Өвөрмонголыг нэгтгэж чадаагүй ч тусгаар тогтнолоо баталгаажуулсан чөлөөлөх дайн

Европт дайнЕвропт дайны гал унтарсны дараа 1945 оны наймдугаар сарын 10-нд ЗХУ, нэг хоногийн дараа манай улс Японд дайн зарласан билээ. Квантуны армийн өвөрмонгол цэрэг эрс ахан дүүсийнхээ өмнөөс байлдахгүй гэж ЗХУ, БНМАУ-ын удирдлага үзэж байсан ажээ. Тэгээд ч маршал Х.Чойбалсан Японы эсрэг байлдааны ажиллагааг нэгдсэн Монгол Улс байгуулах зорилготой чөлөөлөх дайн гэж нэрлэсэн билээ.

Чөлөөлөх дайнд манай талаас дөрвөн морьт дивиз, мото-механикжуулсан дол­дугаар хуягт бригад, тан­кийн гуравдугаар хороо зэрэг 25 анги нэгтгэл ЗХУ-ын Өвөрбайгалийн фронтын бүрэлдэхүүнд багтан хоёр чиглэлээр давшилжээ. Манай тав, зургадугаар морьт дивизийн дайчид ул­сын­хаа хилээс 1100 км алс орших одоогийн Бээ­жин хотын нэгэн дүүрэг болсон Миюн хот хүрсэн түүхтэй. Зөвлөлт-Монголын хүчтэй цохилтыг даалгүй Квантуны арми наймдугаар сарын 23 гэхэд үндсэндээ эсэргүүцэх чадваргүй болж, байлдааны гал зосчээ. Ингээд, мөн оны есдүгээр сарын 2-нд Япон үг дуугүй бууж өгөх баримт бичигт гарын үсэг зурснаар дэлхийн хоёрдугаар дайн эцэслэсэн юм.

Манай улс энэ дайнд оролцсоноор Ар, Өвөрмонголыг нэгтгэхийг эрмэлзсэн ч дайнд ялсан холбоотнуудын эсэргүүцэлтэй тулгаран түүхэн энэ боломжоо арга буюу алдахад хүрсэн ч дэлхий нийтээр улс орноо хүлээн зөвшөөрүүлэх томоохон алхам хийсэн юм. 1945 оны аравдугаар сарын 20-нд манай улсад бүх нийтийн санал асуулга өрнөж, монголчууд тусгаар тогтносон улс байх хүслээ санал нэгтэй илэрхийлснээр урд хөрш 1949 оны нэгдүгээр сард БНМАУ-ыг хүлээн зөвшөөрөхөд хүрчээ.

 

Б.БАРС /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих