Г.Чимгээ: Хайр дутвал хавдарт өртдөг
Нас баралтыг 50 хувь бууруулсан нь үсрэнгүй амжилт-
ЭНЭШТ-ийн Цусны эмгэг судлалын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор Г.Чимгээтэй ярилцлаа.
-Хүүхдүүд цусны хорт хавдар буюу лейкемигээр өвчлөх нь ихэсчээ. Яадаг эмгэг вэ?
-Дээр үед хүүхэд бараг өвддөггүй байж. Сайндаа л ганц, хоёр тохиолддогсон. Өнөөдөр манайд 60 гаруй хүүхэд эмчлүүлж байна. Хорт хавдрын гаралтай, гүйцэд хөгжөөгүй залуу эс захын цус ба ясны хэмд хэт олшрохыг лейкеми гэдэг. “Галзуу” мэт олширсон эсүүд эрүүл эсээ шахан, чөмгийг дүүргэн, цусанд орно. Ингэснээр махбодийг бүхэлд нь хамарсан хорт эмгэг үүсгэдэг юм. Голдуу цочмог явцтай, хүүхдийн хавдрын гуравны нэгийг эзэлдэг. Архаг лейкеми ховор. Эрэгтэй хүүхэд илүү өвчлөхөөс гадна нэг өндөгний ихэрт түлхүү тусдаг. Гэхдээ удамшдаггүй, халддаггүй.
-Шалтгаан нь олон биз?
-Шалтгаан нь тодорхойгүй. Гэхдээ эмчилж, сэргийлж болно. Үүсгэгчийг нь дотоод, гадаад хүчин зүйл гэж ангилдаг. Эхнийхэд нь удамшил дамжуулагч/ген/-тай холбоотой төрөлхийн дархлаа хомсдол зэрэг ордог. Удаад нь, ретровирусын халдвар, цацраг идэвхт туяа багтана. Жишээлбэл, Хирошимаг бөмбөгдсөний дараа оршин суугчид нь лейкозоор өвчлөх нь эрс нэмэгдсэн. Рентген туяатай орчинд ажиллах, химийн бодисуудад өртөх, нефтийн үйлдвэрийн ажилчид, мышяктай харьцагчид, эмийн сангийн ажилтны хүүхдүүд өвчлөмтгий.
Баталгаагүй, хууль бусаар импортолсон, хугацаа дууссан, нөөшилсөн, химийн аргаар боловсруулсан хүнс, агаарын бохирдол нөлөөлдөг. Уул, уурхай, хүнд металлтай харьцдаг хүний хүүхэд өртөмтгий. Тухайлбал, залуус голдуу гараар алт олборлодог. Хушга, самар, цагаан идээний хөгц, хуурсан, шарсан бүтээгдэхүүнд афлатоксин гэдэг хавдар үүсгэгч сонгодог хор байдаг. ДЭМБ-ын Хавдар судлалын төв түүнийг хорт хавдар үүсгэх тав дахь бодист оруулсан.
Эрүүл, экологийн, эх орны хүнс хэрэглэж заншвал нэн сайн. Хэт таргалснаас судасны хана холестринжих, бодисын солилцоо өөрчлөгдөх зэрэг нь хавдрын урьтал өвчин юм. Стресс ч нөлөөлнө. Ажиглаад байхад өнчин, хойт эцэг, эхийн гар харсан, эмзэг бүлгийн хүүхдүүд түлхүү өртдөг. Тиймээс л хайраар дутвал хавдарт өртдөг гээд байгаа юм. Анхаарал халамж дутмагаас хүүхдийн дархлаа суларна. Онолоор бол эрүүл хүний цусанд хавдрын эс байнга үүсч, дархлаа нь түүнийг устгаж байдаг юм л даа. Хавдар үүсгэгч бодисуудыг канцероген гэдэг юм.
-Ерөнхий шинжийг нь мэдмээр байна?
-Арьс, салст, нүүр, гарын алга, нүдний салст цайхыг цус багадалтын хам шинж гэнэ. Ядрах, хоолонд дургүйцэх, турах зэрэг хордлогын шинж илэрнэ. Хавдар ургасан хэсэгт асар их хор ялгардаг тул хоол хүнсээр авсан шим тэжээлийн бодис түүнд зарцуулагддаг. Иймээс бие махбод тэжээлээр дутагдан турах нь бүх хавдрын үед тохиолддог онцгой шинж юм. Арьсан дээгүүр цусархаг цэгэн тууралт гарна. Биеийн энд тэнд болон аман дотор хөх няц болох нь бий. Хамраас цус ойр, ойрхон гарч, буйлнаас шүүрдэг. Яс янгинаж, халууран, хөл, гар өвдөнө.
-Өвөрмөц шинж нь юу вэ?
-Шинжилгээгээр цусны цагаан эс цөөрөх юмуу хэт олширдог. Өөр олон шинж бий.
-Оношлох хэцүү юү?
-Эрт оношлох хэцүү. Дээрхи шинж илэрсээр байхад эцэг, эх тоодоггүй, цаг алддаг. Өвчтөн хоёрдогч халдвараар үрэвсэж халууран, идээлснээр эмнэлэгт хандсанаас тохиолдлоор оношлогдох нь олонтаа. Орон нутаг, өрхийн ялангуяа залуу, туршлагагүй эмч нар буруу оношлож, өөр эмч, эмнэлэг рүү илгээсээр хугацаа алддаг. Эхлээд л хавдар биш биз гэдгийг тогтоочихвол учиртай. Түүнээс биш орчин үеийн багаж, техник, эд, эсийн шинжилгээгээр оношлоход алдахгүй ээ. Яг тийм багаж, аппарат сайн гэх юм байхгүй. Тал, талаас нь хавсарч оношилвол төдийчинээ сайн.
-Эмчилгээ хэр авдаг вэ?
-Эрт оношлох тусам үр дүнтэй. Хуваагдаж буй эсүүд маш эмзэг учир өчүүхэн саад хийвэл үхдэг. Тийм үйлчилгээтэй олон эм бий. Эм нь өртөг өндөр тул олдоц тааруу. Бид яаж ийгээд л авдаг. Эрчимт болон удаан хугацааны эмчилгээтэй. Хими, туяа эмчилгээ хавсарч хийдэг. Манай баг лейкемийг дэлхийн төвшинд эмчилж байгаа. Дээхнэ 100 хувь нас бардаг байлаа. Бид 2002-2006 онд германуудтай төсөл хэрэгжүүлснээр нас баралт 50 хувь буурсан. Энэ бол үсрэнгүй амжилт юм.
-Бүрэн эдгэсэн тохиолдол бий юу. Хавдрыг амжилттай даван туулсан жишээнээс сонирхуулаач?
-Эрт оношилвол төгс эмчилнэ. Өсвөр насандаа лейкозоор өвдөж манайхаар эмчлүүлсэн хоёр охины нэг нь нэг, нөгөө нь хоёр хүүхэд төрүүлсэн. Өөрсдөө ч, хүүхдүүд нь ч эрүүл аж төрж явна. Бид байнга холбоотой, хяналтад байлгадаг. Бүрэн эдгэрэх шатандаа яваа хүүхдүүд бий. Үүнийг амжилт гэхгүй бол юуг амжилт гэх вэ. Манай баг төгс эмчилгээг 70 хувьд хүргэх зорилготой ажиллаж байна даа.
-Урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгнө үү?
-Дээр дурдсан шинж илэрвэл манайд ханд. Үүсгэдэг хүчин зүйлсээс хол яв. Манайхан их сонин улс. Архи, тамхи бүү хэрэглэ, битгий уцаарла, хайрсан, хуурсан юм идэж болохгүй, таргалахаас зайлсхий гээд байхад л тоодоггүй юм. Хүүхдийг төрөнгүүт “В” вирусын эсрэг вакцинд, өсвөр насны охидыг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх тарилгад үнэ төлбөргүй хамруулах хэрэгтэй. Энэ бүхэн хорт хавдраас сэргийлэх урьдчилан сэргийлэлт юм. Эрүүл мэндийн боловсролыг багад нь, бүр хэвлийд байхад нь олгоод сурчихвал айх юмгүй дээ. Ураг бүхнийг ойлгодгийг анагаах ухаан баталсан. Эерүү сайн үг хэлээд байвал эрүүл хүүхэд төрөх нь гарцаагүй.
URL: