Эдийн засгийн хүндрэл улстөрчдөөс үүдэлтэй юу
Үнэхээр Монголын эдийн засагт үүсэж буй хямрал, өнөөгийн хүндрэлийн суурь шалтгаан нь хууль журам тогтвортой бусаас гадна ихэвчлэн түүнийгээ хэрэгжүүлж, биелүүлдэггүй, төр засаг нь сахиулж, мөрдүүлж чаддаггүйд оршиж байгаа юм. Мөрдүүлэх нь эрх баригчдад ашиггүй л бол хууль журмаа өөрчилж засаад л, татварын өршөөлийн хууль мэтийг гаргаад л өнгөрөөдөг болж байна. Монголын эдийн засгийн хямрал эдийн засгаас биш улс төрөөс угшилтай. Ер нь Монголд бизнесийн буюу зах зээлийн эдийн засагт үнэ цэнийг бүтээх орчин тогтворгүй, таагүй болчихоод буйг тогтоож, гол шалтгааныг нь олж арилгахгүй бол ямар ч сайхан хууль журам гаргаад нэмэр болохгүй. Олон дахин өөрчлөөд байгаа тул дахиад ингэхгүй гэсэн итгэл үнэмшил гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад төрөхгүй байна. Эрх зүйн орчин нь тогтворгүй манайх шиг улс оронд том төсөл эхлүүлэхээсээ өмнө заавал тогтвортой байдлын гэрээ байгуулахыг томоохон хөрөнгө оруулагчид эрмэлздэгийг манай саяхны түүх харуулаад авлаа.
Зөвхөн улс төр, эдийн засгийн удирдлага, тэдний хамсаатнууд нь баяждаг, нийт ард иргэд нь улам ядуурч, зохиомол шалтгаанаар хоорондоо байлдаж дампуурсан Зимбабве, Сьерра Леон, Колумб гэх мэт олон орны жишээг судлаад Харворд болон МIT-гийн их сургуулиудын профессор Дарон Асемоглу, Жеймс Робинсон нар нэгэн чухал дүгнэлт хийжээ. Тэд “Улс орон яагаад дампуурдаг вэ?” (Why nations fail) гэж асуугаад яагаад гэвэл тухай улсын төрийн байгуулал нь бүгд цөөхөн элитийн эрх ашгийг хамгаалж, тэднийг баяжуулах, хамгаалах, улс төрийн эрхээ урт хугацаагаар хадгалах хэрэгсэл болохуйц зохиогдсон буюу хаалттай байгуулал (extractive institutions, not inclusive) болсноос гэж тэд хариулсан байна.
Б.Мөсөн
agshin.mn
URL: