Хүчний байгууллагынхан хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийг гахай болгох уу, үнээ болгох уу гэдгийг шийддэг болжээ

20140722011925ХЗДХЯ-ны сайд Х.Тэмүүжин  цагдаа хүчнийхэн хөрөнгө мөнгө ихтэй, авлига хээл хахуульд гүн гүнзгий хутгалдсан хүмүүсийг овоо хараандаа лавхан оруулж авчихаад хэрхэх эсэхээ шийдэн зөвлөлддөг талаар нэгэн сонин зүйл дурдлаа. Түүний яриагаар бол хуулийнхан гартаа оруулсан хүмүүсээ гахай болгох уу, эсвэл үнээ болгох уу хэмээн хоорондоо ярилцдаг болсон юм байх. Гахай болгоно гэдэг нь уг этгээдийн хууль бусаар завшиж хураасан хөрөнгийг тэхий голоор нь цавчин хувааж аваад таг чимээгүй даран өнгөрөөх хэлбэр юм байж. Харин үнээ болгоно гэдэг нь үе үехэн очиж их хэмжээний татвар авч мөнгө саачихаад л чимээгүйхэн шиг хамгаалаад явдаг арга юм. Энэхүү үнээ, гахайны тухай ярианаас харахад  манай улсад мафийн тогтолцоо аль хэдийнээ үүсч, урхаг шинжиндээ бүрмөсөн орж хууль хүчнийхэн төрөөс төрсөн тэрбумтануудыг бараг толгой дараалан атгандаа оруулсан болох нь харагдаж байгаа юм. Хэрвээ үнэхээр ийм зүй бус үзэгдэл манай хуулийнхан дунд бий болсон бол хичнээн эдийн засгийн өршөөл зарлаж, хичнээн эрүүл зөв хуулийн тогтолцоо үүсгээд ч нэмэргүй л болов уу. Хууль зөрчдөг гэмт бүлгийнхнийг дээр дооргүй цагдаа хүчнийхэнтэй нь хамт барьж авч цэвэрлээгүй цагт үнээ, гахай болгодог мафийн тогтолцоо улам нарийсч, өөр олон төрлийн “аж ахуй”-гаас мөнгө саадаг болох нь дамжиггүй.

 

Б.Мөсөн

Эх сурвалж: www.agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих