В.Путин ирэх эсэх нь тодорхойгүй байна
Ирэх сард манай улс ОХУ, БНХАУ-ын тэргүүнүүдтэй дээд хэмжээний уулзалт зохион байгуулах тухай албан бус мэдээлэл байгаа ч болох эсэх нь тодорхойгүй байна.
Учир нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин айлчлах эсэхээ албан ёсоор мэдэгдээгүй байгаа гэнэ. Гэхдээ түүнийг Халх голын ялалтын 75 жилийн арга хэмжээнд оролцож магадгүй гэдгийг дэлхийн хэвлэлүүд онцолж байгаа юм. Харин БНХАУ-ын дарга Си Зиньпиний манай улсад хийх айлчлал тодорхой болжээ.
Түүний айлчлалын бэлтгэл ажлыг хангах үүргийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хариуцаж байгаа юм. БНХАУ-ын даргын айлчлалаар транзит тээврийн асуудлаас эхлээд уналтад ороод байгаа эрдэс баялгийн салбарын хувь заяа сэргэх эсэх шийднэ гэж ажиглагчид онцолж байгаа.
Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 60 гаруй жилийг үдэж буй төдийгүй 2011 онд стратегийн түншлэлийн харилцааг тогтоож байжээ. Ингэснээр хоёр улс улстөр, эдийн засаг, эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр болсон юм.
Д.БОЛОР
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: