Дайны цагт алдаагүй халхын голоо энхийн цагт алдлаа
Монголчууд загвар аж ахуй байгуулж чадна. Харин чадахгүй гэж басамжлаад байгаа юм, энэ Дорнод аймгийн Халх гол сумыг загвар аж ахуй болгох нэрийдлээр хангүг ноёдод 99 жилээр түрээслүүлчихлээ, манай дээдсүүд. Уг нь энэ сум зөвхөн Монголын төдийгүй Зүүн хойд Азийн бүсийн эдийн засгийн чухал бүс болох ирээдүйтэй гэдгийг судлаачид хэлдэг юм билээ.
Халх гол сумын нийт нутаг дэвсгэр нь 2809299 га бөгөөд үүнээс 45878 га нь газар тариалангийн бүс. Улаанбаатараас 1000 км, Чойбалсан хотоос 340 км алслагдсан энэ нутгийг япончууд нэгэн цагт зэвсгийн хүчээр эзэрхийлэн авах гээд чадалгүй, зарим нь нутаг руугаа тонилж, нөгөө хэсэг нь Монголд баригдаж, хоригдож, ясаа тавьсан түүх бий.
Энэ дайны ул мөр одоо ч энэ нутгийн хөрсөн дээр оршиж буй. Дайны цагт алдаагүй газар нутгаа бид энхийн цагт харийнханд найр тавиад өгчихлөө. Энэ лав сайны ёр биш байх. Халх голын районыг загвар аж ахуй болгоно, уналтад ороод байгаа Монголын газар тариалан, мал аж ахуй, хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлнэ, үүний ачаар бид жил бүр 200 сая ам.долларын ашиг олно хэмээн эрх баригчид ард түмнийхээ тархийг угааж байгаад л солонгосчуудад найр тавьж байна. 99 жил гэдэг их хугацаа, 170 мянган га гэдэг маш их газар. БНСУ-ын “Койка” байгууллагынхан аль хэдийнээс л Халх голыг онилж, судалж, энд тариагаа тарьж, мал аж ахуй хөгжүүлэх боломжтой гэдгийг нь олоод тогтоочихож.
Нийтдээ 270 мянган га талбайг хамруулан иж бүрэн судалгаа хийж, хөрс шорооны тохиромжтой байдал, хилийн район, хойд урд хөрш рүүгээ гарч ороход дөхөм боомтуудтай энэ нутагт нүднийхээ хорыг унагачихаж. Тэгээд яахав, загвар аж ахуй байгуулж өгье, хэтдээ танай улсад л ашигтай, жилд төчнөөн сая долларыг танай улсын төсөвт оруулъя гэдэг асуудлыг ХХААХүЯ, Засгийн газар гээд Төрийн тэргүүн хүртэл нь явсаар эцэст нь зөвшөөрсөн хариу сонсоод үсрэн босч, дал мөрөө алгадацгаасан биз. “Монгол ноёд ийм” гэж долоовор хуруугаараа чамархайгаа чичлээд л.
Солонгосчууд Халх голыг загвар аж ахуй болгосноор энэ суманд гурван мянга орчим ажлын байр шинээр бий болно, тэрийг дагаад сургууль цэцэрлэг баригдана, Буйр нуурыг түшиглээд аялал жуулчлал хөгжүүлнэ гэхчлэн монголчуудын алдаан дээр дөрөөлөхөө мэдэлгүй яахав. Манай ноёд ч яахав. Төд, төчнөөн сая, тэрбум гэсэн тоо сонсоод л толгойгоо дохиж, мөр мөрөө алгадаж “маанагтаад” бөөн хөл хөөрцөг болоод л. Тэр их урт хугацаагаар, төчнөөн мянган га талбайг харийн хүнд ашиглуулах нь тийм ч сайны ёр биш гэдгийг захын нэг малчин ойлгочихоод толгойгоо шааж байхад шүү дээ.
“Койка”-гийнхны тооцоолсноор загвар аж ахуй байгуулснаар жилд 864.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 35.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулах юм гэнэ. Монголчууд яагаад ингэж ажиллаж чадахгүй гэж. үхэр монголчууд газар нутгаа 100 жилээр харийнханд түрээслүүлэх нь гэж гадаадын хэвлэлүүд бичээд эхэлчихэж. Өмнөд, Хойд Солонгос гэж байсан бол одоо Баруун Солонгос гэж улс байгуулагдаж байна, тэр нь Монгол Улсын зүүн хязгаарт төвхнөжээ ч гэх юм уу, Монгол Улс Солонгос гэдэг 22 дахь аймагтай боллоо. Энэ үгс ямар сонсогдож байна. Уурандаа ширээгээ шааж, уушигны улаанаа хэдэнтээ угсармаар санагдаж байгаа биз дээ.
Жирийн иргэнд таван ханатаа тойруулаад хашаа хатгачих 0.7 га газар олдохгүй үерийн далан, өндөр хүчдэлийн шугам дор амь амьдралаараа дэнчин тавьж байхад, харийн мөнгөтэй ноёдод хэдэн зуун мянган гагаар нь эзэмшүүлэхээр шийдвэр гаргаж байгаа төр засаг, түүнийг түшилцэж яваа эрхмүүд лав солиорсон байх аа. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэдэг үгийг монголчууд зүгээр ч нэг хэлчихээгүй байх аа.
Анх Халх гол төслийг хэрэгжүүлэхэд солонгосчууд дэмжлэг үзүүлэх нэрээр 170 мянган га талбайг 99 хүртэлх жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай асуудлыг ярьж тохирсон гэдэг. Дорнод аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны тавдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар 26-р тогтоол гэгчийг баталснаар Дорнод аймаг бүхэлдээ Солонгосын муж улс болох мастер төлөвлөгөө эхэлсэн. Аймаг орон нутгийн удирдлагууд, салбарын яамны сайд тэргүүтнүүд эндээс ямар их мөнгө угааж болохыг биднээс арай урьтаж ойлгосон шиг байгаа юм. Мэнэнгийн талыг хангүг ноёдод “зарсан” хэдхэн тооны хүн байдаг гэж дуулдсан. Энэ удаад нэр усыг нь дурьдахаа азная. Одоо Дорнод аймагт өөрийн эзэмшлийн гэх газар нутаггүй шахам болчихоод буй. Эхэндээ Өмнөд Солонгосын, цаашлаад хоёр Солонгосын 80 сая хүн амын хүнсний хэрэгцээг энэ бүс нутаг л хангах болж байх шив. Харин монгол хүн ходоод хоосон, өлөн зэлмүүн, харийн ноёдын хишгийг горьдож, эх орондоо боолчлогдох тийм л хувь заяа хүлээж буй.
Монгол газар нутагт ажиллаж байгаа хөрөнгө оруулагчид монголчуудыг ажлын байртай болгох амлалттайгаар үйл ажиллагаагаа эхэлдэг ч цагаа болохоор монгол хүнээр бохироо цэвэрлүүлж, хувцсаа угаалгах нь холгүй хар бор бүхнээ хийлгэдэг нь нууц биш. Дээрх 3000 ажлын байр гэдэг нь ч ийм л юм болно. Тариа тарихаар солонгосчууд л ирнэ. Тэднийг дагалдуулж сургах нэрийддээр монгол хүнээ л дорд үзнэ. үнэн юм чинь.
Монголчууд бие даагаад загвар аж ахуй байгуулж чадахгүй биш чадна. Харин чадахгүй гэж басамжлаад байгаа юм, энэ төр засаг. Өөрийнхөө газар нутгийг харийнханд хэдэн арван жилээр түрээслүүлчихээд өөрсдөө цагаан будаа, тутарга тарья гэж өөр улсаас талбай худалдан авах юм яриад сууж байдаг, таарсан ч хүмүүс бол доо, энэ дээдсүүд. Бид бусдын сайхан үгэнд хууртаж амьдрахаа хэзээ болих юм бэ.
Солонгосчууд сүүлийн үед юм л бол Монгол, Солонгос хоёр хол нэг ард түмэн, бидний ар зоон дээр адилхан хөх толбо бий гэж ярих дуртай болсон байна лээ. Бид солонгосчуудтай адилхан гэж үү, үгүй. Монгол хүн морин дэл дээр хийсч, босгож бүтээж чаддаг, босч тэмцэж чаддаг, эвдэрч бутарсан ч эвлэлдэн нийлж чаддаг, одоо үед ч дэлхийд оюун ухаан, ажилч хичээнгүй байдал, хүн чанараараа дэлхийд гайхуулж чадаж яваа ард түмэн. Бид цагаан будаагаар хоолшихгүй, эмэгтэйлиг эрчүүдийг үзэж чадахгүй. Бид тэднээс ялгаатай.
Солонгос бол Монголыг “залгих” хүсэл шуналаараа Хятадын дараа орох орон гэдгийг судлаач, эрдэмтэн мэргэд хэлсэн, бичсэн нь бий. Монголд байгаа худалдаа үйлчилгээ, эмнэлэг, уул уурхай, шашин соёл гээд бүхий л салбарт хангүгчүүд хүч түрж байна. Тэд Монголд ирэхдээ “Кореан Эйр”-ээрээ нисч ирээд, “Сонжин гранд”-даа буудаллачихаад, “Сонгдо”-гоороо эмчлүүлчихээд, “Сөүл”-дээ хооллочихоод л буцаж байна гэдгийг мөхөс миний бие сануулж байсан даа. Тэд Монголд хөрөнгө оруулахгүй, тийм сонирхол ч байхгүй. Бидән шиг гялайж гялтайх юмаа гадныханд өгчихөөд эргүүлээд шаар шавхрууг нь гуйгаад явж байдаг удирдагчтай улс орон лав байхгүй биз. Ингэхэд бид Халх голоо аваад үлдэх үү, харийн ноёдод тавиад туух уу.
…Монголчууд бие даагаад загвар аж ахуй байгуулж чадахгүй биш чадна. Харин чадахгүй гэж басамжлаад байгаа юм, энэ төр засаг. Өөрийнхөө газар нутгийг харийнханд хэдэн арван жилээр түрээслүүлч ихээд өөрсдөө иагаан будаа, тутарга тарья гэж өөр улсаас талбай худалдан авах юм яриад сууж байдаг, таарсан ч хүмүүс бол доо, энэ дээдсүүд…
Б.Оюу
Эх сурвалж: “Монголын үнэн”
URL: