Судлаачид Азид дайн дэгдэж болзошгүй гэжээ

тайБританийн “Олон улс судлалын хүрээлэн”-гийн судлаачид Азийн орнуудын зөрчилдөөнт байдал ба дайн гарч болзошгүй нөхцөлийг олон өнцгөөс харж судалгаа хийснээ тайлагнасан байна. Азийн орнуудын үндсэрхэг үзэл урьд өмнө байгаагүйгээр идэвхжиж, хүмүүс дайн гарч болзошгүй гэж түгших болжээ.

Тодруулбал, Азийн орнууд зэвсгийн зардлаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ батлан хамгаалахын өнөөгийн зардал маш хурдацтай өсч байгаа аж. Батлан хамгаалах зардлаар дэлхийд тэргүүлэгч АНУ-ын араас Хятад шил дарж яваа бол түүний хойно Япон ойрхон нэхэж буй юм байна. Судалгааны дүнгээс харахад, Азийн орнуудын дийлэнх нь өнөөдөр цэргээ шинэчлэн, хүчирхэгжүүлэн бэхжүүлэхэд эрчимтэй хөрөнгө оруулж эхэлжээ.

Ази номхон далайн бүс нутгийн хувьд Хятад тэргүүтэй хэсэг улсад үндсэрхэг үзэл харьцангуй хүчтэй оршиж байдаг онцлогтой. Хятадын хөгжил Зүүн Өмнөд Азийн орнуудын үндэсний үзлийг дэвэргэх нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Тухайлбал, Хятад улс Вьетнамтай маргаантай далайн усанд нефть олборлох байгууламж босгосноор Вьетнам улсад Хятадыг эсэргүүцэх үзэл газар авч, улмаар энэ нь бүх орныг хамарсан хөдөлгөөн болсон. Японыг ч мөн Хятадын эсрэг үзэл, уур амьсгал бүрхсэн гэжээ.

Хятадыг тойрсон газар нутгийн маргаанд түгшдэг орнууд цөөнгүй гэж британийн судлаачид дүгнэжээ. Олон нийтийн санал асуулга судалгаанаас харвал, Филиппин (93хувь), Япон (85 хувь), Вьетнам (84 хувь), БНСУ (83 хувь), Энэтхэг (72 хувь), Малайз (66 хувь), Бангладеш (55 хувь), Индонез (52 хувь) зэрэг Азийн 11 орны иргэдийн дийлэнх нь Хятадтай дайтах вий гэдэгт санаа зовж явдаг байна. Түүнчлэн хятадуудын 62 хувь нь “Газар нутгийн маргаан дайн болж хувирах вий гэж санаа  зовж явдаг” гэж хариулжээ.

Ази номхон далайн бүс нутагт одоог хүртэл үр дүнтэй яриа хэлцлийн механизм байхгүй байгаа нь бүс нутагт тохиолдсон асуудлыг шийдвэрлэхэд амаргүй болгож байдаг. Европ тивийн орнууд шиг Аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага байгуулвал аливаа асуудлыг олон улсын хуулийн хүрээнд хэлэлцэх, тохиролцох боломж бий болно. Тэр цагт өнөөдөр шиг харилцан үл ойлголцол, зөрчлийн улмаас батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх байдал зогсох боломжтой гэж судлаачид бичжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: Medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих