Төв эмнэлгийнхэн бөөрний дутагдалд орсон хүмүүсээр бизнес хийж байна уу

527-1406166599olloo_mn_1406165219_boorУлсын клиникийн нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагууд гемодиализын аппаратад ордог өвчтөнүүдээс мөнгө авдаг болжээ. Тодруулбал, тус эмнэлгийн удирдлагууд диализын аппаратад ордог иргэдээс сард 212 мянган төгрөгийг авч байхаар болсон байна.

Манай улсад тус аппаратад орох шаардлагатай, бөөрний дутагдалд орсон 300 гаруй иргэн бий гэдэг. Тэдгээрээс 160 гаруй нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гемодиализын аппаратад ордог ажээ.

Тус эмнэлгийн хувьд 30 аппараттай ч 28 нь ажилладаг юм байна. “Засгийн газраас энэ онд эмнэлгүүдийн санхүүжилтийг хассан. Тиймээс эмнэ лгийн удирдлагууд санхүүгээ нөхөх зорилготойгоор ийм шийдвэр гаргасан байх” хэмээн өвчтөнүүд ярьж байна. Бөөрний дутагдалд орсон хүмүүс хамгийн багадаа долоо хоногт удаа тус аппаратад орж цусаа цэвэршүүлдэг.

Хэрэв уг аппаратад орж чадахгүй бол тэдний амь нас дээсэн дөрөөн дээр очно гэсэн үг. Гэтэл уг аппаратад нэг удаа ороход 106 мянган төгрөгийн өртөгтэй байдаг ажээ. Харин энэ зардлыг улсаас бүрэн даадаг. Тиймээс яагаад ийм шийдвэр гаргасан талаар тодруулахаар тус эмнэлгийг зорьсон юм.

Гемодиализын тасагт очиход диализын аппаратад орох хүмүүс ээлжээ хүлээн сууж байв. Тэдний ярьж байгаагаар мөнгө авдаг болох тухай яриа он гарснаас хойш гарсан гэж байна. Тиймээс энэ талаар Эрүүл мэндийн яаманд хандаж, арга хэмжээ авч өгөөч гэсэн хүсэлт гаргажээ. Гэтэл салбарын яамнаас нь тус эмнэлэгт шаардлагатай бүх төсвийг нь өгсөн.

Он дуустал санаа зовох хэрэггүй гэсэн хариуг өгсөн. Гэтэл салбарын яам нь хүртэл биднийг хуурсан байна. Эмнэлгийн удирдлагууд нь гэнэт ийм шийдвэр гаргачихлаа хэмээн бухимдах хүн цөөнгүй байлаа.

Мөн бодлого тодорхойлдог яамнаас нь ийм шийдвэр гаргаагүй байхад эмнэлгийн даргань өөрөө дур мэдэн ийм шийдвэр гаргаж үхэл амьдралын зааг дээр байгаа өвчтөнүүдээр бизнес хийж байна гэж гомдоллох хүн олон таарав. Зарим нь энэ талаар эмч нарт нь хүртэл хэлсэн байна.

Эм хэрэгслийн нэр Хэмжих нэгж Тоо ширхэг Нэг бүрийн үнэ Нийт үнэ
1 Натри хлорид 09%-500.0 Ширхэг 1 1610 1610
2 Гепарин 5.0 Ш 1 6000 6000
3 Тариур 5.0 Ш 1 80 80
4 Тариур 20.0 Ш 1 185 185
5 Цусны гуурс Ш 1 15850 15850
6 Цусны шүүлтүүр Ш 1 40000 40000
7 Фистүлийн зүү Ш 2 800.45 1600.90
8 Эмчилгээний уусмал Фл 1 30600 30600
9 Содын уусмал Фл 1 423.80 423.80
10 Систем Ш 1 208 208
11 Citrix-5H-5л Фл 0.2 60800 2720
12
Нийт дүн-99277.70 төгрөг

Гэтэл “Та нар мөнгөө төлөх ёстой. Мөнгө байхгүй бол эд хэрэглэлээ “ломбард”-нд тавиад ч болов аппаратандаа орохгүй юу” гэсэн эмч ч бий гэнэ. Тангараг өргөсөн эмч хүнээс ийм үг гарч байгаад сэтгэл үнэндээ гутарч байна хэмээн өвчтөнүүд нь хэлж сууна.

Аргаа бараад тэд энэхүү шийдвэрийг нь эсэргүүцсэн бичгийг эмнэлгийн удирдлагуудад нь өгөхийг хүссэн ч хүлээж аваагүй гэнэ. Тиймээс Эрүүл мэндийн яам, Засгийн газарт хандах болно гэдгээ хэлсэн юм. Энэ талаар бид холбогдох албаны хүмүүсээс нь хүмүүсээс асууж тодруулсан юм.

Зохицуулаад ажилла гэдэг үүрэг өгсөн

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал: -Улсын нэгдүгээр төв эмнэлэгт гемодиализын дөрвөн шинэ аппарат нэмж өгсөн. Энэ аппаратаар нэлээдгүй хүнийг эмчилж ачааллаа бууруулах боломжтой. Гэтэл тэд төсөв мөнгө хүрэхгүй байна. Мөн бид энэ аппаратыг ажиллуулж чадахгүй гэсэн тайлбарыг өгсөн.

Бид өгөх ёстой аппарат хэрэгслээ өгсөн. Харин яаж ажиллахаа та нар зохицуул гэдэг үүрэг өгсөн. Эрүүл мэндийн салбар бол зах зээлд шилжээгүй ганц салбар. Социализмын үеийн сэтгэлгээгээрээ явсаар одоо өөрчлөлт хийх гэхээр асуудал үүсдэг. Би өвдвөл их мөнгө төлөх учраас өвдөхгүй байх юмсан гэх ойлголт иргэдэд алга.

Америкт эрүүл мэндийн даатгалдаа иргэд нь хамгийн багадаа 1300 ам.доллар төлдөг. Гэтэл манай иргэд сард 500 төгрөг өгдөг. Энэ хоёрын хооронд асар их зөрүү байна. Гурван жилийн өмнө 20 диализын аппараттай байхад бүх хэрэгцээгээ хангана гэж ярьдаг байсан. Гэтэл хоёр жилийн дараа 40-60 аппарат нэмж өгөөд байхад диализид орох хүмүүсийн тоо нэмэгдээд л байна гэв.

Долларын ханшнаас болоод мөнгө авах болсон

УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Д.Чулуунбаатар: -Манай эмнэлгийн 2014 оны төсвийг өмнөх оныхоор нь баталсан. Гэтэл өнөөгийн хямралын үед, ам.долларын ханш өссөнтэй холбоотойгоор дагалдах хэрэгсэл оруулж ирдэг эмийн компаниудын бидэнд нийлүүлдэг үнэ өссөн.

Тиймээс манай эмнэлгийн удирдлагууд ярилцаж энэхүү шийдвэрийг гаргасан. Гэхдээ бүтэн төлбөр авдаг болоогүй. Сард 12 удаа диализын аппаратад ордог хүнээс хоёрынх нь найман удаа ордог хүнээс нэг удаагийнх нь мөнгийг авдаг байхаар болсон гэв.

Диализын аппарат бол бидний амьд явах эцсийн арга

Иргэн Л.Оюунчимэг: -Би 50 настай. 2008 оноос гемодиализын аппаратад ордог болсон. Одоо долоо хоногт гурван удаа орж байна. Мөн аппаратад орохоос гадна өдөр бүр эм тариа хэрэглэнэ. Цус төлжүүлдэг тариа нь 8000 төгрөг, фосфорын эм нэг ширхэг нь 1500 төгрөг байдаг. Цус багадаад цус хийлгэхэд 80 гаруй мянган төгрөг болох жишээтэй.

Диализын аппаратад орохдоо л мөнгө төлдөггүй байсан. Гэтэл биднээс мөнгө авдаг болж байгаа нь хүнд байна. Би халамжийн 172 мянган төгрөг авдаг боловч энэ нь хаанаа ч хүрдэггүй. Төсөв байхгүй гэдэг шалтгаанаар биднийг гаргуунд нь гаргаж байгаад харамсаж байна.

Нэг морь түрүүлэхэд өчнөөн зуун сая төгрөгөөр шагнадаг. Яг үнэндээ түрүүлсэн морины байнд өгдөг мөнгө биднийг жил амьдруулна. Бид үхэл амьдралын заагт байдаг хүмүүс. Нэг өдөр ч гэсэн амьд явмаар байна. Диализын аппарат бол бидний хамгийн эцсийн арга гэв.

Энэ эмнэлэгт асуудалтай зүйл олон байна

Иргэн С.Алтангургалдай: -Би 65 настай. Уг аппаратад ордог болоод хоёр жил болж байна. Эхний жил нь гадаадад ордог байсан. Өнгөрсөн жилээс энд ордог болсон. Энд эм тариа нь хүрэлцэхгүй байхаас эхлээд асуудал их. Нэг ширхэг нь 1500 төгрөгийн үнэтэй эмийг өдөрт зургаан удаа уудаг. Гэтэл тэр эм нь эмийн сангуудад зардаггүй.

Дандаа хувь хүмүүсээс худалдаж авдаг. Энд бас нэг хүндрэлтэй зүйл нь шинжилгээ өгөх. Нэг өдөр нь бичгээ авна. Маргааш нь цахимд оруулна. Гэтэл бие муутай хүмүүс ингэж олон дахин явахад ямар хэцүү байдаг. Гэтэл дээр нь нэмээд мөнгө авдаг болчихлоо. Энэ шийдвэрийг эсэргүүцэж байна гэсэн юм.

Э.Орхонсүрэн

Эх сурвалж: Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих