Хөдөө хуралдах нь хэмнэлтийн хэлбэр үү

2de0391d712c125d0acb510ba59d4cd3b3717b95Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг зарласан. Энэ хугацааны талаас илүү хувь нь өнгөрчихөөд байхад дорвитой хийсэн ажилгүй байгааг олон нийт шүүмжлээд байгаа.

100 хоног дотор эдийн засаг сэргэж, эерэг үр дүн харагдах учиртай атал байдал эсрэгээрээ эргэж, гадаад валютын ханшаас хараат байдаг манай улсад “ноён” ногооны ханш тэнгэрт хадаж, 1850 төгрөгт хүрчихээд байна. Энэ бол эдийн засагт гарч байгаа эерэг бус сөрөг үзүүлэлт. Гэтэл эрх баригчид ам.долларын ханшийн энэ өсөлтийг юман чинээ бодохгүйгээр барахгүй эдийн засагт эерэг бус сөрөг үзүүлэлт гаргахыг хичээж байгаа мэт ааш аяг гаргасаар байна. Улсын баяр наадмаа улстөржүүлж, ихээхэн хэмжээний мөнгөөр наадсан талаарх шүүмжлэл намжаагүй байтал дахиад л таагүй мэдээ. Засгийн газрын ээлжит хуралдааныг Хөвсгөл аймагт хийхээр болжээ. Энэ бол хүссэн хүсээгүй олон нийтээс онц муу үнэлгээ авчрах мэдээ. Эдийн засгийг сэргээх өнөөх 100 хоногийнх нь талаас илүү нь өнгөрчихөөд байхад энэ гээд харуулчих ажилгүй атлаа мөнгө зарах ажил зохион байгуулж байгаад баярлах хүн гарахгүй нь лавтай. Засгийн газар 17 сайдтай, дээрээс нь Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралддаг. Энэ олон хүн Хөвсгөлийг зориход багагүй зардал гарах нь ойлгомжтой.
Том дарга нар мэдээж газраар явна гэж байхгүй. Тусдаа онгоц хөлөглөж таарна. Цаашлаад Засгийн газрын хуралдаанд 19 сайд дангаараа явна гэж үгүй. Хаа ч явсан хар шил зүүсэн нөхдөөр хамгаалуулдаг Ерөнхий сайд уламжлалаа дагаж, харуул хамгаалалтаа дагуулж таарна. Дээрээс нь ажлын албаны туслах, зөвлөхүүдээс ч багтаж таарна. Сайд нар ч дангаараа явна гэж байхгүй, бас л дагуултай явж таарна. Нэг ёсондоо урьд хожид байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй Засгийн газар орон нутагт хуралдана гэдэг тэр хэрээр их зардал гарахын нэр. Нөгөөтэйгүүр, аль л том дарга нар нутагт нь морилж байхад хүлээж авч байгаа тал ч гэсэн бөөн хөл болох нь гарцаагүй. Тэгээд ч замын ажилтай танилцахын тулд бөөн бөөнөөрөө хөдөөг зорих шалтгаан баймааргүй санагдана. Угтаа бол тэднийг очсон очоогүй хөрөнгө мөнгө нь саатчихгүй л бол ажил явдгаараа явна. Засгийн газраас хөрөнгө мөнгийг нь шийдэхгүй удаасан тохиолдолд л ажил зогсоно уу гэхээс замын ажил хэр явж байгааг харж, шахаж байгаа хүн хангалттай л баймаар. Нэгэнт эдийн засаг хямарсныг хүлээн зөвшөөрч, эрчимжүүлж, идэвхжүүлье гэж 100 хоногийн хөтөлбөр баталсан л юм бол хаа хаанаа ханцуй шамлан орох учиртайсан. Гэтэл энэ мэтээр ажил цалгардуулж, зуны дэлгэр цагаар халхавчлан аль болох амралт зугаа цэнгэлээ урьтал болгож байгаа эрх баригчдыг эдийн засгийг сэргээж, эерэг үр дүн авчирна гэж лав итгэлтгүй бололтой. Эсвэл тэд нэгэнт эдийн засгаа сэргээж чадахгүйгээ ухаараад бууж өгч байгаа нь энэ байж ч болох. Өөрөөр хэлбэл, “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлаас эерэг үр дүн гарч, иргэдийн амьдралд бодит хувь нэмрээ оруулахгүй бол Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, хариуцлага ярина” гэх амлалтыг эрх баригч намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ ажил эхлэхтэй зэрэгцэн өгсөн. Гэтэл энэ 100 хоногийн хүрээнд цөөнгүй хууль, тогтоомжид өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг бүрдүүлэх байсан ч тоотой хэдэн хуулиас бусдыг баталж чадалгүй, хаврын чуулганаа хаасан. Тэр бүү хэл, амтай бүхэн нь хаврын чуулганыг үр дүнгүй боллоо, сандал суудал, сайд томилох эсэх талаар ярьсаар хамаг цагаа барсан гэж дүгнэж байхад эрх баригчид эсрэгээр нь дүгнэсэн.
Ингэхдээ “Энэ хаврын чуулган хангалттай үр дүнтэй болсон. Хэд хэдэн чухал хуулиа ч баталлаа. Монголчуудад амрах эрхтэй ганцхан улирал байдаг нь зун. Тиймээс АН-ын бүлэг энэ долдугаар сард ерөнхийдөө амарна” гэх үгийг бүлгийн дарга нь хэлсэн. Энэ ч утгаараа хөдөө гадаа зугаалж явах зуур Засгийн газрын хуралдаан гэж дуудагдахаас залхаж, хурлаа хийсэн нэртэй наргиж авахаар шийдсэн бололтой. Магадгүй тэд өмнөх Засгийн газартай барьцаж байж ч болох. С.Батболдын тэргүүлсэн Засгийн газар одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2010 оны наймдугаар сард Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гашууны хоолойд Засгийн газраа хуралдуулж байсан удаатай. Энэ бол уур амьсгалын эсрэг Засгийн газрын тусгай хуралдаан байлаа. Хэдийгээр тухайн үед Засгийн газар цомхон бүрэлдэхүүнтэй байсан ч мөн л багагүй шүүмжлэлд өртөж байсан удаатай. Харин энэ удаагийн хуралдаан маш өргөн бүрэлдэхүүнтэйгээс гадна Эдийн засгийг эрчимжүүлж, хэмнэлт хийх учиртай 100 хоног дотор болж байгаагаараа ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Засгийн газрын хуралдааныг Хөвсгөлд хийх гэж байгаа шалтгаан нь Хөвсгөлийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлын явцтай танилцах зорилготой гэнэ. Ингэхдээ Булганы Хутаг-Өндөр сумын Уньт багаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэлд 88, Тариалангаас Мөрөн хүртэлх 165.3 км автозамын замын ажлыг хэсэгчлэн гүйцэтгэж байгаатай Засгийн газрын гишүүдийг танилцуулах аж. Мөрөн Тариалан чиглэлийн замыг энэ сард хүлээн өгөх ёстой бол Уньтаас Тариалан хүртэлх замыг ирэх аравдугаар сард хүлээлгэн өгөх ёстой аж. Ямартай ч ийнхүү яамдын сайд нар Засгийн газрын тэргүүнийхээ хамт Хөвсгөл аймгийг зорих нь. Өмнөх Засгийн газрын Өмнөговь аймагт хийсэн хуралдааныг эс тооцвол албан ажлыг хөдөө хийдэг жишиг энэ Засгийн газрын үед тогтож байна гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, Ерөнхий сайдын зохион байгуулдаг “30 минут”-ын уулзалт Дундговь аймгийн Гурвансайхан суманд болж байсан удаатай. Тухайн үед Ерөнхий сайд сумын төвийн шинэчлэлийн нээлтийн ажиллагаанд оролцож, иргэдийн оролцоотой боловсруулсан сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон зам, инженерийн шугам сүлжээний шинэ технологитой танилцаж байсан юм.
Засгийн газрын тэргүүнийхээ үлгэрлэсэн хөдөөх хуралдааныг ангийн нөхөд нь биечлэн дууриаж байгаа нь энэ болж байна. Засгийн газраа орон нутагт хуралдуулж байгаагаас харвал эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын талаар эрх баригчид нэг их анхаарал хандуулахгүй байгаа бололтой. Ингэж явсаар нэг л мэдэхэд 100 хоног дуусч, хаана хаанаа хариуцлага, тооцоо нэхэж эхлэх биз ээ.

Монголын үнэн сонин


URL:

Сэтгэгдэл бичих