“Эзэн 100” хөтөлбөрийн “ачаар” Н.Энхбаяр эх орондоо тухлах уу
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр удаан хугацаанд Солонгос улсад эмчлүүлж байгаа. МАХН намын даргаа ирэхээр их хурлаа хуралдуулна гэсэн ч Н.Энхбаяр өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй. Тиймээс МАХН-ынхан үе үе хилийн дээс алхаж, намынхаа даргатай уулзаж, заавар зөвлөгөө авч байгаа гэх.
Н.Энхбаяр даргын хувьд өнгөрсөн зургадугаар сарын 1-нд Монгол Улсад ирж төрсөн өдрөө хүүхдүүдтэй тэмдэглэх сураг гарч байсан ч энэ нь талаар болж, Солонгост буй хүүхдүүдийг баярлуулсан. Энэ мэт түүнтэй холбоотой мэдээлэл хөвөрсөөр байгаа.
Хамгийн сүүлийн мэдээллээр түүнийг удахгүй эх орондоо ирэх тухай яригдаж байна. Тодруулбал, Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног дуусах үеэр ирэх бололтой.
Энэ үеэр ирж байгаа нь ч учиртай гэнэ. Тэрбээр, эх орондоо ирж, одоогийн Засгийн газрыг унагах “гол дүрд тоглох” сураг ч чих дэлслээ. Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн гэдгийг амтай хүн бүхэн ярьж, Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг тавиад байгаа ч дорвитой шийд гарахгүй байгаа.
Гэтэл “Эзэн 100” хөтөлбөр дуусахад 30 хүрэхгүй хоног үлджээ. Өнөөдөр 72 дахь өдөртэй “золгож” буй энэ хөтөлбөр үр дүнгээ өгөхгүй нь нэгэнт тодорхой болсон тул экс Ерөнхийлөгч маань ирж, энэ Засгийн газрыг бужигнуулах бололтой.
Монголын мэдээ
URL: