АНХААР! Платинум картанд хулхидуулав
Монголдоо л хамгийн томд тооцогдох ХААН банкны харилцагч танил маань хэдхэн хоногийн өмнө хүний нутагг очоод дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч . болжээ.
Тодруулбал, тус банкны Платинум картыг эзэмшигч тэрбээр Азийн хэд хэдэн орноор дамжин Европын улсыг зоръж. Ингэхдээ хэтэвчиндээ бэлэн мөнгөтэй явахаас зайлсхийн ХААН банкныхны ид шидтэй, эсэн бусын сүпер үйлчилгээтэй хэмээн сурталчилаад байсан Платинум картыг нэр төрийн бас санхүүгийн баталгаа болгон харийн орныг зорьсон юм байна. Ингээд хүссэн газраа очиж, мөнгө авах гэтэл картыг нь огт уншихгүй байсан аж. Аргаа ядсан тэрбээр ар гэрийнхэнтэйгээ холбоо барьж “ХААН банкны төвтэй холбогдоод юу болоод байгааг нь тодруулаад өгөөч” гэснээр “Очсон газраасаа хамаарч нэг өдрийн дараа нь уншдаг, цагийн зөрүүнээс шалтгаалдаг” гэхчилэн элдэв хачин тайлбарыг аваад гайхшаа баржээ.
Аргаа барьсан тэрбээр ХААН бакны сүпер үйлчилгээтэй Платинум картаар чимсэн хэтэвчээ халааслан хэдэн өдрийн турш мөнгө санхүүгийн асуудалтай явсаар “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд газардсан юм байна. Тэгтэл Монголд ирсэн хойноо яг түүн шиг адал явдалтай, тодруулбал нэр төрийн баталгаа хэмээн Платинум картыг сонгон алба, амин хувийн ажлаар харийг зорьсон цөөнгүй хүнд яг өөр шиг нь асуудал тулгарсан тухай дуулжээ. Иймээс л тэрбээр ойр дотны хүмүүс чинь хол явахаар зэхэж байгаа бол элдэв гоё танилцуулгатай Платинум картанд хулхидуулан харийн оронд үгээ барав хэмээн анхааруулж байсан. Үнэндээ ХААН банкны уриа Платинум картны үйлчилгээ шигээ хачин гоё. Жирийн иргэдийн амьдралыг бодитой өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүнийг нэвтрүүлдэг үндэсний хэмжээний тэргүүлэгч энэ тэр гээд л хөвөрч өгнө. Гэвч бодит байдал үүнээс огт өөр. Хөдөө орон нутагт хамгийн олон салбартай гэдэг утгаараа харилцагчдынх нь олонхи нь малчид, сум аймгийн төвд ажилладаг төрийн алба хаагчид.
Тэдэнтэй харилцах банкны үйлчилгээ нь ярьж хэлээд байгаа шиг тийм хурдан, шуурхай ч биш. Малчид хэдэн малаа барьцаалж өндөр хүүтэй зээл авна, сум, аймгийн төвд ажилладаг төрийн албан хаагчид, тэтгэврийн хөгшид хүнээс гуйж байхаар гээд цалин, тэтгэврийн зээл горилно. Хүү нь өндөр зээлийн хугацаа нь ч богино. Хэрэв хугацаандаа төлж чадахгүй бол амьдрал нь жинхэнээсээ бодитоор өөрчлөгдөж, зарим нь ч хамаг байдгаа алдахад хүрдэг юм билээ. Хөдөө орон нутгаар явхаар ийм жишээ захаас аван таардаг. Арга ч үгүй биз. Хамгийн нэр хүнтэй, хамгийн шилдэг гэсэн харилцагчдадаа санал болгодог Платинум картын үйлчилгээ нь иймэрхүү байхад хэдэн мал, цалингаа барьцаанд тавин зээл авч байгаа жирийн иргэдэд үйлчлэх энэ банкны өнгө аяс ямар байх нь тодорхой. Энд олон зүйл нуршилгүйгээр хүндэт зочин, шилдэг харилцагч, итгэлтэй түншийн илэрхийлэл, нэр төрийн баталгаа гэгдэх Платинум картаа хэрхэн сурталчилж хүмүүсийн тархийг угаадаг талаархи зарим баримтыг хүргэе. Тус банкны цахим хуудаст бичсэнээр дэлхий дахинд Платинум виза картын гишүүн бүхий олон үйлчилгээний байгууллага байдаг гэх бөгөөд хэрэв өөрөө хүсэх юм бол томоохон дэлгүүрүүдээс бараа бүтээгдэхүүн хөнгөлөлттэй үнээр авах, тусгай клуб болон зочид буудлуудаас хөнгөлөлттэй үйлчилгээ авах боломжтой гэж байна. Мөн дэлхийн 100 гаруй орны 300 хотын 600 гаруй нисэх онгоцны буудлын VIP хүлээлгийн танхимаар нислэгийн зэрэглэл үл хамааран хөнгөлөлттэй үйлчлүүлэх, аль ч оронд олон улсын нислэгийн тийз захиалах, аялал, жуулчлалын мэдээлэл, зөвлөгөө авах, зочид буудлын захиалга, автомашины түрээс, албан уулзалт зохион байгуулах гэх мэт олон тусгай үйлчилгээг утас, интернэтээр холбогдож, түргэн шуурхай, үнэ төлбөргүй авах боломжтой гэжээ. Түүнчлэн хүссэн үедээ дансаа хянах цахим банкны цогц үйлчилгээ, Солонгосын зарим эмнэлгээр үйлчлүүлэхдээ 10 хувь хүртэлх хөнгөлөлт эдлэнэ гээд хэрэв бүрэн утгаар нь ашиглаж чадвал энэ картны хамрах хүрээ, харилцах түнш нь дэндүү өргөн.
Даанч энэхүү үйлчилгээг монголчууддаа санал болгосон ХААН банкныхан санал болгоод байгаа картныхаа учрыг олж чадахгүй байна уу, эсвэл бүрэн дүүрэн судлаагүй, гарах эрсдлийг нь тооцоогүй байж арай эрт үйлчилгээнд нэвтрүүлэв үү ямартай ч ийм нэг асуудал дэгдэж цөөнгүй хүнийг бухимдуулаад авлаа. Зарим нь бүр олон улсад ашиглах гэхээр уншихгүй, үүнээс болж өч дөчнөөн алтан цагаа үрсэн энэ үйлчилгээг татгалзах ёстой санал хэмээн шоглож суусан. Харин энэ асуудалд ХААН банкныхан хэрхэн хандаж буй нь тодорхойгүй. Уг нь тус банк Засгийн газар, МҮХАҮГ-аас хамтран оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан өргөмжилдөг ТОП-5 банкны нэгээр шалгарч байсан. Тодруулбал, харилцагчдадаа банк санхүүгийн үйлчилгээг улам бүр хялбар хүргэх үүднээс тэдний цагийг хэмнэсэн шилдэг үйлчилгээг шинэ санаа, дэвшилтэт технологиор баяжуулан зах зээлд нэвтрүүлсээр байгаа хэмээн энэ нэр хүндтэй шагналын эзэн болсон. Гэвч олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нэр хүндийн баталгаа хэмээн цоллуулсан ХААН Платинум картын үйлчилгээ нэг иймэрхүү байдалтай иргэдийг бухимдуулсаар…
URL: