Хятадын хөрөнгө оруулалт үндэсний аюулгуй, байдалд нөлөөлж эхэллээ

Манай улсын байгалийн баялаг олон улсын сонирхлыг татаж эхэлсэнтэй холбоотойгоор үндэсний аюулгүй байдал давхар хөндөгдөж байна. Сүүлийн cap гаруйн хугацаанд үндэсний аюулгүй байдлыг хөндсөн хэд хэдэн хуралдаан болсон нь уг асуудал судлаачдын анхаарлыг татаж  эхэлснийг илтгэнэ. Хамгийн эхний жишээ бол нефть бүтээгдэхүүний хувьд ганц улсаас хараат байснаар ямар өндөр эрсдэл туулж болохыг яс махаараа мэдэрч буй явдал юм. Тиймээс оросууд руу “ах аа” хэмээн гүйхээс урьтаж “муу санаа”-лахад гэмгүй.

Түүнчлэн, Хятад гүрэнтэй үндэсний аюулгүй байдлаа хамгаалах бодлого баримталж харилцах зайлшгүй цаг үе иржээ. Учир ньтус улсын хөрөнгө оруулалт үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байгааг Гадаад харилцааны яамнаас анхааруулсан байна. Тодруулбал, манай улс дахь нийт хөрөнгө оруулалтын 30 хувийг Хятадын хөрөнгө оруулалт эзлэж байгаа аж. Үүн дээр манай улсын экспортын 80 орчим хувийг тус улс бүрдүүлдэг гээд ярих юм бол хятадгүй зүйл Монголд ховор болжээ.

Ялангуяа, уул уурхайн салбарт урд хөршийн хөрөнгө оруулалт өндөр хувьтай байна. Хятадын хөрөнгө оруулалт давамгайлснаар тус улсын бодлогын нөлөөнд автах магадлал нэмэгдэж байна гэсэн үг. Тухайлбал, нүүрсний салбарт урд хөршийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь салбарын хувь заяаг тэдний гарт атгуулж байгаатай ижил гэвэл хилсдэхгүй аж. Тус улсын нүүрсний хэрэгцээ 2015 онд хоёр тэрбум, 2025 он гэхэд 4.5 тэрбум болж өсөн нэмэгдэх төлөвтэй байна.

Тус улс 2015 он гэхэд 111 сая тонн, 2025 онд 135 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвтэй байгаагаас ихэнх хэсгийг Монголын говиос нийлүүлэхээр төлөвлөсөн тухай олон улсын сайтуудад бичжээ. Тиймээс урд хөрш хөрөнгө оруулалтаа манай улсын нүүрсний салбарт нэмэгдүүлэх гэж хичээж буй нь зөвхөн ашиг харсан үйлдэл гэвэл эндүүрэл аж. Товчхондоо,тэд Монголын баялгийг дэлхийн улсуудтай хуваалцах дургүй байна. Энэ бол зөвхөн нүүрсний салбараар авсан нэг л жишээ.

Хятадын хөрөнгө оруулалт давамгайлснаар хөдөө аж ахуй, тэр дундаа ноос ноолуурын салбарт манай улс бодлогоо хэрэгжүүлэх бололцоо хомс болж байна. Манай улс ноолуурын хятад ченж нарыг дамын наймаачин төдийхнөөр хүлээн авах нь бий. Гэтэл тэд ноолуурын салбар дахь урд хөршийн томоохон хөрөнгө оруулагч нарын төлөөлөл юм. Тэд ашгийн төлөө явахаас гадна ноолуурын салбарыг гартаа авах замыг засахын тулд зарим тохиолдолд алдагдал хүлээхэд ч бэлэн байна.

Үүний жишээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тод ажиглагдаж байна. Дэлхийн зах зээлийн ханшаас өндөр үнээр авах замаар дотоодын ноолуурын үйлдвэрүүдийг түүхий мэдийн хомсдолд оруулж, үйл ажиллагааг нь сулруулна. Улмаар дотоодын компаниудыг бүхэлд нь түлхэн унагана. Үүний дараагаар ноолуурын үнийг хүссэн хэмжээгээрээ бууруулах боломжтой болж ирэх жишээтэй.Энэ үед зөвхөн нэг улсаас хараат Монгол Улс ноолуурын салбарт өөрийн бодлогоо хэрэгжүүлэх ямар ч боломжгүй болж хувирах юм.

Манай улс уул уурхайн салбар руу хэт улайрч байгаа. Тэгвэл уг салбар асар их хэмжээний дэд бүтэц шаарддаг онцлогтой. Зөвхөн уул уурхайн салбарт 2010-2015 онд зургаан тэрбум, эрчим хүчний салбарт 9.1 тэрбум ам.доллар шаардлагатай. Үүний хажууд төсвөөс гарч буй 600 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бутархай мөнгө л гэсэн үг.

Гэхдээ энэ жилийн хувьд гаргаж чадах дээд хэмжээ нь л энэ. Үлдсэнийг нь гадны хөрөнгө оруулалтаар хийхээс өөр аргагүй. Тэгвэл цаашид өсөн нэмэгдэх хөрөнгө оруулалтад Хятадын эзлэх хувь хэр их байх вэ. Энэ нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөх юм гэдгийг бодолцох цаг болжээ. Мөн Хятадаас авч буй зээл тусламжид ч анхаарал хандуулахад илүүдэхгүй. 600 гаруй сая ам.долларын зээл авах асуудал яригдаж байгаа. Тэгвэл уг зээлийг эргэн төлөлт, барьцаа зэргийг сайтар бодолцох хэрэгтэй биз ээ.


Г.Батзориг
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих