Тэнэг гэмт хэргүүд

20140721022247Хайнгын  гай

Америкийн Калифорни дэх Макдоннель Дуглас компанийн гурван ажилтан банк дээрэмдэхээр шийджээ. Энэ гурав зүгээр ч компанид биш харин сансар, нисэх онгоцны компанид ажилладаг ухаантай хүмүүс байсан болохоор цайныхаа цагаар дээрэм хийчихээд баригдах магадлал хамгийн өндөртэй эхний хэдэн цагийг компанийхаа цайны газарт гэмгүй царайлан сууж өнгөрөөхөөр шийджээ. Ингээд хэдэн долоо хоногийн туршид багаа яаж өмсөх, буугаа яаж гаргах, хэрхэн зугатах зэргийг бэлтгэлийн сэкунд хэмжигч барьж байгаад маш сайн давтсаны эцэст дээрмээ хийжээ. Дээрэм ч амжилттай болж ямар ч алдаа гаргасангүй. Тэгээд компанийхаа цайны газар гэмгүй царайлан сууж байтал цагдаа ирж баривчлаад гайхахын ихээр гайхжээ. Тэгтэл компанийн нэр, өөрсдийн нэр албан тушаал зэргийг бичсэн энгэрийн тэмдгээ дээрэм хийх үедээ авахаа мартчихсан байсан нь банкны камерт тод бичигджээ. Хагас мэдээлэл нь энгэр дээр нь зүүлттэй байхад хичнээн баг өмсөж гэмгүй царайлаад ямар нэмэр байх вэ дээ.

Сурлага муутайн гай

Сан Франциско хотод аж төрдөг, хичээл сургуульдаа тааруухан байсны улмаас тодорхой эрхэлсэн ажил байхгүй Пол гэдэг залуу дээрэм тонуултай кино үзсээр байгаад нэг өдөр банк дээрэмдэн ядуурлаас гарахаар шийдсэн байна. Тэгээд кинонд гардаг шиг цаасан дээр бэлэн мөнгө шаардсан бичиг теллерт нь өгч айлгаад, хамаг мөнгийг нь хамаад зугтахаар шийдсэн байна. Ингээд цайны цаг болохын өмнөхөн Бэнк оф эмерика-ийн нэгэн салбарт орж ирээд орлогын мэдүүлэг нэгийг авч байгаад ард нь бэлэн мөнгө шаардсан шаардлагаа биччихээд үйлчлүүлэхээр дугаарласан хүмүүсийн дугаарт орон зогссон байна. Хэсэг зогссоны дараа шаардлага бичиж байсан ширээнийх нь дээр камер зоолттой байсныг хараад ихэд сандарч, өөр банкинд очиж азаа үзэхээр шийдэв. Үүнийхээ дараа замын эсрэг талд байрласан Вэллс Фарго банкны салбар руу ороод теллерт нь өмнө нь бичсэн бичгээ сарвайжээ. “Бэнк оф Эмерика”-ийн орлогын мэдүүлэг дээр “Эн бол дээрэм”. Бүх мөнгийг шудаанд хий гэж бөөн алдаатай бичсэн шаардлагыг уншаад сэтгэцийн өвчтэй хүн байна гэсэн дүгнэлт хийгээд инээдээ барьж ядан байж өөр банкны орлогын баримт дээрт бичсэн шаардлагын дагуу мөнгө яагаад ч өгч чадахгүй, мөнгө үнэхээр л авах гээд байгаа юм бол наад банкныхаа салбар дээр очиж ав, үгүй бол одоохон манай банкны мэдүүлэг дээр шинээр хуулж бич гэж хэлжээ. Сурлага муутай Пол хэсэг хугацаанд бодлогоширсноо теллерээс уучлал гуйгаад банкнаас гарч явсан байна. Үүнээс хэдхэн минутын дараа түгшүүрийн дохиогоор ирсэн цагдаа нар сурлага муутай Полыг “Бэнк оф Эмерика”-ийн өөр нэгэн салбарт нөгөө бичгээ барьчихсан зогсож байхад нь барьж авсан байна.

Туршлагагуйн гай

1991 оны 3-р сард зургаан англи 12 сая фунт тээж явсан банкны машин дээрэмдсэн нь үнэхээр том хэрэг байлаа. Тэд отолт хийж байгаад машиныг зогсоож, хамгаалагчдын зэвсгийг хурааж авчихаад мөнгөтэй машиныг унан ой руу амжилттай зугтаж чаджээ. Тэгээд ойд очиж байгаад машиныг нээж мөнгөө авахаар үзэж гарчээ. Гэтэл тэд хуягласан машиныг автогенээр зүсч авдаг гэхээс өөр ямар ч дадал туршлагагүй гэдгээ мартсан байжээ. Ингээд автогенээ асааж машиныг хэдэн талаас нь огтолж эхэлтэл удалгүй машин тэр чигтээ галд автан дүрэлзэн асах нь тэр. Галыг унтраах гэж хэсэг үзээд дийлэхгүй болохоор ядаж гал дотроос мөнгөтэй ганц хоёр уут авч гарах гэж байгаад бүгд түлэгдсэн байна Түлэгдэнэ гэдэг тун ч яггүй хэрэг болохоор мань зургаа ойролцоох эмнэлэг орсон нь мэдээж. Хүлээж авсан эмч нь мэдээж цагдаа дуудаад зургаан хэрэгтэн баригдах нь тэр. Энэхүү түймэрт 1 сая фунт шатаж үгүй болсон болохоор энэ зургаан хэрэгтэн нь ХХ зууны түүхэнд хамгийн өндөр өртөгтэй түймэр тавьсан хэрэгтнүүдээр тодорсон юм.

Дүрдээ хэт итгэхийн гай

Парис хотоос холгүйхэн оршдог нэгэн жижигхэн хотод амьдардаг байсан гурван залуу дээрэм тонуултай кино үзсээр сүүлдээ өөрсдийгөө жинхэнэ дээрэмчид мөн гэдэгт эргэлзэхээ больтлоо итгэжээ. Тэгээд гурвуулаа дээрэм хийхээр шийдэж буу барин ойролцоох банкны салбар руу харайлгасан байна. Гэтэл дүрдээ хэт их орж хар эрчээрээ гүйж байсан гурван минут дотор нь гүйх нь тэр. Тэгсээр дотогш орж чадахгүй эргэдэг хаалганд түгжигдэлтэй нь биш гэж бодоод аргагүйн эрхэнд арай гэж нэг юм гадагш гарчээ. Амьсгаагаа дарж байгаад дараагийн оролдлогоор дотогш ороод буугаа савчин байж 100 мянган франк нэхэж эхэлсэн байна. Гэтэл урьд нь хаалгыг зогсоож чадахгүй тэнэгтэж байхыг нь харж элгээ хөштөл инээсэн банкны ажилчид нөгөө гурвын мөнгө нэхэхийг хараад тоглож байна гэж ойлгоод бүгд газар эвхрэн унахаас наагуур инээлдэж эхэлжээ. Ингэнэ чинээ бодоогүй байсан дүрдээ итгэсэн гурван залуу балмагдаад хэт их мөнгө нэхсэн болоод шоолуулаад байна гэж бодоод нэхсэн мөнгөнийхээ хэмжээг буулгасаар гурван минутын дараа гэхэд зуун мянга биш нэг мянган франк нэхэж эхэлжээ. Гэвч ажилтнуудын инээд тасрахгүй байсанд дээрэмчдийн ахлагч уурлан теллерийн өмнөх давцан дээр үсрэн гараад буугаа тулгах гэтэл эрчиндээ халтирч унаад хөлөө хугалж орхиж. Нөгөө хоёр нь ахлагчаа яасныг хараад зугтсан ч ахиад л эргэлддэг хаалган дотор гацчихаж.

Шуналтайн гай

Аризоны мужийн Робин Жаспер гэгч нөхөр банкны жижиг салбар энэ тэр дээрэмдэхийг цагаа дэмий үрсэн хэрэг гэж үздэг байжээ. Тиймээс ганцхан удаа мужийнхаа хамгийн том банкийг “цөм дэлбэлээд” насан туршдаа идэх мөнгөтэй болохоор шийдсэн байна. Ингээд олон өдрийн турш муж улсаараа машинтайгаа тэнэсээр “Blood bank” гэсэн томоос том бичигтэй, том байшинг нүдлээд авч. Энэ нь уг нь бол хүмүүсийн доноруудын цусыг худалдан авч хадгалдаг цусны банк буюу цусны төв юм. Дээр нь мань хүний нүдэлсэн банк нь тав дахь өдрийн үдээс хойш хаагаад, нэгдэхийн өглөө нээгддэг байсан нь бүр ч сэтгэлд нийцсэн байна. Энэ бүх ажиглалтынхаа дараа мань хүн нэгэн тав дахь өдрийн орой асар том банкыг лайтай их мөнгөөр шатаах ажлаа хэрэгжүүлэхээр ханцуй шамлан орлоо. Робин нь банк руу агааржуулах хоолойгоор дамжин орохоор шийдсэн байна. Гэтэл нарийхан хоолойгоор хэдхэн см мөлхөөд л хамаг тамираа барчихаад байж байтал нь хоолой  нь гэнэт цөмөрч мань эр банкны оффисын өрөөнд газарджээ. Газар дээр газардахдаа тун ч амжилтгүй газардсан байна. Мань эрийг нэг дэхийн өглөө оффисын ажилтнуудыг тусгаарладаг нэгэн таславчин дээр салтаагаараа суучихсан ухаангүй байхыг нь олсон аж. Гэхдээ мань эр нэг талаараа азтай гэж болох юм. Учир нь таславчин дээр салтаагаараа мордон унасанаас болоод Робиныг цаашид хүүхэдтэй болох боломжоо бүр мөсөн алдсан гэдгийг мэдээд банкны эзэн гомдолгүй гэж мэдэгдээд хэцүү нэртэд хэдэн жил суухаас нь аварчээ.

Тэнэгийн гай

Канадын Питерборо нэртэй хотод оршин суудаг Жералд Диксон гэгч гэмт хэрэгтнийг өмгөөлөгч нь засрашгүй тэнэг хөлдүү гэдгийг нь баталсан болохоор шүүх хэргийг нь цайруулсан байна. Яагаад засрашгүй хөлдүү вэ гэхээр ингэсэн байгаа юм. Мань эр Уитби нэртэй хотод байдаг Монрелийн банкны салбарыг дээрэмдэхээр шийджээ. Тэгээд уулын цанын хэрэгсэл зардаг дэлгүүр ороод цаначдын өмсдөг дуулга шил баг худалдан авсан байна. 8-р сард шүү дээ. Ид халуунд уулын цанын баг авч байгаа хүнийг худалдагч тун ч тогтоож авах нь мэдээж. Зүгээр ч нэг авсангүй авсан даруйдаа багаа дэлгүүрт өмсөж аваад гарсан аж. Ингээд багаа тайлалгүйгээр банк орж амжилттайгаар дээрэм хийчихээд хоёр цагийн дараа нөгөө банкиндаа эргэж ирээд данс нээлгэхээр болжээ. Дансандаа хэдий хэмжээний мөнгө хийх вэ гэсэн ажилтны асуултын хариуд нь дээрэмдсэн 2600 доллараа хийж гарсан цүнхээ нээж үзүүлээд 2600 доллар бэлнээр нь хийнэ гэж хариулсан аж.

Тачаангуйн гай

Мельбурн хотод амьдардаг дөрвөн залуу хотдоо л алдартай бэлгийн сулрал эмчилдэг эмнэлгийг дээрэмдээд тачаалаасаа болж нэг хоногийн дараа баригдсан байдаг. Дөрвөн залуу эмнэлгээс нилээд хэдэн мянган австрали долларыг, хуял тачаал сэргээдэг маш хүчтэй хэдэн эмийн хамт авч зугтсан юм байж. Тэгээд яасан бэ гэхээр нас залуу болохоор авсан мөнгөөр нь зүгээр нэг наргичихсангүй мундаг тачаангуй гэдгээ хүүхнүүдэд харуулахыг хүсч нөгөө эмнүүдийг хэд хэдээр нь давхарлан ууцгаасан байна. Тэр эмнүүд нь Виагратай адил боловч маш хүчтэй эм байсныг мунхаг залуус яаж мэдэх билээ. Ийм эм уусан цоо эрүүл хүний нөгөөх нь хөвчрөөд хоёроос гурван өдрийн турш буулгүй тав тухыг нь алдагдуулан тун ч эвгүй байдалд оруулдаг үйлчилгээтэй байжээ. Ингээд цагдаа нар “маш ичингүйрсний дээр ихэд ядарсан царайтай” залуучуудыг хайж байна гэсэн зар тараасны дараа тун удалгүй баригджээ.

Г.Солонго

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих