Дэлхийн хэмжээний од ДЕКУ монголд ирнэ
Бразил-Португалийн алдарт хөлбөмбөгч Андерсон Луис де Соуза буюу Деку манай улсад хүрэлцэн ирэх гэж байна. Дэлхийд алдартай “Tiger” шар айрагтай хамтран ажилладаг тэрбээр тус брэндийн урилгаар ирэх сарын 23- нд Улаанбаатарт болох ‘Tiger Street Football” тэмцээний элч төлөөлөгчийн хувиар Монголд газардах юм. Өнгөрсөн жил манай улсад Италийн алдарт хөлбөмбөгч, дэлхийн аварга Фабио Каннаваро ирж байсан бол энэ жилийн зочин нь Деку байх нь ээ.
Андерсон Луис де Соуза 1977 онд Бразилд төрсөн ч төрсөн улсынхаа шигшээ багийн төлөө тоглох ямар ч боломж байсангүй. Учир нь түүний тоглодог довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалыг Ривалдо, Роналдиньо, Жуниньо нар эзлээд байлаа. Харин Декуд өөр нэг боломж байсан нь 1997 оноос хойш амьдарсан Португалийн шигшээ баг байв. Тэр ийнхүү Португалийн иргэн болж, 2003 оноос “Европын бразилчууд”-ын төлөө хүчин зүтгэх болсон. Тоглолтыг найруулах өндөр ур чадвартай тэрбээр алдарт Мануэл Руй Коштагийн байр суурийг булаан авч, шигшээ багийн сольшгүй тоглогч болж чадсан. Португалийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, ДАШТ, ЕАШТ-д тус бүр хоёр удаа оролцсон. Ингэхдээ 2004 оны ЕАШТ- ээс мөнгөн медаль хүртэж, 2006 оны ДАШТ-ий хагас шигшээд шалгарч үлдсэн билээ. Харин 2010 оны ДАШТ-ий дараа Португалийн шигшээ багийг 75 тоглолтод оролцож, таван гоол хийсэн үзүүлэлттэйгээр орхисон юм.
Тэрбээр клубийн хэмжээнд бүр илүү амжилт үзүүлсэн. “Порту”-д байхдаа Португалд авч болох бүхий л цомыг хүртсэнээс гадна 2004 оны “Аваргуудын лиг”-т түрүүлсэн юм. Тэр зунаа Испанийн алдарт “Барселона”-г зорьсон. Декугийн тамирчны замналын оргил нь, 10 жилийн өмнө тохиосон бөгөөд Европын хөлбөмбөгийн холбооны клубүүдийн 2003-2004 оны улирлын шилдэг тоглогч, 2004 оны Европын шилдэг хагас хамгаалагчаар тодорч, ЕАДШ-ий билэгдлийн шигшээ багт багтсан. Түүний хувийн шагнал урамшуулал ингээд зогссонгүй, 2004 оны Европын оны шилдэг тоглогчийн “Алтан бөмбөг”-ийн төлөөх өрсөлдөөнд Роналдиньогийн өмнө, Андрей Шевченкогийн ард хоёрдугаар байрт орсон билээ.
Деку “Барса”-д дөрвөн жил данстай байхдаа “Аваргуудын лиг”-т нэг, “Ла лиг”, Испанийн супер цомд тус бүр хоёронтаа өнгөлсөн. Лионель Мессиг супер од болохоос өмнө “Барса”-гийн нэгэн шилдэг үеийн гол төлөөлөгч нь Роналдиньо, Деку, Самуэль Это нар байв. Олон одтой мөр зэрэгцэн тоглож байсан ч гэсэн 2005-2006 оны улиралд Европын шилдэг хагас хамгаалагчаар хоёр дахиа тодорч, 2006 оны Кулбүүдийн ДАШТ-«ны “Алтан бөмбөг”-ийг хүртсэн юм. Бразил гаралтай португал эр 2008- 2010 онд Английн “Челси”-д данстай байхдаа “Премьер лиг”-т нэг, Английн цомд хоёр, Супер цомд нэг удаа түрүүлээд амжсан.Түүнийг “Челси”- д авчирсан дасгалжуулагч Луис Фелипе Сколари “Цэнхэрүүд”-ийг бүтэн нэг улирал ч удирдаж чадалгүй халагдсан нь Декугийн замналд хүндээр туссан билээ. Тэрбээр 2010 онд төрөлх нутгаа зорьсноор сураг алдарсан даа. “Флуминенсе”-д гурван жил алба хашихдаа Бразилынх “Сери А”- гийн цомыг хоёр жил өргөсөн юм билээ. Ингээд 2013 онд зодог тайлж, цаг зав ихтэй болсон болохоор Монголд ирэх гэж байна.
2014 оны ‘Tiger Street Football” шигшээ тэмцээнд шилдэг найман баг өрсөлдөнө. Монгол, Камбож, Сингапураас шалгарсан тус бүр хоёр, Австралийн шилдэг нэг баг, өнгөрсөн жилийн аварга, Вьетнамын “DatVinh” нар тэргүүн байрын шагнал болох 40 мянган ам.долларын төлөө хүч үзэх юм.
URL: