“Malaysia Airlines“-ын 2 онгоцны ослоор гэр бүлийнхээ 4 хүнийг алджээ

527-1405920863ce13ddd89b5069d4b970f7e9167dd75d_XLБРИСБЕН. /NHK/. Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines“ компанийн өнгөрсөн гуравдугаар сард сураггүй болсон болон өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн орой Украины нутаг дэвсгэрт сүйрсэн онгоцны ослоор Брисбен хотын оршин суугч эмэгтэй гэр бүлийнхээ дөрвөн хүнийг алдсан гэж Австралийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Украины зүүн нутагт пуужинд оногдон сүйрсэн зорчигч тээврийн нисэх онгоцонд сууж явсан 298 хүний дунд Кэйлин Мэнний нөхөр болон дагавар охин байжээ. Тэр хоёр Европоор аялаад буцаж явсан аж.

Харин энэ оны гуравдугаар сард Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд нисэж байхдаа радараас алга болсон мөн “Malaysia Airlines“ компанийн өөр нэг онгоцонд Мэнний ах, эхнэртэйгээ явж байжээ. Тус онгоцыг Энэтхэгийн далайд сүйрсэн гэж үзэж байгаа билээ. Гэхдээ өнөө хэр нь яг юу болсныг нотлох нэг ч баримт олдоогүй байгаа юм.

“Манай гэр бүлд энэ хэргүүд хэрхэн хүндээр тусаж байгааг би үгээр илэрхийлэхэд бэрх байна. Миний охин сэтгэл санааны гүн хямралд ороод байна” гэж Мэнний 84 настай ээж Ирен Берроуз хэвлэл, мэдээлэлийхэнд ярьсан байна.

Г.Доржханд

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих