Газрын наймаачин Б.Наранхүүг харахаараа “төрийн төмөр” нүүр хайлдаг

naranhuu.2012 оны УИХ-ын сонгуулиар морины хорхойтон,уяач Б.Наранхүү Дундговийнхны тархийг ёстой нэг “угаах” шиг болсон доо. Нутгийнхаа дарга нарт “Ланд” бэлэглэж, хүн толгойтой болгонд гар цайлгаж явсан нэгэн. “Дээд хүүхэнд дээлийн торго, адгийн хүүхэнд ам даавуу” гэдэг шиг юм болж орчин цагийн Толь Гэндэнгийн дүрд чамгүй сайн хувирсан. Одоо тэрийг хүмүүс мартаа биз дээ. Харин ирэх сонгуульд хэнийг дугуйлахаа өөрөө мэдье,тэр Наранхүү л биш шүү гэх шивнээ дуу хуурын нутагт хоёр жил тасарсангүй.
Үнэнийг хэлэхэд УИХ-д орж ирээд Б.Наранхүү гишүүн юу хийж гавьсан юм бэ. Ядахдаа хэлд ордоггүй юм гэхэд телевизээр харагдаад байж болох шүү дээ.Тангараг өргөснийхөө дараагаас хувийн бизнесээ мандуулахаас өөр дорвитой ажил хийсэнгүй, Төрийн ордонд үзэгддэггүй, чуулганы хуралдаанд огт суудаггүй гэсэн тодотгол түүнийг дагалдсаар удаж буй. Хувийн бизнесээ эх орондоо байтугай хилийн цаана ч хөгжүүлээд явж байгаа гэдэг үнэн аж. Япон улсад албаны айлчлал хийж яваа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 68 давхар орон сууц, таван одтой зочид буудал, худалдаа, үйлчилгээний төв, оффисийн зориулалттай барилгын макет үзүүлж олныг алмайруулав. Юу болов,энэ чинь, нөгөө үзэгддэггүй Наранхүү чинь яагаад гэнэт гараад ирэв, Японы иргэн болов уу гэж зарим хүний нүд орой дээрээ гарчээ. Харин тэрээр Монголд барихаар төлөвлөж байгаа барилгаа үзүүлж, хоёр жил хуралдаж чадахгүй харайлгаад байсан ажлынхаа үр дүнг дэлгэсэн нь энэ юмсанж. Түүний ярихыг сонсвол,барилга яагаад заавал 68 давхар вэ гэвэл Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аваргыг бэлгэдсэн тоо гэнэ. Ийнхүү газрын луйвраар “мэргэшсэн” эрхэм гишүүн 2018 оны эцэс гэхэд Монголдоо хамгийн өндөр барилгыг хүүхдийн паркийн хашаанд өөрийнхөө эзэмшил газар дээр сүндэрлүүлэх нь тодорхой болжээ. УИХ-ын гишүүн хүн өөрийн бизнесээ өрөөлийн нутагт цэцэглүүлж төрийн тэргүүнээ урьж сайрхаж байгаа нь бас л олныг гайхшруулав. Монгол Улсын болон Японы хууль дүрэмд нийцэж байгаа л юи байх даа гэх асуулт хариу нэхэн үлдэв.

Б.Наранхүүгийн Хүүхдийн паркаас шомбодсон нэг га газар өчнөөн жил хэрүүл маргааны сэдэв болсоор олон жил үргэлжилсэн боловч шүүх уг газрыг түүний өмчлөлд үлдээсэн. Мөнгөтэй хүн бүгдийг хүссэнээрээ шийдүүлдэг хойно түүнтэй маргаад тусыг эс олов хэмээн паркийнхан гунигтайхан өгүүлж байсан нь саяхан.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Наранхүү ялалтынхаа маршийг Японд “эгшиглүүлэн” үргэлжлүүлэхдээ Монголын төрийн тэргүүн болон түүнийг дагалдагчдын амыг “ангайлгаж” орхив. Харин УИХ-ын гишүүн хүн хувийн ажлаа улсынхаа Ерөнхийлөгчид танилцуулахдаа яг Японд айлчлах цагтай тохируулсан нь ямар учиртай вэ. Хэдийгээр Японы компани тэрхүү барилгын зураг төслийг хийснээ хоёр улсын форумд оролцох боломжоо ашиглан танилцуулсан гэж тайлбарласан нь сонин. Б.Наранхүү гишүүн бизнесээ ил цагаан сурталчлахаар тэнд очсон нь хуульд нийцэх үү. Хэний хэнгуай ч бай ард түмний сонголтоор төрийн хүн болсон бол хувийнхаа компанийн ажлыг өөр хүнд шилжүүлж, итгэл хүлээлгэсэн ард түмнээ төрд төлөөлөн сэтгэлээ хоёрдуулахгүйгээр зүтгэх учиртай. Гишүүдэд зөвхөн эрдэм шинжилгээний зорилгоор их дээд сургуульд багшлахыг зөвшөөрдөг. Гэтэл хуулийн энэ заалт Б.Наранхүү гишүүнд үйлчилсэнгүй. Төрийн төмөр нүүр Б.Наранхүүг харахаараа зүгээр л хайлчихдаг болсоор удав. Амандаа алтан халбагатай төрсөн хүнийг төр ч дийлдэггүй аж.
Н.ДӨЛ


URL:

Сэтгэгдэл бичих