Ам.доллар наймдугаар сард 1900-д хүрэх бодит шалтгаан

e7a77989-8869-40f6-9b7a-8bbd9d021c16Ажил албатай хүмүүсийн олонхи амарсан, тэр дундаа УИХ, Засгийн газар тэр чигээрээ амралтын байдалтай, өндөр эрх мэдэлтнүүд найр наадам хэссэн шигээ явах үед ам.долларын ханш зах дээр 1850 төгрөг даваад байна.

Мөн юанийн ханш өсч, 299 төгрөг 60 мөнгөтэй тэнцэж байна.

Удахгүй зуны улирал дуусч, намрын ид ажил оволзоно. Импортоор бараа, бүтээгдэхүүнээ хангадаг манай улсын хувьд намрын намарт валютын ханш өсдөг.

Тэгвэл тэртэй тэргүй өсөх графикаар жирэлзэж буй ханш намар улам л өсөх нь тодорхой.

 

Ам.долларын ханшийг  нийлүүлэлтийн чанартай, төлбөрийн тэнцлээс улбаалан өсч байгаа тухай мэргэжилтнүүд ярьдаг. Манай улс гадаад худалдааны алдагдлаа гадаадын шууд хөрөнгө оруулалтаар нөхсөөр ирсэн.

Гэтэл хөрөнгө оруулалт буурсан нь ам.долларын ханшийг өсгөх бодит шалтгаан болсон.

Нөгөө нэг шалтгаан нь найман хувийн орон сууцны зээл гэж мөн л мэргэжилтнүүд тайлбарладаг. Энэ зээл олгож эхлэхэд ам.долларын ханш өсч, зээлийн хэмжээ нэмэгдэхэд дагаад өсчээ.

Ам.долларын өсдөг улирал эхэлж байгаа, цаашид дээрх хоёр бодит шалтгаанд эерэг үр дүн гарахгүй нөхцөлд ханш цаашид ч өсөх магадлалтай байна.

Эрх баригчид найман хувийн ипотекийн зээлийг хамгийн үр дүнтэй ажил, цаашид үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсээр байгаа.

 

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн зарим нэг нааштай өөрчлөлт хийсэн ч үр дүн тийм хурдан мэдрэгдэхгүй. Тэгээд ч Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсаар байгаа нь хөрөнгө оруулагчдыг нааш зүглүүлэхгүй дохио болж өгнө.

Энэ мэт шалтгаануудаар ам.доллар магадгүй ирэх  наймдугаар сард дахин 50 төгрөгөөр нэмэгдэж, 1900-д хүрэхэд гайхах явдалгүй бололтой.

Нөгөө талаар төрийн өндөрлөгүүд хоёр хөршөөсөө эхлээд боломж л гарвал гаднаас мөнгө гуйдаг ажилтай болсон.

Гаднаас оруулж ирсэн мөнгөөр ам.долларын ханшийг түр зуур тогтоон барьж болох ч энэ нь урт хугацаанд үр ашгаа өгөх арга хэмжээ болж чадахгүй билээ.

 

Ам.долларын ханшийн өсөлт гаднаас түүхий эдээ авч, үйлдвэрлэл явуулдаг барилгын болон бусад салбарынханд хүндээр тусч, хямралын үүд хаалга руу түлхсэн.

Цаашид өссөөр байвал наад зах нь өргөн хэрэглээнийхээ ихэнхийг гаднаас авдаг манай улсын хувьд бүр ч дордоно. Валют өсөхийн хэрээр юмны үнэ нэмэгдсээр ирсэн.

 

Ам.доллар дээр нэмэгдэж юанийн ханш өсч байгаа нь бүр ч аюулын дохио дуугаргаж байна.

Энэ өсөлтийн эсрэг эрх баригчдын авч буй нэг арга хэмжээ нь зээлийн урсгалыг сааруулах явдал. Энэ тухай УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хаалтын хуралдаан дээр мэдэгдсэн бөгөөд “гэхдээ найман хувийн моргейжийн зээл хэвийн үргэлжлэх ёстой” гэсэн билээ.

Тэгэхээр ам.доллар өсдгөөрөө өснө. Юмны үнэ нэмэгддэгээрээ нэмэгдэнэ. Хүүхдийн сургалтын төлбөрөөс эхлээд ард иргэд жинхэнэ “нуруугаа авахуулах” нь дээ.

Г.Гэрэл

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих