Канадын гадаад хэргийн сайд “Оюутолгой”-д сайн мэдээ тээж ирэх үү
Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрдийн айлчлал өнөөдөр эхэлнэ. Түүний айлчлал Канад улсын Гадаад хэргийн сайдын түвшинд Монголд хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын хүрээнд тэрбээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга, Монгол- Канадын парламентын найрамдлын бүлгийн дарга Р.Гончигдорж нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуягтай уулзана.
Канад улс бол манай уул уурхайн салбарт томоохон хөрөнгө оруулагч. Тэр ч утгаараа энэ удаагийн айлчлалын үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуягтай уулзана гэдэг нь уналтад ороод байгаа уул уурхайн салбарт сэргэлт авчирч магадгүй гэсэн горьдлого төрүүлээд байгаа юм. Тус улсын “Рио Тинто” манай “Оюутолгой”-н хамгийн том хувьцаа эзэмшигч. Тэр хэрээр хамгийн том хөрөнгө оруулагч. Гэвч манай улсын Засгийн газар “Рио Тинто”-той учраа олж чадахгүй байгаа бөгөөд үүнээс үүдэн “Оюутолгой”-н үйл ажиллагаа зогсонги байдалд шилжсэн гэхэд хилсдэхгүй байх. Хамгийн сүүлд Татварын ерөнхий газраас төлөгдөөгүй татвар ба түүний торгууль болох 130 сая ам.долларыг “Оюутолгой” компаниас нэхэмжилсэн. Харин “Рио Тинто” компани “Хэрвээ Монгол Улсын Засгийн газар шинээр хүлээлгэж байгаа татвар болон торгууль нэхэмжилж байгаагаа зогсоохгүй бол хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн гэж үзэж Олон улсын Арбитрын шүүхэд хандана” хэмээн мэдэгдсэн. Энэ мэтчилэн зөрүүтэй байр суурь нь “Оюутолгой” төслийг гацаанд оруулаад байгаа. Харин энэ удаагийн Канад улсын Гадаад хэргийн сайдын айлчлал эдгээр олон ээдрээтэй асуудалд цэг тавьж магадгүй гэх таамаглал төрүүлээд байгаа юм.
Монголд канадууд зөвхөн “Оюутолгой”-д хөрөнгө оруулдаггүй бөгөөд Бороогийн алтны ордыг ашиглаж дуусгаад одоо Гацууртыг ашиглахаар ярьж буй “Сентерра гоулд” мөн л тус улсын том компани 1990 оны Монгол Улсын ардчилсан хувьсгалын дараа хамгийн түрүүнд Канадын геологичид Монголд ирж ажиллаж байсан түүхтэй. Өнөөдөр Монголд Канадын 40 орчим уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сүүлийн 15 жилийн хугацаанд Канадын компаниуд манай улсад хайгуулын ажилд нийтдээ 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. 1993 онд анх Канадын хөрөнгө оруулалттайгаар “Монголиан Гоулд Ресорс” компани байгуулагдаж байснаас хойш Оюутолгой, Бороо, Зуун мод болон “Хотгорын ордод Канадын хөрөнгө оруулалттай компаниуд ажиллаж байна.
Нөгөөтэйгүүр аливаа улсын Гадаад хэргийн сайдын айлчлал асуудал шийдэхээс илүүтэйгээр дараагийн томоохон айлчлалын бэлтгэл ажлыг хангах зорилгоор хийгддэг. Тэр утгаараа энэ удаагийн айлчлал дараагийн томоохон айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байж болох юм.
URL: