Р.Нямдорж бөхчүүдийг хагаралдуулахын тулд хоёр дархан аваргыг ашиглалаа
Наадам болгоноор бөхчүүдийн хооронд ямар нэг байдлаар эв эвдрэлцэх явдал гардаг, тэр болгонд МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж оролцсон байдаг явдал энэ жил ч үргэлжиллээ. Ийм хачин зүй тогтол хэдийнээс бий болсныг бодоод үзэхээр бөхчүүд Р.Нямдоржийг огцруулахаар эв саналаа нэгтгэж эхэлсэн 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхэн үеэс ажиглагдаж эхэлсэн байдаг юм.
Гэхдээ урьдын явдлыг орхиод энэ удаа Р.Нямдорж яагаад будлианд оролцдог, заримдаа гардан зохион байгуулдаг хийгээд энэ жил хэрхэн “Төрийн хутгуур” хийж, Үндэсний баяр наадмын утгыг алдуулан бөхөд дуртай монголчуудын сэтгэлийг сэвтээсэн тухай асуудлыг хөндөе.
Гишүүн Р.Гончигдорж, Б.Чойжилсүрэн, Д.Батцогт нарын хамтран санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ өнгөрсөн сарын 13-ны өдөр баталснаар нэгэн үеийн бөхчүүдээсээ амжилтаараа тасарч чадсан хоёр сайхан бөх “Монгол Улсын дархан аварга” цол хүртсэн билээ.
24 жилийн турш дархан аварга цолтны бараа хараагүй, цаашид хэдэн ч жил харахгүй байж мэдэх дээд цолтон үндэсний бөхөд мэндэлсэн явдалд монгол түмний магнай тэнийн баярласан билээ /Хамгийн сүүлд Б.Бат-Эрдэнэ аварга 1990 онд “Монголын нууц товчоо” их хөлгөн судар бичигдсэний 750 жилийн ойн баяр наадмаар дархан аварга цол хүртсэн/.
Дархан аварга бол үндэсний бөхийн хувьд бурхнаас өөрцгүй нэр хүндтэй болж байгаа хэрэг. Ийм цолтон төрөхгүй удах нь ард түмэн болоод бөхчүүдэд аль, алинд нь муу нөлөөтэй. Залуу үеийнхэн бол ойлгох ч үгүй. Сая түрүүлсэн Н.Батсуурь харцага л гэхэд л Б.Бат-Эрдэнэ аваргыг барилдахаа болиод хэдэн жил өнгөрсний дараа улсын наадамд барилдаж эхэлсэн байх жишээтэй.
Ийм үед “далай аварга” цолыг хасч, дархан аварга цолны болзлыг хангаад байсан хоёр аваргад цол гардуулсан нь чухам “загатнасан газар маажив” гэгч болсон юм.
Гэтэл Улсын наадмын нэгийн давааны өмнө хоёр аваргын хооронд маргаан гарсан гэх мэдээ наадамч олны сэтгэлийг тавгүйтүүлэх нь тэр. Гэтэл Р.Нямдорж тэргүүтэн ээлжит удаагаа “хутгуур”-ын ажлаа хийж Г.Өсөхбаяр аваргыг А.Сүхбатын дээр эрэмбэлэн бөхчүүдийг ээлжит удаа эвдрэлцүүлсэн нь тэр байжээ. Уг нь бол цолны болзлыг түрүүлж хангаснаараа А.Сүхбат зүүний магнайд гарах ёстой.
Бөх гадарладаг хэнд ч энэ бол тодорхой асуудал. Харин МҮБХ өөрийнхөөрөө зүтгэж, олон сонинд “Мэдэгдэл” гаргасан байна. Түүнд дурьдсан үндэслэлүүд нь харамсалтай нь баримтаар батлагдахгүй байна.
Тухайлбал “Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар ижилхэн даян аварга цолтой байх үедээ дархан аварга цолыг зарлигаар авч байгаа учир Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 3.6.1-д “Ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг нь эхэнд нь эрэмбэлнэ” гэсэн заалтыг үндэслэн Г.Өсөхбаярыг эхэнд, А.Сүхбатыг удаад нь эрэмбэлсэн болно” гэжээ.
Хоёр аваргын эрэмбийг тогтоохдоо долдугаар сарын 12-ны өдөр зэрэг цол авсан бөхчүүдийг эрэмбэлдэг журмыг ашигласан гэдгээ тэд ил хэлсэн байна. Гэтэл хоёр аваргын асуудал өөр. Заавал түрүүлж байж авдаг учраас дархан аварга цолыг нэг өдөр хоёр хүн хүртэх арга байдаггүй юм. Тийм тохиолдол ч гарч байгаагүй.
Түүхийг аваад үзэхэд, ийм боломж ганц л тохиосон байдаг нь 1963 оны наадам. Тэр жил зургаа давсан даян аварга Ш.Батсуурьт дархан авраг цол олгосон бөгөөд даян аварга цолтон уг наадамд түрүүлсэн бол хоёр дархан аварга зэрэгцэн мэндлэх байв. Гэвч тэр үед залуу бөхчүүд ид түрж гарч байсан үе тул шөвгөрсөн бөхчүүдийн дунд арслангаас дээш цолтой бөх байсангүй, улсын заан Жигжидийн Мөнхбат түрүүлсэн байдаг.
Энэ түүхийг яагаад дурьдав гэвэл, тэр үед даян аварга цолтой бөх түрүүлээд дархан аварга цолд хүрчихсэн байсан ч Ш.Батсуурь аварга дээгүүр эрэмбэлэгдэнэ. Яагаад гэвэл зургаагийн даваа есийн даваанаас өмнө болсон гэдэг утгаараа. Харин А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрын тухайд өөр. Хууль гаргасан үндэслэл нь ч өөр.
Хууль санаачилсан гишүүдийн нэг Р.Гончигдорж “2003 оноос өмнө Далай аварга гэж цол байгаагүй… Энэ цолыг хасахаар даян аварга цолтой хоёр маань дархан аварга болж байгаа… ” гэсэн бөгөөд МҮБХ мэдэгдэлдээ гол баримт болгож авч үзээд байгаа “Нэг өдөр зарлигаар цол хүртсэн” гэдэг үндэслэлийг “Тийм биш, авах ёстой цол гэж би хэлнэ.
Авахгүй байсан цолыг санаачлаагүй. Далай аварга цол байгаагүй бол энэ хоёр маань аль хэдийнэ дархан аварга цол авчих байсан” хэмээн үгүйсгэжээ. Өөрөөр хэлбэл хоёр бөх нэг наадмаар цол авч, нэг өдөр цол аваагүй, А.Сүхбат 2004 онд, Г.Өсөхбаяр 2009 онд түрүүлээд авах ёстой байсан цолыг нь өгч байгаа хэрэг гэдэг нь энд ойлгогдоно.
Хууль санаачлагчид, Ерөнхийлөгч, ухаантай хүмүүс үүнийг мэдэж байсан учраас А.Сүхбатад дархан аварга цолтны үнэмлэх тэмдгийг эхэлж гардуулсан. Г.Өсөхбаяр аварга ч үүнийг мэдэж, ойлгож байсан байх. Гэтэл МҮБХ ямар логикгүй, бүдүүлгээр дайрч орж ирснээр наадмыг үймүүлсэн. Энэ бол бөхчүүдийг эв эегүй байлгаж, албан тушаалдаа илүү олон жил суух гэсэн Р.Нямдоржийн далд бодлогын илрэл ч байсан байж мэднэ.
Үндэсний бөхийн “бурхад” болж хувирсан хоёр аварга цол авсныхаа дараа “Бөхийн хөгжлийн төлөө зүтгэнэ” хэмээн амаа нийлүүлсэн нь түүнд түгшүүр төрүүлсэн байхыг хэн ч үгүйсгэхгүй шүү дээ. Үндэсний бөхийн аваргууд хуралдаад өөрийг нь “авч хаях” шахсан тэр жилийн хурал Р.Нямдорж тэргүүнд их юм бодогдуулсан бололтой байдаг. Бөхчүүдийг хуваадаг гэдэг утгаараа аваргууд бөхчүүдийн эв нэгдэлд чухал нөлөө үзүүлдэг юм.
Чухам ийм учраас бөхчүүдийг аймгаар нь талцуулахын тулд ийм бульхайтай ажил хийсэн байж болох талтай. А.Сүхбат аварга ухаантай хүн учраас Г.Өсөхбаярыг амалж аван эсэргүүцлээ илэрхийлэхийн зэрэгцээ “Энэ явдалд чи ямар ч буруугүй, МҮБХ л бид хоёрыг эвдрэлцүүлэх гээд байгаа шүү” гэдгийг илэрхийлэхийн тулд барилдалгүй бууж өгсөн болов уу.
Энд бас нэг зүйл хэлэхэд, А.Сүхбат аваргын хоёр удаа ес, нэг удаа 10 давсан амжилтыг Г.Өсөхбаяр аваргын 4 удаа ес давж түрүүлсэн амжилтаас ч дээгүүр тавьж болохуйц МҮБХ өмнө нь гаргаж байсан. Өнгөрсөн жилийн наадмын дараа МҮБХ бөхчүүдийн чансааг гаргахдаа нэг удаа 10 давж түрүүлсэн С.Мөнхбат аваргыг хоёр удаа 9 давсан С.Эрхэмбаярын дээр эрэмбэлсэн.
Уг нь төрийн наадмын үзүүр гэдэг хэр баргийн аавын хүүгийн давах даваа биш. Хэрвээ С.Мөнхбат аваргын нэг удаа 10 давсан амжилтыг хоёр удаа 9 давснаас дээгүүрт тавьж болж байгаа бол А.Сүхбат аварга Г.Өсөхбаяр аваргын дээр эрэмблэгдэж ч болно. Гэхдээ энэ бол мэдээж А.Сүхбатын талд орох гээд ядаад байгаа хэрэг биш, МҮБХ зарчимтай байгаасай гэсэндээ бичиж байгаа юм. Монгол бөхийн дэвжээ чин шударга өрсөлдөөний талбар байх ёстой.
Ер нь цаашдаа бөхчүүдийн тоо нэмэгдэнэ, Улсын наадам 1024 бөх рүү орох л болно гэдгийг одооноос бодох цаг болж. Эцэст нь, ирээдүйд гарах нэг эрсдлийг ч гэсэн урьдчилан харж, хааж чадвал сэтгүүлч хүн үзэг цаас нийлүүлсний хэрэг бүтдэг гэдэгчлэн нэг санал дэвшүүлээд энэ бичлэгээ өндөрлөе.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн “7.2-т Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх 9 давсан бол үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын арслан цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгоно” хэмээн заасан байдаг.
Энд нэг дутагдал байгаа нь 10-ын даваа нэг цол ахих үндэслэл мөн үү гэдэг асуудал. Хэрвээ мөн бол “Арслан цолтой бөх ес давбал 10-ын давааны өмнө аварга цолыг олгож, улмаар 10 давж түрүүлбэл даян аварга цол олгоно”, “Аварга цолтой бөх ес давбал 10-ын давааны өмнө даян аварга цолыг олгож, улмаар 10 давж түрүүлбэл дархан аварга цол олгоно” гэж зааж өгөх ёстой.
Гэхдээ энэ бол А.Сүхбат хуульд заагаагүй үндэслэлээр даян аварга болсон гэх гэж байгаа юм биш, хуульд энэ заалтыг заавал бичиж оруулах ёстой гэж байгаа юм. 1024 бөх барилдсан наадамд түрүүлсэн арслангаас доош цолтой бөх хожиж, аварга, даян аварга цолтойн түрүүлбэл хохирох байдал цаашид үргэлжлэх ёсгүй.
Х.Батсайхан
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: