Б.Билэгтэд мандуулсан Х.Тэмүүжингийн гомдол цагдаа нарыг цолгүй баярлуулахад хүргэв

a16Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн цагдаагийнхантай хийсэн тэмцэл хүчээ авч, арга нь улам нарийссаар байгаа бололтой.
Хамгийн сүүлд гэхэд тэрбээр Цагдаагийн баярын үеэр болдог томоохон арга хэмжээ буюу цагдаа нарт цол тэмдэг олгох ажиллагааг цуцлах тухай шийдвэрийг гаргажээ. Ингэснээр өдөр шөнө, халуун хүйтнийг үл ажиран үүргээ гүйцэтгэдэг энэ салбарынхан жилдээ ганц тохиодог баяраа сүр дуулиан багатайхан өнгөрөөсөн аж. Мөн алба хаагчид нь сайдынхаа барьсан гэнэтийн “бэлгэнд” цочирдсон гэдгээ нуугаагүй бөгөөд Х.Тэмүүжингийн Б.Билэгттэй эхлүүлсэн дайн жирийн цагдаа нарт ямар ч хамаагүй” гэцгээж буй юм. Тэгвэл энэ үйл явдлыг улс төрийн хүрээнийхэн ч бас ам уралдан ярьцгааж байна.

Тодруулбал, “Х.Тэмүүжин Б.Билэгт хоёрын таарамжгүй харилцааны золиос нь мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа цагдаа нар боллоо” гэцгээж буй юм. Үнэндээ цагдаа нарын хувьд цол гэдэг юу юунаас ч илүү чухал. Тэдний хувьд цол авна, цолоо ахиулна гэдэг хамгийн том баяр нь байдаг. Гэтэл салбарын сайд нь өөртөө харьяалагддаг алба хаагчдынхаа баярласан сэтгэлийг хараар будах мэргэн аргыг олсон нь дээрх шийдвэр бөгөөд басхүү тэрбээр эл үйлдлээрээ Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгттэй эхлүүлсэн дайн дуусаагүй байгаа шүү гэдгийг нотлон харуулав. Харин сайдынхаа барьсан энэхүү гэнэтийн бэлгэнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгт ямар хариу өгөх нь одоогоор тодорхойгүй байна.

Тэдний хооронд өрнөсөн дайны оршилыг сөхвөл Хууль зүйн сайд Х.Тэмүүжин анх өөрийн твиттер хуудсаараа дамжуулан дундаа шидсэн хэрүүлийн алимаа олон нийтэд дэлгэн хуваалцаж эхэлсэн. Тодруулбал тэрбээр “Томилогдохдоо шинэчлэлийг дэмжинэ гэж ам гарчихаад, эрх мэдэлд очсоныхоо дараа зангаа хувиргаж, сандал ширээ, цол хэргэмд толгойгоо мэдүүлж шинэчлэлийг эсэргүүцэж, ардчиллыг өмчлөх гэж оролдох тэр хар малыг тэвчих арга алга. Новш…” хэмээн бичсэнээр олон нийт тэдний хооронд ан цав гарсныг анх мэдсэн. Үүний дараахан Х.Тэмүүжин сайд мөн л өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Цагдаагийнхан даргынхаа заавраар над дээр гүйцэтгэх ажиллагаа явууллаа” хэмээн бухимдсан байсан юм.

Харин үүний хариуд цагдаагийнхан түүнтэй холбоотой таагүй буюу хар тамхичин охинтой холбоотой байсан гэх мэт баримтуудыг ээлж дараалан дэлгэснээр өөрийгөө хүндэлдэг ёс зүйтэй хүн бол ард түмнээсээ уучлалт гуйгаад суудлаа тавьж өгөх хүртэл нь улалзуулсан юмдаг. Үнэндээ энэ бол Х.Тэмүүжингийн эсрэг Б.Билэгтийн нүүсэн шатрын нүүдэл, тэгэх тэгэхдээ МАД байсан гэхэд болно. Гэвч Х.Тэмүүжин сайд энэ бүхнийг үл тоон ЦЕГ-ын дарга Б.Билэгт болон түүний мэдэлд байдаг цагдаа нарын хийсэн явуулга хэмээж, өөрийгөө өрөвдүүлэх бүх л аргыг хэрэглэсээр ирсэн. Ямар сайндаа л эрхэм сайдтай холбоотой асуудлыг харьяалагддаг Байнгын хорооны хуралдааны үеэр хэлэлцэх үеэр тэрбээр “Би буруугүй. Энэ бол Б.Билэгтийн хийж буй явуулга. Би хүүхэнтэй холбогдоогүй” хэмээж, улмаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгтийг шалгуулахаар УЕП, ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст гомдол гаргалаа хэмээж байх вэ. Энэ тухай үндэслэлээ тэрбээр “Хуульд гүйцэтгэх ажиллагааг тагнуул, тахар, цэрэг, цагдаа, хорих байгууллагын ажилтнууд хуулиар өөрт харьяалуулсан гэмт үйлдэлд прокурорын зөвшөөрлийн үндсэн дээр бусдыг тагнаж, эрэн сурвалжилж болдог. Гэтэл цагдаагийнхан прокурорын зөвшөөрөл аваагүйгээс гадна, хуулиар харьяалаагүй гэмт хэрэгт холбогдуулж намайг мөшгисөн байх магадлалтай. Иймээс хувийн ашиг сонирхлоор тагнаж, чагнасан” хэмээн тайлбарласан байсан юм.

Гэвч түүний гаргасан гомдол ямар шатандаа яваа нь одоо хүртэл тодорхойгүй байгаа. Уг нь улс төрийн хүрээнийхэн Х.Тэмүүжин Б.Билэгт хоёрыг аль алийг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ойрын хүмүүс гэдэг. Мөн Х.Тэмүүжинг МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж байх үед Ерөнхийлөгч улс төрд татан оруулсан ч гэдэг билээ. Гэвч Ерөнхийлөгчийн “цэргүүд” хоорондоо маргалдаж улмаар Х.Тэмүүжин Б.Билэгтийг суудлаас нь “зайлуулах” гэж нэлээдгүй оролдсон, түүний энэ мэт үйлдэлд эгдүүцсэн генерал баяр ёслол гээд томоохон арга хэмжээний үеэр Хууль зүйн сайдаасаа гардсан Тэргүүн комиссар биш харин Ерөнхийлөгчийн гараас авсан бригадын генералын хувцсаар гангарах дуртай гэж байх вэ.

Үүнийгээ тэрбээр Х.Тэмүүжин бацаанаас авсан цолны хувцсыг хэзээ ч өмсөхгүй гэж аархдаг юм гэсэн. Гэтэл хэдхэн хоногийн өмнө цолтой холбоотой ийм нэг асуудал дэгдэж. Хамгийн сонирхолтой нь Х.Тэмүүжин сайд энэ бүх сайн муу санаачлагынхаа хариуд Б.Билэгт хэмээх нөхөрт мадлуучихаад байдагт хэргийн учир байгаа юм. Тиймээс л энэ удаад тодруулбал, Х.Тэмүүжин сайд Цагдаа нарын баярын өдрөөр цол олгох томоохон арга хэмжээг болиулсны хариуд Б.Билэгт ямар хариу өгөх бол гэдэг нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм.

 

Л.ГЭРЭЛ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих