805 тэрбум төгрөг хаагуур орж ирэх вэ?

Эрх баригчид ирэх жил нийтдээ 805 тэрбум төгрөгийг та бидний гар дээр  тарааж өгнө. Яаж энэ мөнгийг иргэн бүрт хуваарилахыг нь бид хэтэрхий сайн мэдэх хэрнээ яаж олох гээд байгааг нь огт ойшоож сонирхохгүй юм.

Тэрхүү 805 тэрбум төгрөг Монголын төсөвт урсч орж ирэхдээ цэвэр усны шугамаар дамжих уу, бохирын хоолойгоор зөөгдөх үү гэдгийг нь огт сонирхохгүйгээр бээлийгүй гараараа тосоод авна гэдэг хэтэрхий эрсдэлтэй биш гэж үү? Учир нь мөнгө хэзээ ч өөрөө нүүрээ угаадаггүй юм.

Энэ мөнгийг хаанаас гаргаж өгөх вэ гэсэн асуултад эрх мэдэлтнүүд “Хүний хөгжил сан” гэдэг гоёмсог сав, баглаа боодлын нэр хэлж байна. Айлын жаалууд аав ээждээ өгөх хариулт мөнгөө цуглуулдаг шаазан гахайны өхөөрдөм дүрээр нүдэнд буугаад байгаа “Хүний хөгжил сан” гэдэг маань арай эрх баригчдын элдэв аргаар олж ирэх мөнгөнийхөө нүүрийг угаах гэсэн тэвш биш биз?

Сангийн сайд С.Баярцогт “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд өгөх нийт мөнгөний 480 тэрбум төгрөгийн санхүүжүүлэх эх үүсвэр бэлэн байгаа гэж мэдэгджээ. Яг одоо тус санд байгаа орлого 320 тэрбум, дээрээс нь санхүүжүүлэх эх үүсвэр нь тодорхой 160 тэрбум төгрөг бий гэж үүнийгээ задлан тайлбарлажээ. Харин 160 тэрбум төгрөгт Оюутолгойн төсөлд зурагдсан гэрээний 100 сая төгрөг багтаж байгаа аж. Иймэрхүү байдлаар 480 тэрбум нь тодорхой харагдаж байгаа бол үлдэх 320 гаруй тэрбум төгрөгийг хаанаас олох вэ?

Эрх баригчдын дундуураа дүүргэх тооцоонд “Тавантолгойн ордын стратегийн хөрөнгө оруулагчдаас авах урьдчилгаа” багтаж байна. Тэгвэл стратегийн хөрөнгө оруулагч хэн байх вэ гэсэн шалгуурын нэгдүгээрт, “урьдчилгаа өгөх” гэсэн болзол бичигдэж таарна. Нөөцөө олборлож, үйлдвэрлэлээ эхлэхээс өмнө буюу үр ашгаа  олохоосоо өмнө Монголын Засгийн газартай хуваалцах мөнгөөр нь хүүхэд, нохойгоо нэг удаа хооллож цатгах гээд байгаа бидний бахь байдлыг хүлээн зөвшөөрөх тийм “тэнэг” хөрөнгө оруулагч нь хэн байх бол? Үнэндээ мөнгөтэй хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү гэдэг шиг Тавантолгойн нөөцийг эзэмших эрхийг авч л байвал монголчууд ядуугаараа үлдэнэ үү, байна уу тэдэнд хамаагүй байх л даа.

Монголын эрх баригчдад ч иргэд нь ядуу, залхуугаараа харанхуй ирээдүйтэйгээ үлдэх эсэх нь өнөөдөр чухал биш болжээ. Тэдэнд өмнөх сонгуулиар амласан мөнгөөрөө ирэх сонгуулийн саналаа худалдан авч эрх мэдэлтэйгээ үлдэх нь л хамгийн чухал биз. Хэрэв тиймгүй сэн бол зомгол шиг жиргэх гээд байгаа 805 тэрбум төгрөгөөр хэчнээн айлын орон сууц, эмнэлэг сургууль барьж, хэдэн үйлдвэр байгуулж болохыг тэд мэдэж л байгаа. Монголчуудад ажлын байр, эдийн засагт шинэ бүтэц хэрэгтэй байгааг сайн мэднэ. Харин тэд үүний төлөө биш амлалтынхаа төлөө л ажиллаж байна.

Амлалтаа биелүүлж л байвал Тавантолгой байтугайг худалдах одоо тэдэнд сонин биш болсон гэлтэй. Тавантолгойн ордын төрийн мэдлийн 96 хувийн талыг нь монголчууд стратегийн хөрөнгө оруулагчдад өгөх гэж байгаа. Өөрсдөө ашиглаж чадахгүй байлаа гэхэд өнөөдөр заавал зарж идэх гэлгүй маргаашдаа нөөцөлж болох л байсан. Үнэндээ бол амлалтаа биелүүлэх л гэж байгуулсан “Хүний хөгжил сан”-гаа дүүргэхийн тулд энэ бүхнийг хийж байгаа нь тодорхой юм.

Иргэд “Хүний хөгжил сан”-гаас хувиа авахын тулд тэр сангаар угаагдан гарах мөнгөний гарал үүслийг лавлах ёстой биш үү?  Уг нь “Хүний хөгжил сан”-гийн тухай хуульд тус сангийн орлогын эх үүсвэрийг тодорхой заасан юм. Тухайлбал, нөөц ашиглуулсны төлбөрийн 70 хувь, ногдол ашиг, стратегийн ордыг ашиглахтай холбоотой авч байгаа зээл, урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсгээс сангийн орлого бүрдэх ёстой. Тэгэхээр адаглаад л орлого хуульд заасан хүрээнд зүй зохисоороо орж ирэв үү, ямар эх үүсвэрээс нь хэчнээн төгрөг олов гэдгийг хянах учиртай байх. Ирэх жилийн төсөвт суулгаж байгаа “Хүний хөгжил сан”-гийн 805 тэрбум төгрөгөө гүйцээхийн тулд нэмж цаасан мөнгө үйлдвэрлээд гаргаад ирсэн байхыг ч бид үгүйсгэж, хянаж чадахгүй шүү дээ. Нэг үгээр бол хүн бүрт тарааж өгөх гээд байгаа тэр их мөнгө өөрөө ямар өртгөөр босч, ямар эрсдэл рүү биднийг чирч орохыг эхлээд бодох ёстой. Улстөрчдийг бохир худалдаа, хуйвалдаан руу тулгаж, иргэдийг ажилгүй ангайж хэвтэхэд уриалж байгаа 805 тэрбум төгрөгөөс бид айх учиртай.

Ингэхэд Монголын эдийн засаг, ирээдүйг татаж унагах аюул далласан их мөнгөний амлалтаасаа баригчид маань татгалзвал яасан юм бэ? Хэрэв мөнгө байгаа бол түүгээр илүү хэрэгтэй зүйлсийг бүтээе. Сар бүр хорин мянган төгрөг өгдөг биш сард сая төгрөгийн орлогыг иргэддээ авчрах шинэ зүйлс рүү хөрөнгө оруулья. Ийм шийдвэр гаргахад одоо ч гэсэн оройтоогүй гэж бодож байна.

З.БОРГИЛМАА


URL:

Сэтгэгдэл бичих