Монголын төр амарч байна

-13022014-1392269700-276253098-chuulganТөрийн ордон эзгүй ч юм шиг. Яам,Тамгын газрынхан бараг нийтээрээ амарсан ч юм шиг. Цаанаа л нэг эль хуль болчихжээ. Монголын төр амарч байна. Энэ жил тэмдэглэхгүй байхын аргагүй түүхт их ой нь тохиож байгаа 100 гаруй сумдын баяр наадам руу хөлгийн жолоо эргүүлсэн төр засгийн томчуул нутаг нугадаа цэнгэж буй. Монголчууд зуны сарыг наадаж, цэнгэж, ууж идэж өнгөрүүлж сурсан ард түмэн. Тэр тусмаа баяр наадмыг дарга нартайгаа хамт тэмдэглэхгүй бол баярласан болдоггүй муу зантай. Энэтхэгүүд баячуудаа дагаж дуулж бүжиглэж, хөөрч баярладаг бол монголчууд дарга нараа харж сэтгэл нь сэргэж, цөс нь хөөрдөг заншилтай болсон. Баяр тэмдэглэлээ гэж хэний хэн гуайг ч шүүмжлээд нэмэргүй,салхины өөдөөс хашгирсантай адил. Тэр ч байтугай “зодоод “ ч тусыг эс олно биз. Засгийн газраас “наадмаа 8 сарын нэгэн гэхэд дуусга” гэж тогтоол гаргасныг үл тоодог улс. Энэ жилийн хувьд баяр наадам энэ сарыг дуустал үргэлжлэн найзгайрах нь гарцаагүй. Сайд, дарга нарын олонхи нь уяачийн ажлаа давхар хийж, морь мал, наадам цэнгэл гэсээр төрийн албыг мартсан яваа.
Улс орны эдийн засгийн байдал сайнгүй байгаа энэ үед Засгийн газар бидэнд амрах зав байхгүй. Амралтгүй ажиллана, тэрчлэн эдийн засгийн идэвхжүүлэх тогтоолын үр дүнг богино хугацаанд гаргах үүднээс ээлжит бус чуулганыг зарлаж, хаврын чуулганы гэмээ цагаатгана хэмээн эрх баригчид ам гарч байсан ч аймаг сумын наадам хэсэн аз жаргалд умбан шумбан баярлаж явна.

Эрхэм дээдэс баяр наадмаар амьсгалж буй эдгээр өдрүүдэд Засгийн газраас зарласан “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” талаасаа илүү гаран цаашилсаар.

Ээлжит бусаар хуралдана гэсэн УИХ ч нам гүм, юун яасан амралт вэ, бид ажиллана гэсэн Засгийн газар ч одоохондоо чимээ багатай байна. Энэ сарын 28-нд Засгийн газрынхаа хуралдааныг Хөвсгөл аймагт хуралдуулна гэж зарласныг эс тооцвол шүү дээ. Хөвсгөл аймгаас нийслэлтэй холбогдох хатуу хучилттай замын явцтай танилцана хэмээн баахан сайд дарга нар бараа бологчдын хамт эх орны хойморт онгоц хөлөглөн залрах нь. Онгоцоор биш машинаар зүтгэх хүмүүс ч маш олон байгаа дуулдана. Хөвсгөл нуурын ариун усанд орж хийморь лундаагаа сэргээж хэдэн ширхэг цагаан загас зооглохгүй бол Засгийн газрын ажил урагшлахгүй байгаа бололтой. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад гурав хоног айлчлахаар одов. Тэрээр байсхийгээд Япон руу “гүйдэл”-тэй болсон гэж шүүмжлүүлж байгаа ч энэ удаа их ажил амжуулахаар морджээ. Японы Ерөнхий сайд Ш.Абэтэй хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурна. Тус улсын Парламент дахь найрамдлын бүлэг, Монголтой харилцдаг олон нийтийн байгууллагуудын удирдлагуудтай уулзах энэ тэр гээд зөндөө их ажил түүний төлөвлөгөөнд байна. Монголын талаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалтын төслийг Японы хувийн хэвшлийнхэнд танилцуулах,дэмжлэг авах нь түүний айлчлалын бас нэг зорилго. Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /JETRO/-тай хамтран “Бизнес нетворкинг” арга хэмжээг зохион байгуулах аж. Ард түмний халаас өдрөөс өдөрт нимгэрч, хүнс барааны үнэ өдрөөр биш цагаар тэнгэр рүү цойлж байхад томчуул татварын мөнгийг яаж үрэх вэ гэж өрсөлдөж байгаа ч шиг…

Н.ДӨЛ


URL:

Сэтгэгдэл бичих