“Нийслэл өргөө” ХХК-ийн үйл ажиллагааг бүрэн зогсоолоо

 Medeenii_zurag_680x300_17

  Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж өнгөрсөн өдрүүдийн цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд мэдээлэл өглөө.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаярын мэдээлснээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд /7 дугаар сарын 7 сарын 21/ нийслэлийн Онцгой байдлын газар гамшиг ослын 99 удаагийн  дуудлага хүлээн авснаас объектын гал түймрийн 55 дуудлага, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 44 дуудлагаар ажиллажээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт хүн, мал амьтны гоц халдварт боом өвчин гарч, боомоор нэг гэр бүлийн 2-54 насны 4 хүн өвчлөн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүйтний хонхор” гэдэг газар зусч байгаа Төв аймгийн Баянхангай сумын малчин Б.Нармандахын суурьт  хүн, мал, амьтны  гоц  халдварт “Боом” өвчин оношлогдож  дүүргийн Засаг даргын  А/235 дугаар захирамжаар  хорио цээрийн дэглэм тогтоосон байна.  Хорио цээр тогтоосноос хойш долоо хонож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нэмж халдварт өвчний сэжиг илрээгүй байна. Мөн Сонгинохайран дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Нью-кроп” ХХК-ийн гахайн аж ахуйд “Гахайн сонгомол мялзан”, “Гахайн үржил-амьсгалын замын хам шинж өвчин” оношлогдож, дүүргийн Засаг даргын 2014 оны  А/238 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Гахайн сонгомол мялзан, Гахайн үржил-амьсгалын замын хам шинж  өвчнөөр өвчилсөн нийт 993 толгой гахайг уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу устган, 154.9 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт  хийж, хорио цээрийн дэглэм сахиулах болон өвчилсөн гахайг устгах ажилд 10 байгууллагын 60 албан хаагч, 15 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Гахайн мялзан өвчинтэй тэмцэх зааварт өвчилсөн гахайг устгаснаас хойш 30 хоногийн дараа мал эмнэлгийн дүгнэлтийг үндэслэн  хорио цээрийн дэглэмийг цуцлана гэж заасан байдаг юм байна.  Устгал хийснээс хойш  өнөөдрийг хүртэл 12 хоног өнгөрчээ.

7 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас Шуурхай мэдээллийн төв, Мэдээлэл шуурхай удирдлагын төвд  иргэдээс гэр, хашаа усанд автсан 13 дуудлагыг хүлээн аван ажилласан байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л. Эрдэнэчулуун өнгөрсөн бямба гарагт  “Нийслэл Өргөө” компанийн барьж буй барилга дээрээс гурван хүн унаж, нас барсан тухай мэдээлэл өглөө. Тэрээр,  Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам”-ны захиалгаар барьж байгаа  Цахим архивын барилгын  14 дүгээр  давхраас 3 ажилчин унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг барилын ерөнхий гүйцэтгэгчээр “Нийслэл өргөө” ХХК, туслан гүйцтэгчээр “Тэгшрэх” ХХК- ажиллаж байсан гэсэн мэдээллийг өглөө. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр тус барилгад ажиллаж байсан ажилчид хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөн ажиллаагүй нь тодорхой болжээ. Тодруулбал, өндөрт ажиллах хүмүүс нь хамгаалалтын бүстэй, бэхэлгээтэй байх ёстой ч тухайн ажилчид бэхэлгээгүй, байсан,  цас бороотой үед барилга угсралтын үйл ажиллагаа явуулахыг хориглодог байхад  энэхүү барилгад ажиллаж байсан хүмүүс бороонд барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан зэрэг зөрчил илэрсэн байна. Мөн НИТХ-аас баталсан Барилга угсралтын ажлын үед мөрдөх нийтлэг журмын хэд хэдэн заалтыг зөрчсөн нь тогтоогджээ. Одоогоор барилгын үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна.

Цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Болдбаатарын мэдээлснээр нь 2014 оны 07 дугаар сарын 19-ны өдөр тус барилгын 14 дүгээр давхарын цахилгаан шатны хэв хашмалын ажил гүйцэтгэж байсан гурван ажилтан 15 цаг 30-40 минутын орчимд шатны хонгил руу унаж барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.  “Нийслэл Өргөө” ХК, “Тэгшрэх” ХХК-ийн  баримт бичигт үзлэг хийхэд тус хоёр компанийн хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр болоогүй, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг мөрдөх хамтарсан гэрээ үйлдээгүй бөгөөд талийгаач нарт ажилд гарахад  “Нийслэл Өргөө” ХК-ийн туслан гүйцэтгэгч “Тэгшрэх” ХХК-ийн инженерүүд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй болох нь одоогоор тогтоогдсон гэлээ. Тухайн барилгын осолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Сүүлийн 14 хоногийн байдлаар Замын цагдаагийн газрын  Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст  зам тээврийн ослын нийт 421 дуудлага  бүртгэгдсэн. Үүнээс хүн гэмтсэн хэргийн  шинжтэй 169, осол, зөрчлийн шинжтэй 252 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг  10 бүртгэгдэж 11 хүн нас барсан байна.

Шуурхай зөвлөгөөний дараа нийслэлийн Засаг дарга, “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд зам тээврийн осолд болон харамсалтай байдлаар нийт 16 хүн нас барсан байна. Энэ бол үнэхээр харамсалтай мэдээ. Иргэдийн эрүүл мэнд, амь нас,  аюулгүй байдлыг хангах талаар олон дүрэм журам нийслэлд мөрдөгдөж байгаа ч үүнийг хэрэгжүүлэх нь маш цөөн байгаа нь ажиглагдаж байна. Зарим иргэдийн  хууль, дүрмээ биелүүлдэггүй, дур зоргоороо авирлах, хэт хувиа хичээсэн үзлээс болж осол эндэгдэл, халдварт өвчин гарч байна.  Тиймээс  өнгөрсөн өдрүүдэд гаргасан гэмт хэрэг, зөрчилд дүгнэлт хийж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хэрхэн арга хэмжээ авах тухай тодорхой саналуудыг холбогдох байгууллагуудаас хамтран боловсруулж танилцуулах шаардлагатай” гэдгийг онцлолоо. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг бүх шатанд зохион байгуулж, инженерийн хангамжийн байгууллагуудыг ажлын уялдаа холбоогоо сайжруулан ажиллахыг үүрэг болголоо


URL:

Сэтгэгдэл бичих