайн хууль болж чадсан уу?
-Хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль бол хөрөнгө оруулагчдыр татах нааштай болсон. Гэхдээ цаад зарчим нь хэдэн жил болоод л юм арай сайжрахаар бужигнаад тэгээд яг хямрал руу орох үед чангалаад дараа нь буцаж гуйгаад байдал ийм тогтворгүй байдал маш хэцүү. Аль эсвэл тогтвортой чанга хуультай байж болно. Зүүн хойд Азид моодонд их ороод байга Мьянмар гэж улс бий. Тус улс ашигт малтмалынхаа 50 хувийг авдаг. Бизнес хийх гэж байгаа пүүс компаниуд нь ямартай ч 50 хувиа өгөх юм байна гэж тооцоолоод ашигтай бол хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаагаа явуулдаг, Гэтэл манайд хөрөнгө оруулалт хийгээд ороод ирэхээр хуулиа өөрчилчихдөг. Аливаа төсөлд хөрөнгө оруулалт босгоно гэдэг маш хэцүү.
-Гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажилладаг хүний хувьд Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт сэргэх төлөв ажиглагдаж байна уу?
-Манай төр засаг пааникт орчихсон байна. Төгрөгийн ханш түүхийн хамгийн доод цэгтээ орлоо. Би үүнийг хоёр жилийн өмнө хэлж байсан. Хэрвээ энэ байдал цааш үргэлжлээд ам.долларын ханш 2000 төгрөгнөөс дээш гарвал манай улс гадаад өрөө төлж чадахгүй хүрч магадгүй. Пааникд орчихсон байгаа төр засгийнхан эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хэдэн жил нураасан зүйлийг 100 хоногт сэргээнэ гэж байхгүй. Аливаа бүтээн байгуулалтыг хийхэд нураахаас илүү цаг хугацаа шаарддаг. Манайд л бүтээж босгох нь хурдан байна гэж байхгүй. Олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол Улсын эдийн засаг есөн хувиар өснө гэж төлөвлөж байгаа. Есөн хувь гэдэг бол бага тоо биш. Гэхдээ есөн хувь хаанаас гарч байгааг ойлгох хэрэгтэй.
-Хаанаас гарч байгаа гэж?
-Энэ есөн хувь олон жилийн өмнө эхлүүлсэн “Оюутолгой” төсөлтэй шууд холбоотой. Манай улсын эдийн засаг ганц “Оюутолгой” дээр түшиглэж болохгүй. Уг нь манай улс гуравдагч хөрш гэсэн гадаад бодлоготой. Гэтэл бодлогын үүднээс гуравдагч хөрш орнуудаа гаргаад явуулчихсан. Улаанбаатарт барууны хүмүүс харагдахаа больсон байна. Тэгээд бид ОХУ болон БНХАУ-тай хамтран ажиллана. Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгт элсэнэ хэмээн ярих юм. Үе дамжиж, өчнөөн жил хэрэгжиж ирсэн гуравдагч хөршийн бодлого хаана байна вэ. Үүнийг эдийн засгийн үүднээс устгаж байгаа юм уу. Гэхдээ ер нь бол хөрөнгө оруулалт сэргэх байх. Өнгөрсөн жил гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзахад Монгол Улс гэхэд шууд цаашаа гэдэг болчихсон байна билээ.
-Төр засаг пааникаас гарахын тулд юу хийх ёстой вэ?
-Би төрийн дотор юу болж байгааг мэдэхгүй. Гаднаас ажиглаж буй хүний хувьд хэлэхэд хаанаас амархан мөнгө олох вэ, хаанаас амархан эдийн засгийн үйл ажиллагаа олдох бол гэдэг зарчим давамгайлж байх шиг. Одоогийн байдлаар манай хоёр хөршөөс олдох л байх яагаад гэвэл Украины дайнаас үүдэн ОХУ-тай бусад улсын харилцаа хүйтэрч байна. Тэгэхээр манай улс Оросын найз болох нэг хувилбар байх шиг байна. БНХАУ бол манай улсын хамгийн том хөрөнгө оруулагч. Ер нь улс орон эдийн засгийн сууриа олон салбарт тулгуурладаг. Гэтэл манай улс улам нарийсгаж, нэг л чиглэл рүү хандуулж байна. Улам хөршүүдээс хамааруулахаар чиглүүлж байгаа нь буруу.
-Манай улс “Чингис” бонд гаргаж босгосон мөнгөө зарцуулаад дуусч байх шиг байна. Энэ нь эдийн засгайн өсөлтөд дэмжлэг болсонгүй шүү дээ?
-Төр бонд гаргаж, зээл тавьж болно. Гэхдээ зээлсэн мөнгөөр хүүгээ даваад эдийн засагт ашигтай байх зүйлд хөрөнгө оруулалт хийж байж ашигтай зээл, ашигтай ажиллагаа болно. Тэр мөнгө эдийн засгийн үйл ажиллагаанд хаана орсныг би мэдэхгүй. Миний ажиглаж байгаагаар хотын замуудыг сайхан янзалсан байна. Хотоор явдаг хүний хувьд надад гоё байна билээ. Эдийн засгийн үр өгөөжтэй юу, зам нь чанартай юу гэдгийг хэлж мэдэхгүй. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулсан байх. Жижиг, дунд үйлдвэр бол дотоодын зах зээлд байж болно. Харин эдийн засгаа аваад явчих ба их хэмжээний валют олох чадалтай зүйл бол биш,
-Ер нь валютын ханшийн өсөлт энэ байдлаар хэр удаан үргэлжлэх. Үүнийг зогсоох арга байгаа юу?
-Төгрөгийн ханш зах зээлийн системээр эрэлт, нөөцийн функцээс шалтгаална. Төгрөгийн ханшийг юу барьж байгаа вэ, валютын нөөц хэр зэрэг байгаа ю, валют олох эдийн засгийн бололцоо нь хаана байгаа дээр төгрөгийн ханш тулгуурлаж байгаа. Түүнээс биш “Найман шарга”-ын хэдэн ченж унагааж чаддаг юм биш.
-Манай улсын түүхийн эдийн үнэ дэлхийд өрсөлдөх чадваргүй гэдэг. Өрсөлдөх чадварын нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?
-Нүүрс, төмрийн-хүдэр зэрэг зарим нэг түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлээс доогуур байгаа нь зөвхөн БНХАУ д экспортлож байгаатай холбоотой. Тухайн үед аль болох хямдаар авахыг бодно. Тэр утгаараа үнэ унагах бүхий л аргыг хэрэглэж байгаа.
-Манай улсын төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг “Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалт зогссоноор уурхайн үйл ажиллагаа бүхэлдээ зогсонги байдалд орлоо. Энэ нь манай улсын Засгийн газар болон төсөл хэрэгжүүлэгч “Рио Тинто”-гийн хооронд үүссэн маргаантай холбоотой байх?
-”Оюутолгой” бол “Рио Тинто”-д чухал төсөл. Мөн зэсийн зах зээлд чухал төсөл. Гэхдээ зэсийн үнэ уначихлаа. Дэлхийн томоохон ашигт малтмалын компаниуд яаж үндсэн хөрөнгө оруулалтаа багасгах вэ, яаж зарим нэгэн объектуудаа зарах талаар бодож байна. Ийм үед нь Засгийн газраас “Оюутолгой” төсөлд маргаан үүсгээд эхэлсэн нь хөрөнгө оруулалтаа яаж багасгах вэ гэж бодож байсан “Рио Тинто”-д завшаан болсон. “Оюутолгой”-д хөрөнгө оруулах байсан ч бидний буруугаас бус Монгол Улсын Засгийн газрын буруугаас болж оруулаагүй учир хөрөнгө оруулалтаа хойшлуулсан гэж хувьцаа эзэмшигчиддээ тайлбарлах завшаан болсоон.
-Энэ нь манай улсын Засгийн газар мэдрэмжгүйгээс болоод ийм байдалд хүрсэн гэж ойлгож болох уу?
-Мэдрэмжгүйгээс болоод байна уу, аль эсвэл мэдрэмжтэй байгаад улс төр хийгээд улс эх орны эрх ашгийн эсрэг ажиллаж байна уу гэдгийг ойлгохгүй л байгаа.
-”Оюутолгой” төсөл хэзээ бүрэн утгаараа хэрэгжих бол. Үүнд манай улсын эдийн нөхцөл байдал нөлеөлөх үү?
-”Оюутолгой” төсөл цаашид үргэлжлэх нь тодорхой. Манай улс анх хүчтэй маргаан үүсгэж байснаа одоо сулруулсан. Гэхдээ Монголын талд хэцүү байна байх. Мөн манай улсын эдийн засаг болон улс төрийн нөхцөл байдлаас болж нэлээд хэдэн жил алдах байх.
-Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар зөвхөн “Чалко”-гийн өрийг төлөхийн төлөө ажиллаж байна. Ер нь төрийн шууд оролцоотой энэхүү төсөл цаашид хэр хол явах бол?
-Миний бодлоор байгаа зүйлээ хувьчилсан нь дээр байх. Дэлхийн хамгийн сайн чанартай коксжсон нүүрстэй Тавантолгойн орд газрыг ашигтай ажиллуулж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрөөд хувьчлах хэрэгтэй. Татвараа аваад сууж байсан нь манай улсад ашигтай.
-Монгол Улс байгалийн баялагт түшиглэж хөгжих нь хэр нийцтэй вэ?
-Монгол Улс шиг цөөн хүн амтай орон уул уурхай дээр түшиглэж хөгжинө. Бусад орнууд үйлдвэрлэлээр хөгждөг. Америк, Европын баян орнуудын өмд цамцыг үйлдвэрлэж хөгждөг. Хятад улс ч гэсэн энэ замаар хөгжсөн. 2.9 сая хүн амтай, далайн боомтгүй улс хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөж чадахгүй. Тиймээс байгалийн баялагтай улсууд буюу Арабын орнуудын замаар хөгжинө. Ашигт малтмалынхаа үр өгөөжийг зөв хөрөнгө оруулалт хийгээд эдийн засгаа олон салбартай болгоод хөгжих ёстой гэж боддог.
-Уул уурхайн салбарыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн тулд манай төр засаг бодлогын хүрээнд яаж дэмжиж ажиллах ёстой вэ?
-Ямар ч ордыг уурхай болгохын тулд 5-10 жил зарцуулна. Тиймээс 10-15 жил манай төр засаг уул уурхайн салбарын бодлогоо тогтвортой байлгах ёстой.
-Мооdy’s агентлагаас өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулснаа зарласан. Энэ нь Монгол Улсад хэр хохиролтой байх бол?
-Энэ бол Монгол Улсын эдийн засаг болон улс төрийн нөхцөл байдлыг дүгнэсний үр дүнд гарч байгаа зүйл. Түүнээс унагааж байгаа зүйл биш. Байгаа байдал дээр суурилан Монгол Улсын эрсдэл өндөр болныг дүгнэсэн. Энэ бол манай улсад сөргөөр нөлөөлнө. Дараагийн бондыг бага хүүтэй гаргаж чадахгүй. Гэхдээ үүнийг давж болно. Улс орнуудын рейтинг унаад сэргэж байдаг. Гагцхүү сэргээхийн тулд зөв эдийн засгийн бодлого явуулах хэрэгтэй.
Б.ДАВААТОГГОХ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: